Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр /2023.07.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт үерийн усанд автомашинтай боогдсон гурван иргэн, бусад айл өрхүүдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн. Мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд аянга буусан эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Аймаг, сумын онцгой комиссоос яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна. Завхан аймагт үерийн нөхцөл байдал үүссэн. Сэлэнгэ аймаг Мандал гол Ерөө сум Бугант тосгон Хөвсгөл Булган Шаамар Дулаанхан зэрэг найман сум хоёр тосгонд Онцгой байдлын аврагчид, цагдаагийн байгууллагын ажилтнууд болон дурын бүлгүүд ажиллаж байна.
300 гаруй айл өрхийн 800 гаруй иргэн 750 гаруй малыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж газар тариалангийн бүс үерийн усанд автах эрсдэлийг таслан зогсоох, аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг иргэд олон нийттэй хамтран зохион байгуулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр Ерөө голын усны түвшин 2-3 см нэмэгдсэн үерийн аюултай түвшин 30-60см давж үерлэж байна. Туул гол Алтанбулаг Лүн сум орчмоор үерийн түвшин нэмэгдэж болзошгүй. Хараа Ерөө голуудын усны түвшин 6 см хүртэл буурсан.
Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр усархаг бороо орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Долдугаар 11-нд Төв аймгуудын нутгаар 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Хөдөө орон нутаг руу олноор зорчиж буй иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаг уурын байгууллагаас долдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган аймгуудад маргааш Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Архангай, Төв аймгуудын нутгаар усархаг их хэмжээний бороо орно гэж мэдээлсэн. Улаанбаатарт долдугаар сарын 11-ны өдөр дуу цахилгаантай бороо орно. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээнээс Туул усны түвшин 9-10 см-ээр, Хараа голын 38 см буурсанч Төв аймгийн Лүн, Алтанбулаг сум орчмоор үерийн эрсдэл буураагүй байна. Сэлэнгэ аймгийн зарим сумдад үүссэн үерийн улмаас 52 мянган өрх, аж ахуй нэгжүүд тог, цахилгаагүй болсон. Үүнийг яаралтай цахилгаанд холбох ажлыг хийж байгаа бөгөөд ард иргэд орон нутгийг зорихдоо баталгаатай замаар зорчих, гол усны ойролцоо, эрсдэлтэй бүсэд хоноглохгүй байхыг анхааруулж байна. Онцгой байдлын аврагчид болон орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч байгаа боловч ард иргэд өөрийн амь нас, эрүүл мэндээс гадна эд хөрөнгө, малаа хамгаалах, орчин тойрондоо үүсч болзошгүй эрсдэлтэй нөхцөлд сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд ус соруулах, шавар цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Сэлбэ гол дагуух хотхонуудад 560 гаруй ажилчдыг дайчлан ажиллуулж байгаа бол гэр хорооллын ариутгал, халдваргүйжүүлэлтийг 60 гаруй мэргэжлийн байгууллага хамтран хийж байна. Нийслэлийн онцгой комиссоос цахилгаан тасалдсан 600 гаруй хэрэглэгчийг хэрэглээг үе шаттайгаар холбох, лаг, шавар цэвэрлэх ажлыг өнөөдөртөө багтаан дуусгаж, СӨХ болон бусад харьяа байгууллагуудад нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа.
С.НИНЖЖАРГАЛ
Холбоотой мэдээ