Уясан морьд нь уяан дээрээ эргэцэж, унасан хүүхдийнх нь гийгоон дуу хадан, хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлзүүлж, оньч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцаан Монгол наадам дэнж хотойлгон эхэллээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой ташралдсан Үндэсний их баяр наадам тохиож байна.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан, мөн “Монголын эдийн засгийн чуулган-2023” арга хэмжээг наадам эхлэхийн өмнөхөн зохион байгуулсан нь тив дэлхийд Үндэсний их баяр наадмаа давхар сурталчлах боломж олголоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээгээр 2023 оны зургадугаар сарын 20-ны байдлаар 283, 680 жуулчин хүлээн авсан бол үлдсэн хугацаанд 700 мянга гаруй жуулчин хүлээн авна.
Харин “Монголын эдийн засгийн чуулган -2023”-аар JP Morgan, CITI, Goldman Sachs, Morgan Stanley зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид тэргүүтэй 500 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид саатан мориллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров энэ өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын хувьд одоогоор Оюутолгойгоос өөр дорвитой томоохон төсөл хэрэгжээгүй байгаа ч хэрэв тус төсөлтэй дүйхүйц төслийг хөдөлгөж чадвал эдийн засагт ямар том гэрэл асааж чадах вэ гэдгийг тодотгох мэдээ энэхүү форумын онцлох статистик байлаа. Тухайлбал, Оюутолгой төслийн хүрээнд 2010-2022 онд 34 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсөвт 8.8 их наяд төгрөг төвлөрсөн бол 20 мянган ажлын байр шинээр бий болжээ. Цаашид Оюутолгой төслийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэх боломж нь зэс хайлуулах үйлдвэртэй болох. Тухайлбал, Оюутолгой ордод зэс 31 сая тонн, алт 1028 тонн, мөнгө 6145 тонн байна гэсэн судалгаа гарч, нөөцийг нь баталж байв.
Тодруулж хэлбэл, зэс хайлуулах үйлдвэртэй болчихвол алт, зэс, мөнгийг ялгах боломжтой болж, баяжмал хэлбэрээр гаргаж байгаа байгалийн баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нэг ёсны олборлолтоос үйлдвэрлэлд шилжиж, нэмүү өртөг шингээх боломж бий болно гэсэн үг.
“Монголын эдийн засгийн чуулган -2023” форумд оролцсон Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартоны хэлсэн үг монголчуудын төдийгүй хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг татлаа. Тэрбээр “2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа. 2010 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Оюутолгой төсөлд зориулж 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах мөч ойртсоор байгаа энэ үед ч хөрөнгө оруулсаар байна.
2022 оны арванхоёрдугаар сард “Рио Тинто”-гийн ТУЗ Туркойс Хилл Ресурсыг худалдаж авах зөвшөөрлийг өгч, Монгол Улс дахь хөрөнгө оруулалтаа улам бэхжүүлсэн. Энэ оны эхээр Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн.
Олон улсын зах зээл дээр капитал өдөр ирэх тусам үнэтэй болж, томоохон корпорацуудын нэгдэл, чухал ашигт малтмал, тэр дундаа зэс шиг түүхий эдийн үнийг улам хөөрөгдөж, өрсөлдөөн ширүүсэж буй үед бид Туркойс Хилл Ресурсыг худалдан авсан гэдгийг би энд тэмдэглэхийг хүсэж байна.
Бид хөрөнгөө өөр газар чиглүүлж зарцуулж болох байсан авч Монгол Улсын ирээдүй, боломжид бүрэн итгэж байсны илэрхийлэл болгож ийм шийдвэр гаргасан юм” гэсэн нь Монголыг зорин ирж, эдийн засгийн чуулганд оролцсон хөрөнгө оруулагчдад том мессеж болон очсон болов уу.
Засгийн газрын хувьд хөрөнгө оруулагч нарт зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран түнш болох урт хугацааны найдвартай хөрөнгө оруулагч хайж байна гэдгээ энэхүү эдийн засгийн форумаар дамжуулан, илэрхийллээ.
Монгол түмний их цэнгэл үндэсний их баяр наадам маань холын зочдоо дахин, дахин саатмаар сэтгэгдэл үлдээсэн, урт зам туулах хөрөнгө оруулалт руу хөтөлсөн жим нь болох болтугай.
Бөхчүүд нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачдын цэц оночтой байг.
Хотол олноороо сайхан наадаарай.
Г.ХОРОЛ
.
Холбоотой мэдээ