АН-ын дарга Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан нам харьяа стратеги, бодлогын хүрээлэнгээ өчигдөр байгууллаа. Энэ хүрээлэнгийн онцлог, үүрэг нь юу вэ?
-Монголын эрдэмтэд, гадаад, дотоодын судлаачдын хамтаар богино хугацаанд намын бодлогоо гаргаж ирэхээр зорьж байна. Стратеги, бодлогын хүрээлэн энэхүү зорилгын хэрэгжилтэд өндөр үр дүн үзүүлэх нөлөөтэй. Бодлого байхгүйгээс гарч байгаа үр дагавар бол наад захын жишээ нь үер, түгжрэлийн асуудал.
Макро түвшний бодлогын дутагдалтай байдлаас болоод их хэмжээний мөнгө, цаг хугацаа хий урсаж байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө олгоогүйгээс олон аж ахуй нэгж дампуурч, үүд хаалгаа хааж байна.
Бодлого байхгүйгээс гарч байгаа ил харагдахгүй үр дагаврууд олон бий. Энэ бүхэн бодлогогүй явж ирсний үр дагавар. Тиймээс Стратеги, бодлого судалгааны хүрээлэн АН-ын өөрийн үзэл баримтлал, хөтөлбөрт суурилсан, эрх чөлөө буюу хувь хүний хийсэн ажлынхаа хэмжээгээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байна.
Одоо яаралтайгаар баялгийн менежмент, баялгийн сан, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлого, төрийг хэрхэн цомхон болгох зэрэг мэдээлэл судалгааг бид хийх хэрэгтэй. Хэрэв бид байгаа нөөцөө зөв тодорхойлж чадвал бодлогоо оновчтой тодорхойлж чадна.
Хоёрдугаарт, сургалт, судалгааны академийг бид байгуулж байгаа. Энэ академийг Э.Бат-Үүл дарга ахалж удирдаж байгаа. Энэхүү академи нь намын хүний нөөцийг бэлтгэх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжлийн сургалт зэрэг анхаарна. Одоогоор бид 21 аймаг, есөн дүүрэгт сургалтаа явуулаад байна. Цаашид ч энэ үйл ажиллагаа улам идэвхжих болно. Ингэснээр ардчиллын үнэт зүйлээс хазайхгүй гишүүд улс төр, парламентад төлөөлөх хүртэл хөтөлбөрүүдийг гаргаж хэрэгжүүлнэ.
АН-д энэ зун амралт байхгүй. Бодлогоо боловсруулж, сонгуулийн хөтөлбөртөө бэлдэнэ. Бид бодлогоор ялгарч ирэх жил эрх баригч болно.
Стратеги, бодлогын хүрээлэн маань маш олон суурь судалгаануудыг хийчихсэн байгаа. Одоо эдгээр судалгааны дүн дээр үндэслэж бодлогуудаа гаргах ёстой. Өнөөдөр энэ үйл ажиллагааг нээж байгаадаа баяртай байна.
АН-Д ЭНЭ ЗУН АМРАЛТ БАЙХГҮЙ
-Наймдугаар сар гэхэд намын нэгдсэн бодлогыг гаргаж ирнэ гэв үү?
-Тийм. Манай намынханд зуны амралт гэж байхгүй. Дотоод ажлууд их байна. Нэр дэвшигчдээ бэлдэх, гаргаж ирэх, нэр дэвшигчдийн суурь судалгаануудыг боловсруулж бэлэн болгох, тойрогтоо хийх, ажиллах зарчим үйл ажиллагаа, мөн ухуулагчдын сурталчилгаа гээд бидэнд богино хугацаанд хийх их ажил байна.
Энэ хүрээнд сонгууль руу хандсан сургалтуудаа оррод явна. Намын бодлогын судалгааны ажлаас гадна хүмүүсээ бэлтгэх том ажлууд бий.
–Улс төр бол мөнгө биш ард түмэн. Ард түмэн сонголтоо хийхдээ ухаантай ханддаг болсон гэж та хэлсэн. Танай нам ирэх жил эрх баригч болж чадах уу?
-АН бол ирэх жилийн эрх баригч хүчин. Тэгэхээр эрх баригчийнхаа хариуцлагыг ухамсарлаж, бодлогоо боловсруулна. Хэрэв таамгаар амлалт өгч сонгуульд дэвшвэл үр дагавар нь юу байхыг иргэд харж байгаа.
Ганцхан Сэлбэ голын жишээнээс харахад л бодлогогүй хий хоосон мөрийн хөтөлбөрийн амлалтын нүдэнд харагдаж байгаа жишээ.
Цээжний пангаар асуудалд хандаж ирсний үр дагавраар засахын аргагүй системийн доголдол Монголд үүсээд байна. Тиймээс бид энэ алдааг сууриар нь засахын тулд асуудлыг нээлттэй болгож, өрсөлдөөнийг бий болгож, өөрчлөх шаардлагатай. Түүний тулд АН-д маш сайн бодлого л чухал байна.
Тэрнээс биш АН хэдэн суудал нэмж авах, эрх баригчдыг шүүмжлэх богино хугацааны тоглолт хийхгүй.
Иргэд ажил хийж л байгаа бол сайхан амьдрах эрхтэй. Татвар төлж, орлого олж л байгаа тохиолдолд түүний хэрээр үйлчилгээ авах ёстой.
АН бодлогын суурь судалгаануудаа 2-3 шат дараалалтайгаар нарийвчилж хийж байна. Үүний дараагаар бодлогоо боловсруулж ард түмнээр хэлэлцүүлнэ.
Мөн бид онлайн платформыг энэ наадмаар нээж байна. Тус системээр намын бодлогын хэлэлцүүлгийн мөн өрнүүлнэ.
ОЙРЫН ХУГАЦААНД АН-ЫН ҮБХ ХУРАЛДАНА
-Ардчиллын гол амин сүнс үг хэлэх эрх чөлөө. Гэтэл сүүлийн үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Хэдхэн сарын өмнө цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах тухай хууль хүртэл өргөн барьсан. Энэ бол нэг намын дарангуйлал. Тиймээс одоо хүмүүсийн сонголт олон ургальч руу явах ёстой. Нэг намын дарангуйлалтай болсноор хүнийг барина, хорино, эрхийг нь хязгаарладаг болно.
Хоёр удаагийн сонгуулиар олонхийн санал авч эрх барьж байгаа намын дарангуйллын илрэл нь үг хэлсэн иргэдийг хязгаарлаж байгаа явдал.
МАН-ын эрх мэдэл ямар их байгааг шүүмжилсэн хүн ял зэм хүртэж байгаагаас харж болно. Энэ их эрх мэдлийн ард их хэмжээний хулгай, дээрэм, тонуул байгааг илтгэж байна. Тэрийг хаахын тулд захын иргэний шүүмжлэлд ял оноох шийдвэр гаргаж байна. Энэ дарангуйллаас салах сонголт нь ирэх жил АН байх болно.
-ҮБХ хуралдах тов гарсан уу?
-Тов хараахан гараагүй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд хуралдана. ҮБХ-ны даргадаа чиглэл өгсөн байгаа.
Холбоотой мэдээ