Японы засгийн газрыг хамгийн удаан хугацаанд барьсан, улс төрийн нэр хүндтэй зүтгэлтэн Абэ Шинзогийн амь насыг хөнөөсөн цочирдом хэргээс хойш нэг жил өнгөрөв. Түүний дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Токиогийн Зожожи буддын сүмд болж, инээмсэглэсэн хөргийнх нь хүмүүс цэцэг өргөжээ. "Абэ бусадтай харилцаж, ард иргэдийн өмнө ярьж, хөдөлж байгаагаараа япончуудын хувьд алдартан байсан. Тэр консерватив үзэлтнүүдийн нүүр царай байсан" гэж 57 настай Томоко Шимода дурсав. Түүнчлэн Абэгийн бусдад буудуулсан газар буюу Нара мужийн Ямато Сайдайжи галт тэрэгний буудалд хүмүүс цэцэг өргөсөн байна.
Абэг Японы баруун хэсгийн хотод гэгээн цагаан өдөр ард түмэнд үг хэлээд зогсч байхад нь зэвсэгт этгээд гал нээж амь насыг нь хөнөөсөн. Гэмт хэрэгтэн түүнийг ердөө Нэгдлийн сүмтэй холбоотой гэх хардлагын улмаас бүрэлгэсэн гэж мэдүүлсэн юм. Хэрэгтэн Тэцүя Ямагамиг газар дээр нь баривчилсан бөгөөд ээж нь сүмд их хэмжээний мөнгө хандивласнаас болж гэр бүл нь дампуурсанд уурссан гэдгээр үйлдлээ зөвтгөжээ.
Япон улс нь галт зэвсгийн маш хатуу хуультай учраас буу ашигласан гэмт хэрэг гарах нь ховор. Ямагами гар аргаар хийсэн буу ашигласан нь тогтоогдсон.
Абэгийн үхэлд олон улсын удирдагчид эмгэнэл илэрхийлж, тэдний ихэнх нь Ерөнхий сайдтай уулзсан түүхээ хуваалцсан. Гэвч эх орондоо энэ аллага улс төрийн үймээн самууныг үүсгэжээ. Нэгдүгээрт, "Мүүнүүд" гэж нэрлэдэг Нэгдлийн сүмд дахин анхаарал татаж, Японы консерватив хууль тогтоогчид болон шашны урсгалын хоорондын гүн хэлхээ холбоог илчлэхэд хүргэв. Энэ мэдээлэл ил болсноор рейтинг нь унаж байгааг харсан Ерөнхий сайд Фүмио Кишида эхлээд хэлхээ холбоог судалж, дараа нь намын сүмтэй холбоотой бүх харилцааг таслахаа мэдэгджээ.
Абэгийн амийг хөнөөсөн хэрэг мөн Японы аюулгүй байдлын зохицуулалтыг судалж, улс төрчдийн хамгаалалтыг сайжруулах амлахад түлхэц болсон. Жил хүрэхгүй хугацааны дараа бас нэгэн халдлага үйлдсэн этгээд кампанит ажлын үеэр Кишидад ойртож, гар хийцийн тэсрэх бөмбөг шидсэн хэрэг гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон энэ халдлагын үеэр Ерөнхий сайд гэмтэл аваагүй бөгөөд сэжигтнийг хэргийн газарт саатуулжээ.
Абэ дайны дараах энх тайвныг дэмжсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого хийснээрээ нийгмийн консерватив хөдөлгөөнийг идэвхжүүлсэн. Тэрээр Японы бүс нутгийн харилцааг дэлхийн 2-р дайны үеийн гашуун дурсамжаас холдуулахыг оролдсон бөгөөд дайнаас хойшхи улс үндэстний эв найрамдлын түүхийг онцлон тэмдэглэв.
Япон улсын хилийн чанад дахь хамгийн алдартай удирдагч байсан ч, Абэ консерватив үнэт зүйл, арга барилаараа либерал сонгогчдыг холдуулсан хагалан бутаргагч байсан. Мөнгөний хялбар бодлого, Засгийн газрын асар их зардлыг сурталчилсан "Абеномикс" эдийн засгийн хөтөлбөр нь жигд бус үр дүнд хүрч, түүний засаг захиргаа улс төрийн хэд хэдэн дуулиантай холбоотой байв. Анх 2006 онд засгийн эрхэнд гарсан ч Засгийн газрынхаа үйл ажиллагаа эмх замбараагүй байдал, сонгуулийн томоохон ялагдал, эрүүл мэндийн асуудлын улмаас нэг жилийн дараа огцорсон. Тэрээр 2012 онд эргэн ирж, Японы орчин үеийн түүхэнд хамгийн удаан ажилласан удирдагч болсон юм.
"Абэ ганцаараа улс орноо хямралаас хамгаалахын тулд маш их шаргуу ажилласан бөгөөд бүгд түүнд найдаж байсан. Тэр жинхэнэ эх оронч хүн байсан" гэж Зожожи сүмд ирсэн Томоко Шимода дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ