УИХ-ын хаврын чуулган 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр хаалтаа хийлээ. Энэ удаагийн хаврын чуулган эрх барьж байгаа намын хоёр гишүүн, Ардчилсан намын нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, 73-уулаа болсноор хаалтаа хаасан юм. Мөн хөгжлийн банкны нээлттэй сонсгол зохион байгуулж, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүс ял авсан бөгөөд мөн л эрх барьж буй МАН-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүхээс ял сонссон гээд дуулиантай хаврын чуулган байлаа.
Харин ард иргэдийн хамгийн их хүлээж байсан нүүрсний хэргийн нээлттэй сонсголыг хаврын чуулганаар хийх байсан ч даргыг нь сольсноос өөр ажил хийсэнгүй. Үндсэндээ Хөгжлийн банкны дуулианаар нүүрсний хулгайн асуудал нам дарагдаж, наадамтай золгов.
УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг эрх зүйн томоохон реформ хийсэн шинэчлэлийн чуулганы байсныг тодотгосон юм. Тэрбээр хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ, “УИХ хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олны анхаарлыг татсан, авлига үнэртсэн асуудлуудаар УИХ Түр хороод байгуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийсэн. Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсан. Түүнчлэн саяхан болсон Хөгжлийн банкны хэргийг шүүсэн шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн байх. “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа. Саяхан миний бие захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна. УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган ихээхэн ачаалалтай байж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх асуудлуудаар эрх зүйн томоохон реформ хийсэн шинэчлэлийн чуулган болж чадлаа гэж дүгнэж болохоор байна.” хэмээсэн юм.
Г.ЗАНДАНШАТАРЫН ТАНХИМ 73-УУЛАА БОЛОВ
УИХ-ын хаврын чуулганаар Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотойгоор гурван ч гишүүн нь бүрэн эрхгүй болж, 2020-2024 оны парламент 73 гишүүнтэй болов. Нүүрсний хулгайтай холбоотой дуулиан дэгдэж, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хулгай, авлигатай тэмцэхдээ намын нөхөдтэйгөө ч тэмцэнэ гэснийхээ дагуу өөрийн намын хоёр гишүүн, Ардчилсан намын 1 гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгов. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайтай холбоотойгоор хуулийн байгууллага бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх байсан ч урьдаж, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр УИХ түүнийг хүсэлтийг биелүүлэв. Түүний араас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Г.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос санал оруулж ирсэн бөгөөд Ардчилсан намын гишүүн Д.Бат-Эрдэнэ, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Г.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснээр тэрбээр бүрэн эрхтэй үлдсэн билээ. Ийнхүү 76-уулаа 2020 онд бүрэн эрхээ эхлүүлж байсан Г.Занданшатар даргатай парламемант 2023 оны хаврын чуулганыг 73-уулаа болсноор хаасан юм.
ҮНДСЭН ХУУЛЬД ДАХИН ГАР ХҮРЧ, УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭВ
Энэ хаврын чуулганаар хийсэн томоохон өөрчлөлтийн нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байв. Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентанд өргөн барьсан хаврын чуулганыг хамгийн чухал ажил болж өрнөсөн. Эрх баригч МАН дөрвөн жилийн дотор Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулав. Өмнө нь Засгийн газрын сайд нараа давхар дээлтэй болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан нь саяхан. Харин 2023 оны хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийн тоог 76 биш 126 болгох түүхэн шийдвэр гаргахын тулд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр 2024 оны парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан бөгөөд сонгуулийн холимог буюу тойрог, жагсаалтаар зохион байгуулах шийдвэрийг хаврын чуулганаар баталгаажуулав. Өөрөөр хэлбэл, 2024 оны сонгуульд улс төрийн намууд намын жагсаалт 48, тойрогт 78 хүн нэр дэвшүүлж өрсөлдөх юм. Өмнө нь ийм тогтолцоогоор нэг удаа сонгууль явуулж байсан билээ. Олон жил парламентын босго давж чадаагүй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьж, батлуулав. Улс төрийн намын тухай хуульд намууд илүү бодлогын институц болох, төрөөс санхүүждэг байх, улс төрийн нам байгуулах гээд олон эргэлзээтэй асуудлыг шийдсэн хууль болсон гэж улс төрийн намууд дүгнэж буй.
ХӨГЖЛИЙН БАНКААР “ТУГ ТАХИЖ”, НҮҮРСНИЙ СОНСГОЛ “МАРТАГДАВ”
Хаврын чуулганаар иргэдэд хэрэгтэй олон хууль, тогтоомж баталсны нэг нь Боловсролын багц хуулийн төсөл. УИХ анх удаа Боловсролын багц хуулийн төслийг багцаар шинэчилж, англи хэлийг үндсэн гадаад хэл болгож баталсан бөгөөд англи хэлийг үндсэн гадаад хэл болгохтой холбоотойгоор олон маргаан үргэлжилсэн билээ. Мөн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас 50 хувийг нь төлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн шинэчилсэн, цалин, тэтгэврийн итгэлцүүрээр нэмэхийн тулд 2023 оны төсөвт тодотгол хийсэн билээ. Хаврын чуулганы хугацаанд хийсэн нэг шинэчлэл бол нээлттэй сонсгол. Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан Түр хороо байгуулж, олон нийтийн өмнө нээлттэй сонсгол зохион байгуулав. Ингэхдээ түр хороо шүүх шиг ажиллаж, олон хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад "ялласан" гэж олон нийт дүгнэв. Түүний араас хөгжлийн банкны шүүхийн процесс өрнөж, өнөөдөр ч үргэлжилж буй. Ийнхүү хөгжлийн банкны дуулианаар нүүрсний гэх түр хорооны ажил "мартагдав". Угтаа бол нүүрсний хэрэгтэй холбоотойгоор нээлттэй сонсгол зохион байгуулах байсан ч мөн л удаа дараа хойшилсоон хаврын чуулганыг хаасан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ нүүрсний гэх асуудлыг мартаагүй, нэмж ажлын хэсэг ч байгуулсан. Энэ ажлын хэсэг буюу нүүрсний хулгайтай зунжин тэмцэж, ирэх намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнгээ тайлагнах ёстойг сануулаад өнгөрөв.
Холбоотой мэдээ