Л.Гантөмөр: АН бодлогоор ялгарч, эрх баригч хүчин болно

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: АН бодлогоор ялгарч, эрх баригч хүчин болно

Л.Гантөмөр: АН бодлогоор ялгарч, эрх баригч хүчин болно

Ардчилсан нам өнөөдөр /2023.07.07/ Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг албан ёсоор нээж байна. Тус хүрээлэн нь эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчдын хамтын ажиллагаанд суурилсан түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах юм. Мөн хүрээлэн нь дотоод, гадаадын судалгааны байгууллагууд, баруун төвийн үзэл санаатай судалгааны хүрээлэнгүүдтэй өргөн хүрээнд хамтарч ажиллахаараа онцлогтой.

Тухайлбал, Улс төрийн боловсролын академи, Өрсөлдөх чадварын судалгааны төв, Зах зээл судлалын хүрээлэн, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй эхний ээлжинд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Стратеги, бодлого судалгааны хүрээлэн нь бодлого мэдлэгийг холбох гүүр болж ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх алсын хараатай. Дотоодоос гадна тус хүрээлэн гадаад харилцаанд онцгой ач холбогдол өгч ажиллах аж.

ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН ТҮҮНИЙ ХЭРЭЭР ХҮРТЭХ БОДЛОГЫГ АН ДЭВШҮҮЛНЭ

АН-ын дарга Л.ГАНТӨМӨР:

-Монголын эрдэмтэд, гадаад, дотоодын судлаачдын хамтаар богино хугацаанд намын бодлогоо гаргаж ирэхээр зорьж байна. Бодлого байхгүйгээс гарч байгаа үр дагавар бол наад захын жишээ нь үер, түгжрэлийн асуудал. Макро түвшний бодлогын дутагдалтай байдлаас болоод их хэмжээний мөнгө, цаг хугацаа хий урсаж байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө олгоогүйгээс олон аж ахуй нэгж дампуурч, үүд хаалгаа хааж байна. Бодлого байхгүйгээс гарч байгаа ил харагдахгүй үр дагаврууд олон бий. Энэ бүхэн бодлогогүй явж ирсний үр дагавар. Тиймээс Стратеги, бодлого судалгааны хүрээлэн АН-ын өөрийн үзэл баримтлал, хөтөлбөрт суурилсан, эрх чөлөө буюу хувь хүний хийсэн ажлынхаа хэмжээгээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж байна.

Одоо яаралтайгаар баялгийн менежмент, баялгийн сан, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлого, төрийг хэрхэн цомхон болгох зэрэг мэдээлэл судалгааг бид хийх хэрэгтэй. Хэрэв бид байгаа нөөцөө зөв тодорхойлж чадвал бодлогоо оновчтой тодорхойлж чадна.

Хоёрдугаарт, сургалт, судалгааны академийг бид байгуулж байгаа. Энэ академийг Э.Бат-Үүл дарга ахалж удирдаж байгаа. Энэхүү академи нь намын хүний нөөцийг бэлтгэх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжлийн сургалт зэрэг анхаарна. Одоогоор бид 21 аймаг, есөн дүүрэгт сургалтаа явуулаад байна. Цаашид ч энэ үйл ажиллагаа улам идэвхжих болно. Ингэснээр ардчиллын үнэт зүйлээс хазайхгүй гишүүд улс төр, парламентад төлөөлөх хүртэл хөтөлбөрүүдийг гаргаж хэрэгжүүлнэ.

АН-д энэ зун амралт байхгүй. Бодлогоо боловсруулж, сонгуулийн хөтөлбөртөө бэлдэнэ. Бид бодлогоор ялгарч ирэх жил эрх баригч болно.

Стратеги, бодлогын хүрээлэн маань маш олон суурь судалгаануудыг хийчихсэн байгаа. Одоо эдгээр судалгааны дүн дээр үндэслэж бодлогуудаа гаргах ёстой. Өнөөдөр энэ үйл ажиллагааг нээж байгаадаа баяртай байна.

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГЖИХ ЗОРИЛГЫГ Л АН ДЭВШҮҮЛНЭ

АН-ын стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн З.НАРАНТУЯА:

-Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор бид намын бодлого дээрээ онцгой анхаарч, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжихүйц байх судалгаан дээр анхаарах шаардлагатай болж ирж байгаа. АН-ын хувьд энэ хүрээлэн байгуулагдсанаар намын зорилго хэрэгжихүйц, оновчтой тодорхойлогдох ёстой. Олон иргэн "МАН Засгийн эрхийг бариад найман жил болж байж мөрийн хөтөлбөр нь хэрэгжихгүй байна, амласнаа биелүүлэхгүй байна" гэж бухимддаг. Тэгэхээр АН хэрэгжих зорилгыг л гаргаж ирэхээр энэ хүрээлэнг байгуулж байна.

АН бодлогын нам болъё гэдэг зорилгыг тавьж ажиллаж байгаа. Ингэснээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого дээрээ нэгдмэл үзэл санаатай байж, нэг толгойтой байна л гэсэн үг.

АН мэдээж олон фракц, нэгдэл дээр оршин тогтнодог. Олон ургальч үзэл баримтлалаа АН-ын гишүүд ч чөлөөтэй илэрхийлдэг. Энэ бүх онцлогоо харгалзаж улс төрийн намын байгуулалтын хатуу бүтэц, зохион байгуулалтад нэгдэх механик нэгдлээс гадна эрх барих тохиолдолд намын бодлого, чиглэл нь ямар байх вэ? гэдгийн анхаарч ажиллана.

Өнөөдөр бүх фракцын төлөөлөл, АН-ыг анх үүсгэн байгуулсан төлөөлөгчид, нам эрх барьж байх үеийн Засгийн газрын кабинетын гишүүд цуглаж, бодлогын нэгдэл дээр хамт байхыг дэмжиж байна.

Бодлого гэдэг сайн хийгдсэн судалгаан дээр гарч ирнэ. Судалгаанаас гарсан оновчтой шийдлүүдээр бодлого боловсруулах ёстой. Энэ утгаараа бид бодлогын асуудлаа тойрч ярилцахаар цугласан байна. Нийгмийн одоогийн нөхцөл байдлыг харж үзвэл хүмүүсийн хамгийн эмзэг хандаж байгаа зүйл бол амьдралын чанар буюу ядуурал. Үе үеийн Засгийн газар иргэдийн аж амьдралыг сайжруулж, татвар нэмэхгүй гэж амалж гарч ирдэг.

Гэтэл урьд урьд урьд жилүүдэд намуудын тэдгээр олон амлалтаас биелсэн нь цөөн. Учир нь тэрхүү мөрийн хөтөлбөрүүдийг боловсруулж байхдаа үнэхээр хэрэгжих эсэхийг нь судлаагүй гэсэн үг.

Судалгаа байхгүйгээс популист амлалтуудаар дүүрсэн улс төрийн орчин нөхцөл Монголд бий болоод байна. Энэ нь бүх цаг үед төрийн үйл ажиллагааны менежмент% төрийн чадамжид сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Тиймээс улс төрийн намууд хариуцлагатай байж, суурь судалгаа, бодлоготой болох ёстой. Улс орноо хөгжүүлэх гадаад, дотоод бодлого, эрсдэлийн менежмент чухал учир АН-ын стратеги, бодлогын хүрээлэн энэ тал дээр цаашид шинэ соёлыг нэвтрүүлэхийг хичээх болно.

ОНОВЧТОЙ ШИЙДЛИЙГ ОЛОХООР АН БОДЛОГО ДЭЭРЭЭ НЭГДЭЖ БАЙНА

АН-ын Сургалт, судалгааны газрын дарга Г.ДЭНЗЭН:

-Стратеги, бодлогын институци нээгдсэнээр АН бодлогын нам болох сууриа тавьж байна. Өөрөөр хэлбэл, АН үнэт зүйл, үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэх үндэс бүрдлээ.

Судалгааны хүрээлэнд Үндэсний бодлогын хорооны гишүүд, салбар бүрийн эрдэмтэн, судлаачид орсон. Тухайлбал, хөдөө аж ахуй, боловсрол, эдийн засгийн эрдэмтэд оновчтой шийдлийг гаргахаар бодлого дээрээ нэгдэж байна.

СТРАТЕГИ, БОДЛОГЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХУРАЛДААН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ҮРГЭЛЖЛЭВ

АН-ын дэргэд байгуулагдсан Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Улс төрийн боловсролын академийн захирал Д.Ганбат нар болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож үг хэлж, илтгэл танилцуулав. Үүний дараагаар гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөж, АН бодлогоо боловсруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй талаар хэлэлцүүлж байна.

 

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж