Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ази дахь НАТО-гийн анхны төлөөлөгчийн газрыг нээхэд саад болсноороо Хятадад ая тал зассанд буруутгагдав. Токио хотноо НАТО-гийн харилцаа холбооны газрыг нээх саналыг анх өнгөрсөн нэгдүгээр сард тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Японд айлчлах үеэрээ тавьжээ.
Гэвч өнгөрсөн зургадугаар сард Францын ерөнхийлөгч уг саналыг эсэргүүцжээ. Энэ нь НАТО болон Хятадын хоорондын хурцадмал байдлыг улам хурцатгах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй бололтой. "Бид НАТО-гийн хамрах хүрээ болон газарзүйн байршлыг нэмэгдүүлэхээр зүтгэснээрээ маш том алдаа хийх болно" гэж Макрон хэлснийг хэвлэлүүд онцолжээ. Түүнчлэн Токио дахь Францын элчин сайд Филипп Сеттон түүний байр суурийг бататгаж, "Хэдийгээр бид Токиод оффис нээхийг дэмжихгүй байгаа ч НАТО болон Японы хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна" гэсэн юм.
Макроны мэдэгдэлд Япон улс дипломат түвшинд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч дотооддоо сэтгэл дундуур байгаа гэж мэдэгджээ. Вильнюст удахгүй болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг Япон улс шинэ оффисын лоббидоход ашиглах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH