Тусгаар улс, төрийн далбаатай монголчуудын баярын өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.07.10-нд нийтлэгдсэн

Тусгаар улс, төрийн далбаатай монголчуудын баярын өдөр тохиож байна

Тусгаар улс, төрийн далбаатай монголчуудын баярын өдөр тохиож байна

Монголчууд нийтээр 70 гаруй баярыг тэмдэглэдэг байх юм. Тэмдэглэлт өдөр бүрийг даган баясах боломж хүн бүрд үгүй тул ач холбогдол, эрэмбэ, учир шалтгаан, мэргэжил, итггэл үнэмшлээсээ хамаараад баярт хандах хандлага, тэмдэглэлт өдөр өөр байх нь гарцаагүй. Баяр баярын дотроос тусгаар улстай, туг далбаатай, туургатан үндэстэн гэдгийг минь сануулдаг, эх оронч сэтгэлийг зүрхний чиндад үүсгэдэг нэгэн онцгой өдөр бол өнөөдөр. ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР. Энэ өдрийг жилийн 365 өдрөөс онцолж цохон тэмдэглэхийн учир нь, Монгол хүн бүрийн үнэт зүйлийг сэргээн сануулж, хэл, хил хоёрын дархлааг бэхжихэд Төрийн далбааны өдрийн агуулга, утга бэлгэдэл орших болов уу.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2009 онд одоогийн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир нар “Төрийн далбааны өдөр”-тэй болох хуулийн төслийг санаачлан батлуулж байсан нь Монгол хүний бахархлыг сэргээсэн үйл явдал байв. Тухайн үеийн парламентын хамгийн залуу гишүүн гэгдэж байсан Ж.Сүхбаатар хууль санаачилсан үеийнхээ тухай “Энэ бол хундага тулгаж, тэмдэглэн шоудах тухай ойлголт биш. Залуусын сэтгэл зүрхэнд унтрах ёсгүй, хэзээд дүрэлзэн асаж байх ёстой галт бамбар бий. Тэр нь эх оронч үзэл санаа гэж би боддог. Туг далбаа, бичиг үсэг, хил хязгаартай, туурга тусгаар улсын иргэн байна гэдэг их хувь заяа. Төртэй, ард түмэнтэй, нөмөрлөж хайрлах эх оронтой явна гэдэг Үндэстний бахархал. Энэ бахархлыг сэргээхийн тулд “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг байя гэж тухайн үедээ бидний хэдэн нөхөд санаа сэтгэлээ нийлүүлж байлаа” хэмээн хэлж, сануулж, уриалж байсан нь өнөөдөр сонины шаргал хуудаснаа хадгалагдан үлджээ.

Төрийн далбааны утга бэлгэдэл, уг сурвалжийн тухайд дэлгэрүүлбэл, чамлахааргүй урт мэдээ сэлт энд дурдаж болох ч Монгол хүн бүр зайлшгүй мэдэж байхыг эрхэмлэвэл зохилтой цөөн баримтыг онцлон эш татъя.

ЭНХ ТӨРИЙН ДАЛБААН ДЭЭР ЭРДЭНИЙН ХОЁР ЗАГАС…

Монгол төрийн далбаан дээрх алтан соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Соёмбо тэмдэг нь монголчууд гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгыг илэрхийлдэг байна. Алтан соёмбоны хос загас бол эх орон, тусгаар тогтнол, нутаг ус, хил хязгаараа нүд үл цавчин хамгаалахын бэлгэдэл юмсанж.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж

Энх төрийн минь далбаан дээр

Эрдэнийн хоёр загас

Эрхлэлдэнхэн наадна

Энэ хоёр загасны нүдээр

Эх орноо би харж байна хэмээн бичсэн нь учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол төрийн далбааг тэнгэрийн уудамд намируулан мандуулдаг энэ л  өдрийн Төрийн дуулал дор Монгол наадам эхэлдэг. Түүх уламжлал, төрт ёсны бэлгэдлийг багтаасан “Төрийн далбааны өдөр”-ийн агуулга, уламжлал хэзээд тасрахгүй.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж байжээ. Төрийн далбааны анхны эх загвар 1911 онд бүтэж байсан түүхтэй. Тухайн үедээ монголчууд далбаагаа төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн үзэж, “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирдаг байсан нь түүхийн олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнийг Та бид мэднэ.

Харин 1992 оноос хэрэглэж байгаа Монгол Улсын төрийн далбааг Үндсэн хуулиндаа дараах байдлаар дархалжээ. Үүнд “Гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг.

Ташрамд сонирхуулахад, Дэлхийн бүх  улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д  8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг аж.

 

Сэтгүүлч М.Мөнхтунгалаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж