Баруун бүсийн чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн чуулга уулзалт боллоо

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт Хангайн бүсээр гараагаа эхэлсэн бол энэ удаад баруун бүсийн чуулга уулзалтаар өртөөлөн хутагтын өлгий Завхан аймгийн Улиастай хотод амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтад Увс, Баян-Өлгий, Говь-Алтай,  Ховд аймгийнхан оролцсон юм.

Отгонтэнгэр  хайрханы өлмий нутагт хуран чуулсан тус чуулга уулзалтанд Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг,  тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүх, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Сайраан, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал болон баруун таван аймгийн намын дарга нар, ҮЗХ-ны гишүүд тэргүүтэй 350 гаруй төлөөлөгчид хуран чуулсан юм. Тэд тухайн бүс  нутаг болон намд тулгамдаад байгаа асуудал, 2008 оны сонгуулиар амласан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид орон  нутагт болон намын зүгээс хийж хэрэгжүүлэхээр ярьж буй ажлын талаар санал солилцож, алдаа оноогоо дүгнэлээ.

Чуулганд оролцсон Ховд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж,  Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга Б.Нарангэрэл нартай уулзаж ярилцсан юм.    

-Ховд аймгийн ардчилсан нам баруун бүсийн чуулга уулзалтанд ямар бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?

-Б.Пүрэвдорж:-Ховд аймгаас 16 сумын ардчилсан намын дарга нар, аймгийн төвийн 12 багийн төлөөлөл, үүрийн дарга нар, Ховд аймгийг төлөөлсөн ҮЗХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ирлээ.

-Ардчилсан намын бүсийн чуулга уулзалтын ач холбогдол нь юу вэ?

-Өнгөрсөн чуулга уулзалтаас хойш Манай х аймгийн ардчилсан нам түүхэндээ байгаагүй тодорхой ялалтуудыг байгуулж УИХ-ын сонгуульд нэг гишүүнээ гаргасан. Мөн ардчилсан ерөнхийлөгчийг ялуулахад ихээхэн нөлөө үзүүлэсэн гээд яривал олон зүйл ийг дурсаж болно. Хамгийн гол нь бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг бид эндээс нэг санаа бодолтой, нэг зорилготой болоод буцдаг нь хамгийн том ач холбогдол юм.

-Чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ чуулга уулзалтаас бид анхан шатныхаа үйл ажиллагааг бэхжүүлэх, намын гишүүдийнхээ идэвхжлийг сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Түүнчлэн сүүлийн хэдэн сонгуулиудад ялалт байгуулж байгаа Завхан аймгийн Ардчилсан намын туршлагаас Ховд аймгийн ардчилсан намын анхан, дунд шатны байгууллагуудад таниулах, судлах, түүн дээрээ үндэслэн дараа дараагийн шат шатны сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Баруун бүсийн чуулга уулзалтаар юуг илүүтэй хөндөж ярилцав?

-Б.Нарангэрэл: -Чуулга уулзалт ерөнхийдөө ардчилсан намын чиглэл, зорилго, хэтийн төлөвлөгөө, 2012 оны сонгуулийн бэлтгэл явц, түүнд хэрхэн оролцох зэрэг олон чухал сэдвүүдийг хөндсөн үр дүнтэй чуулган болон гэж бид дүгнэж байгаа. Энэ удаагийн чуулганд Говь-Алтай аймгаас 26 төлөөлөгч чуулганд оролцохоор тодорхой зорилготойгоор хүрэлцэн ирсэн.

-Танай сумын намын хувьд ардчилал 20 аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Аяны хүрээнд 2009 оны арванхоёрдугаар сараас 2010 оны 1,2-р улиралд зохих үе шаттайгаар намынхаа үйл ажиллагааг бэхжүүлэх, намынхаа зорилгыг ард иргэддээ сурталчиллаа. Цэцэрлэгийн насныханд ардчилсан хувьсгаль гэж юу вэ гэдгийг ойлгуулахын тулд гар зургийн уралдаан, 10-12, 12-15, 15-17 насны хүүхэд залуучуудынхаа дунд зохион бичлэгийн уралдаан  хүртэл зарлаж байлаа. Мөн сумынхаа нийт залуучуудын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулж ардчилсан хувьсгалын талаар бие биедээ мэдлэг түгээсэн их сайхан арга хэмжээ болсон.  Үүний үр дүнд манай сумын ард иргэдийн идэвхи их дээшилсэн. Энэ ажлыг бид цаашид ч үргэлжлүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж