“Монголын сайхан орон 2023” уран бүтээлийн үзэсгэлэн жил бүрийн Үндэсний их баяр наадмаар зохиогддог. Монголчуудын эзэнт гүрнийг байгуулсан үеийн агуу түүх, аж байдал, ахуй заншил, хүн ард, уран байгаль, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан, монгол хүнийг Монгол орны үзэсгэлэнт байгальтай хослуулан гаргасан гүн утга санаа, бодрол өгүүлэгдэх уянга яруу уран зургууд тавигддаг хэмээн урлаг судлаачид ярьж байлаа. Уран бүтээлийн үзэсгэлэн "АРТ Галлерей"-д долдугаар сарын 10-24-нийг хүртэл үзэгчдэд нээлттэй.
Энэ жилийн үзэсгэлэнд 61 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирснээс шүүгчдийн шалгаруулалтаар 52 бүтээлчийн 50 гаруй бүтээл тавигдаад байгаа юм. Уг үзэсгэлэн нь Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг харуулдагаараа онцлог юм.
Шагналт байр эзэлсэн уран бүтээлчид:
- Уран зургийн төрөл шилдэг бүтээл Б.Отгонтүвдэн “Жин үдээр” бүтээл
- Монгол зургийн төрөлд шилдэг бүтээл Н.Алтанцэцэг “Задгай тэнгэрийн шүтээн” бүтээл
- Зураасан зургийн төрөлд шилдэг бүтээл Б.Түвшин “ Говь” бүтээл
- Чимэглэх урлагийн төрөлд шилдэг бүтээл Э.Ононгуа “Хүүхэн хонгор”, “Зүлгэн дээр” бүтээл
- Гранпри шагналын эзнээр Б.Гонгор “Эмнэг салхи” бүтээлүүд тус тус шалгарчээ.
Наадамчин олон, Үндэсний их баяр наадмыг үзэн сонирхохоор ирсэн гадаадын зочид, жуулчдад Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг үзүүлэн таниулах, сурталчилж байна.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ