Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 10, 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Баяр наадмыг зохиог байгуулах комисс бэлтгэл ажлыг тасралтгүй хийж байгаа бөгөөд Пүрэв гариг /2023.07.06/ комиссын шалгалтандаа оржээ.
Шалгалтаар хэд хэдэн үзүүлбэрийг сайжруулах шаардлагатай бөгөөд цуцалж магадгүй хариу гарсан байна. Баяр наадмын үйл ажиллагаанд 1500 гаруй уран бүтээлч, зохион байгуулах арын албаны хүмүүс оролцож буй. Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орсон ч баяр наадмыг зохион байгуулах комисс бэлтгэлийг цуцлаагүй байна.
Наадмын бэлтгэл хангах баг долдугаар сарын 4,5-нд борооноос шалтгаалж бэлтгэлээ хийгээгүй бөгөөд бусад өдөрт 09:00-00:00 цаг хүртэл үзүүлбэр болон бусад урлагийн номерын бэлтгэлийг хангаж байгаа аж.
Ямартай ч шалгалтаар морьт үзүүлбэр болон зарим номерыг сайжруулах шаардлагатай гэжээ.
Баяр наадам болоход гурав хоног үлдсэн. Хэрэв комиссын шалгалтад тэнцэхгүй шаардлага хангаагүй үзүүлбэрийг тоглолтоос хасах юм байна.
Энэ жилийн хувьд “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулж буй. Түүний зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталсан.
Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.
Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ удаа Төрийн концерт, наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулж байгаа юм.