Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож байна. Хүчит бөхчүүдийн ч бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирсэн биз ээ. Эхнээсээ нийслэл хүрээ рүү дөхөж, хэд хоног амарч, шинэхэн дээлээ мялааж, сэтгэл зүйгээ бэлдэж байгаа сурагтай. Бөхдөө хайртай түмэн олон ч дор бүрнээ таамаг дэвшүүлж, цэц булаалдаж байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмын түрүү бөхийн тааврыг та бүхэндээ хүргэе.
АВАРГУУДЫН ФРОНТ
Ид барилдаж буй гурван аваргатай Увс нуур дэвжээнийхэн энэ жил дархан, даян аваргатай болохоор зорьж буй. Ялангуяа даян аварга Н.Батсуурь өнгөрсөн жил тунчиг дөхсөн дээд цолныхоо төлөө дахин нэг удаа дайрна. Бяр тэнхээ гэхээсээ илүүтэйгээр “толгой”-оороо барилддаг, ам авах, өрсөлдөгчөө судлах зэрэг дээр сайтар төлөвлөгөөтөй гэгддэг түүнд бүхий л давуу тал нь бий. Цолныхоо эрэмбээр ч төвөггүй шөвгөрчих биз. Харин дунд, их шөвөгт хэрхэх вэ. Ямартай ч түүнийг дунд шөвөгт төвөггүй хүрнэ гэж үзэж байна.
Түүний араас П.Бүрэнтөгс аварга босно. Нэг мэдрээд дайрчихвал ч түүнийг зогсоох бөх төв цэнгэлдэхэд олдохгүй л байх. Гэхдээ идэр аварга доор даваанд тахим буулгачихдаг сул талтай.
С.Мөнхбат аваргыг ч дурдахгүй өнгөрвөл гэм болно. Заал танхимын барилдаанд олон зодоглож ард түмнээ баярлуулаагүй ч наадмаараа нэг барилдвал ямар чансаатай байгаа вэ гэдгээ өнгөрсөн жил харуулсан. Энэ жил дахиад шөвгөрчихөд асуудалгүй дээ. Ө.Бат-Орших гарьд ч сайн бэлтгэлжилттэй байгаа гэдгээ сорилго барилдааны үеэр харуулсан. Харин цагтаа төрийн наадмын түрүү бөхөд яригдаж байсан Н.Жаргалбаяр зааны эрч буурах шиг. Нөгөө талд Т.Баасанхүү харцагын хөгжөөн дэмжигчид хайртай бөхөө зааны даваанд дахин харахыг хүсч байгаа нь мэдээж.
АВАРГАТАЙ ХОВД АРСЛАНТАЙ БОЛОХ УУ?
100 жилийн ойн наадмаар урамтай сайхан наадсан Ховд нутгийнхан энэ жил даян аваргатай болохоос илүүтэйгээр арслантай болох боломж илүү харагдаж байгаа нь нууц биш. Өнгөрсөн жил заан цол хүртэж “даруухан” наадсан Б.Бат-Өлзий заан энэ жил улсын арслан цолыг гуйж биш гуядаж авахаар дайралтаа хийнэ. Угтаа нутгийнхан, фэнүүд нь Хүй долоо худагт болсон наадамд түрүүлээд арслан цолны болзол хангасан гэж ярьдаг. Харамсалтай нь төр төмбөгөр, ёс ёмбогор хойно яалтай билээ.
Гэхдээ Б.Бат-Өлзий заан заал танхимын барилдаанд үеийн үед аархаж ирсэн хүчтэн. Барилдаан, бэлтгэлжилт нь ханачихсан сайн байгаа цөөн бөхчүүдийн нэг нь тэр. Түрүү, үзүүрт үлдэнэ гэж харж байна.
Харин О.Хангай аварга хүсэж хүлээсэн, мөрөөдөж, зүүдэлж ирсэн цолондоо өнгөрсөн жил хүрч, аварга цолтой зодоглосон эхний хэдэн барилдаандаа унах гэдгийг умартаж, илүүрхэж түрүүлсээр гайхалтай байсан. Харин сүүл рүүгээ ирэх наадамдаа биеэ нөөх шиг болно лээ. Өнөө жил илүүгээ баталж, идэр хүчтэн гэдгээ харуулна. Халх дөрөв, шавь тавд цуутай манлай заан Б.Пүрэвсайханы бие хаа зузаарч, хүчний бэлтгэл түлхүүтэй хийх болсныг фэнүүд нь анзаарсан. Дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай, уран гоё барилдаан бөхийг дээшээ үзнэ гэж хүлээж байгаа.
НУТГИЙН ОЙДОО БЭЛЭГ БАРИХ АРЫН ХАНГАЙН ХАРЦАГУУД
Архангай аймгийн 100 жил өнөө жил тохиож буй. Энэ ч утгаараа бөхчүүд нь ногт ганзаглаж төв цэнгэлдэхэд ирэх биз. Зөвхөн наадамд зориулж бэлтгэлээ хийдэг М.Бадарч гарьдыг эс тооцвол нутгийнхаа ойг түрүүгээр мялаах хоёр л хүчтэн бий. Тодруулбал, улсын харцага “Цахилгаан” Б.Зоригтбаатар, улсын начин “Өндөр” О.Мөнх-Эрдэнэ нар. Ээ дээ, цахилгаан Зоригоо нэг салхилвал арга мэхнийх нь учрыг олно гэдэг амаргүй. Өнгөрсөн заал танхимын барилдаануудад үзүүштэй ганган байсан даа. Харамсалтай нь нэг хэсэг бэртэл авч, хурдаа сааруулах шиг болсон. Харин О.Мөнх-Эрдэнийг энэ жил түрүүлэх хамгийн өндөр боломжтой бөхөөр нэрлэж байна. Алтан цомын шигшээ шатанд түүнийг хазайлгах хүчтэн олдоогүй. Арал чац, бие хаа нь өв тэгш түүнийг арслан цол хүрчих болов уу гэж олон хүн хүлээж байна. Сүүлийн үеийн барилдаан, бэлтгэлжилтийг нь харвал тэр түрүүлэх магадлал их. Р.Пүрэвдагва арслан ч сүүлийн үед өнгөтэй байгаа учир мартаж үл болно.
Б.Бат-Өлзий заан, О.Мөнх-Эрдэнэ, харцага нар түрүү булаалдах магадлал өндөр байна. Харин их шөвөгт Н.Батсуурь аварга, М.Лхагвагэрэл заан нар үлдэх боломж бусдаас илүү.
ЗҮГ ЗҮГИЙН БИТҮҮ МОРЬД
Нутаг бүхэнд итгэл хүлээлгэсэн хүчтэн бий. Эхнээс нь дурдахад Сэлэнгийн Б.Орхонбаяр арслан, Дорнодын Д.Анар заан, Баян-Өлгийн Б.Серик заан, Завханы М.Лхагвагэрэл заан, Төвийн Д.Хүдэрбулга начин, Баянхонгорын Э.Батмагнай начин.
Б.Орхонбаяр арслан өнгөрсөн жил Монгол даяар суу алдраа дуурсгасаар нүдэнтэй нулимстай арслан цол хүртсэн. Түүнээс хойш заал танхимын томоохон барилдаанд дээгүүр үзсэн. Гэвч мөрөндөө эвгүй бэртэл авч тэр үеэс бараг л зодоглоогүй. Харин ирэх наадмаар хэрхэн барилдах бол доо. Биеэ тунчиг сайн гамнаж, бэртлээ эдгээсэн биз. Найз хоёр зааныг дээшээ үзнэ гэж фэнүүд нь энэ жил ч хүлээж байгаа.
М.Лхагвагэрэл заан одоо бол хэдийнэ түрүү бөхийн хэмжээнд яригдахаар болсон. Цэргийн арслангаас заан руу томоо үсэрсэн энэ залууг өнөө жил дор хаяж цолоо баталчих болов уу гэж харж байна. Нас залуу, туршлага л дутах вий гэхээс бяр тэнхээ, мэх техник нь энэ хүнийг дэлхийн хүчтэн болгосон гэдгийг санаарай.
Төв аймаг эргэн түрүү бөхийн тоонд орох хүчтэнтэй боллоо. Б.Батмөнх заан, Ө.Даваабаяр харцага хоёроос хойш энэ тоонд орсон бөх байхгүй биз. Тэгвэл Н.Хүдэрбулга начин 12-ны өдөр өндөр даваанд зогсож байхыг үгүйсгэхгүй. Алтан цомд авсан даваагаараа аварга, арслангуудын дээр заларч, бүгдийг тэргүүлсэн гэхээр л энэ жил өнгөтэй байгаа даа. Дор хаяж цолоо ахиулах нь лавтай. Олон сайхан начин дундаас Н.Батмагнайг онцлохгүй байхын аргагүй. Тунасаар начин болсон залуу хүү энэ жил нутгийнхнаа баярлуулна даа. Мөн Булганы ид яваа начин цолтнууд таавар эвдэхийг үгүйсгэхгүй.
Наадмын ногоон дэвжээ хатуу, зорьсон бүхэн нь хүссэндээ хүрч чаддаггүй тийм л ховор заяа. Од нь гүйчихсэн, онгод нь орчихсон ямар ч цолтой, хэний ч аавын хүү тэр өдөр түрүүлнэ дээ.
Холбоотой мэдээ