Өмнөд Африк улс ирэх сард БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уригдсан. Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гаргасныг үл харгалзан БРИКС-ийн чуулганд удирдагчид биечлэн оролцох байдлаар зохион байгуулагдахыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгджээ.
БРИКС-ийн бүлэгт Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг хүчирхэг гүрнүүд багтдаг бөгөөд Өмнөд Африк улс энэ удаагийн хурлыг даргалах юм. Тус бүлэг нь АНУ болон Европын тэргүүлсэн олон улсын удирдах бүтцийн давамгайллын эсрэг байгуулагдсан.
Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүний хувьд Путиныг эх оронд нь хөл тавимагц баривчлах үүрэгтэй. Путиныг Украинд хийж буй дайнтай холбоотойгоор хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутган баривчлах шийдвэрийг гаргасан юм.
Гэхдээ Путин Өмнөд Африк ирж эрсдэл хүлээх эсэх нь тодорхойгүй байна. БРИКС-ийн 15 дахь удаагийн чуулга уулзалт Йоханнесбург хотын Сандтон конвеншн төвд наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно.
Путиныг баривчлах шийдвэртэй холбоотойгоор өмнө нь БРИКС-ийн чуулганыг Өмнөд Африкаас Хятад руу шилжүүлж магадгүй гэх таамаглал гарч байв. ОХУ-тай олон жилийн турш ойрын холбоотой явж ирсэн Өмнөд Африкийн систем нь Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс болж хоёрдмол байдалд хүрээд байна. Тус улс нь ОХУ-аас хөрш Украинд дайн хийж буйг буруутгаагүй бөгөөд талуудыг яриа хэлэлцээгээр зөрчлийг шийдэхийг уриалсан юм. Улмаар Өмнөд Африк нь өнгөрсөн сард Африкийн долоон орны төлөөлөгчдийг удирдан Орос-Украины хооронд энхийг зуучлах оролдлогыг хийсэн. Дайнаас болж Украины улаанбуудайн нийлүүлэлт тасалдсанаар хүнсний үнэ өссөнд Африк тивийн орнууд хамгийн ихээр зовж буй.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ