НАТО-гийн гишүүн Польш улс нь хөрш Беларусьт хувийн хөлсний цэргийн "Вагнер групп" компанийн цэргүүд байрлах болсонтой холбоотойгоор өчигдрөөс эхлэн зүүн хилдээ 1000 гаруй цэргийг төвлөрүүлэн байршуулав. Беларусь дахь Оросын хөлсний цэргүүд бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж магадгүй гэх айдсыг төрүүлж байгааг Польшийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргасан Вагнерын цэргүүдийг Оросын батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, нутаг буцах эсвэл Евгений Пригожинийг даган Беларусь руу цөлөгдөх нөхцлийг тавьсан юм. Энэ дагуу Вагнерын 25 мянган цэргийн нэлээдгүй хэсэг нь Беларусьт ирсэн байна.
"Польшийн армийн 12, 17-р механикжсан бригадын 1000 гаруй цэрэг, 200 шахам нэгж техник тус улсын зүүн зүг рүү хөдөлж эхэлж байна. Энэ нь манай улсын хилийн ойролцоо тогтворгүй болгох оролдлогод хариу өгөхөд бэлэн байдгийн нэг илрэл юм" гэж Батлан хамгаалахын сайд Мариуш Бласчак твиттер хуудсандаа өчигдөр бичжээ.
Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт Польш улс Беларусьтай хиллэдэг хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс 500 цагдаа илгээнэ гэж мэдэгдсэн. Энэ нь Польш улсад сүүлийн долоо хоногт Беларусийн хилээр нэвтрэхийг завдсан цагаачдын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Хил хамгаалах албаны мэдээлснээр, Баасан гарагт 200 гаруй хүн хууль бусаар хил давахыг завдсаны дотор Марокко, Энэтхэг, Этиоп улсын иргэд байжээ.
2021 оноос хойш Ойрхи Дорнод, Африкийн иргэдийг хилээр нэвтрүүлж, Польшийн хилд цагаачдын хямралыг зохиомлоор бий болгож байна гэж Беларусь улсыг буруутгаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ