О.Оч: Хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж байж эдийн засаг тэлнэ

О.Оч: Хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж байж эдийн засаг тэлнэ

О.Оч: Хөрөнгө оруулалтын сангууд хөгжиж байж эдийн засаг тэлнэ
Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал О.Оч

Бидний хувьд, Монголын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан болох “Инвескор РИ Сайкл” хувийн хөрөнгө оруулалтын санг Рио Тинто Монгол компанитай хамтран байгуулаад байна.


-Манай улсад хаалттай хөрөнгө оруулалтын сангууд төрөл төрлөөрөө бий болж байна. Зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүн хүч түрэн орж ирж байгаа нь  улс орны эдийн засагт ямар үнэ цэн бүтээнэ гэж та хэлэх вэ? 

-Хөрөнгө хөдөлж байх тусмаа үнэ цэнтэй болдог. Хөрөнгө илүүдэлтэй газраас дутагдалтай тал руугаа шилжих нь аль аль талдаа үр ашигтай. Мэдээж энэ үйл явц бизнес, эдийн засагт ч олон талаар нөлөөлж байдаг. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн өрнөж байдаг хамгийн гол талбар бол хөрөнгийн зах зээл. Энэ талбар санхүүжилт шаардлагатай бизнес эрхлэгч болоод хөрөнгө оруулж, өгөөж хүртэх сонирхолтой хөрөнгө оруулагчийг холбож байдаг. Өнгөрсөн 30-аад жилд дотоодын хөрөнгийн зах зээл тийм ч буцлам талбар биш байсан. Иргэд ч хөрөнгө оруулалтын талаар харьцангуй бага мэдлэгтэй байсан. Харин одоо, хувьцаа, бонд гэх мэт хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг харьцангуй ойлгож, мэддэг болсон байна. Мөн сүүлийн тав хүрэхгүй жилд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гэх мэт шинэ төрлийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хэрэгслүүд зах зээлд орж байна.

Урьд нь, хөрөнгө оруулалтын сувгууд харьцангуй явцуу хүрээнд байхад хөрөнгийн хөдөлгөөн голдуу банкны салбарт өрнөдөг байсан. Өөрөөр хэлбэл, банкууд хөрөнгөө хадгалуулж өгөөж хүртэх, эсвэл хөрөнгө барьцаалж зээл олгох зэрэг үйлчилгээг л санал болгодог байсан. Гэвч зөвхөн банкны зээлийн хүрээнд санхүүгийн зах зээл эргэлдэх нь эргээд компаниудын өсөлтийг удаашруулж, бизнесүүдийг зээлээс хэт хамааралтай болгосон. Тухайлбал, ихэнх компани өндөр зээлтэй байна. Бүр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд хүртэл бизнесийн эргэлт нь зээлээс хамаардаг.

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Улаанбаатар үнэт цаасны бирж зэрэг байгууллагууд ТОП аж ахуйн нэгжүүдийн дунд судалгаа явуулахад, томоохон аж ахуйн нэгжүүдийн 70 шахам хувь нь бизнесийн санхүүжилтээ арилжааны банкны зээлээр шийдэж байгаагаа дурдсан байсан. Компаниуд бол улс орны эдийн засгийг чирч байдаг “хөгжлийн хөдөлгүүр”. Гэтэл зээлээс хараат байхаар өөрийн хөрөнгө нь өсдөггүй. Тиймээс хөрөнгийн зах зээл тэлж, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах сувгууд илүү сонголттой болж байж бизнесийн орчин сайжирна. Энэ хэрээр эдийн засгийн өсөлт хурдасна.

-Хөрөнгө оруулалтын сангийн талаар илүү тодруулж тайлбарлахгүй юу. Сангийн нэгж эрхийг авч, хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах нь ямар давуу талтай вэ? 

-Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг авна гэдэг нь компанийн хувьцаанд хөрөнгө оруулж байгаатай ойролцоо. Өгөөж хүртэж болно. Бас эрсдэл ч хүлээж болно. Гэхдээ ялгаатай тал нь таны оруулсан хөрөнгө оруулалтыг мэргэжлийн баг удирдаж, хаана хөрөнгө оруулах, тухайн хөрөнгө оруулалтаасаа хэдийд татгалзах зэргийг өдөр бүр судалж, шийдэж байдаг.

Хүмүүс өдөр бүр компаниудын хувьцааг нэг бүрчлэн судалж, түүн дээр анализ хийх цаг зав дутмаг байдаг. Хэчнээн сайн хувьцаа авсан ч түүнийгээ харж хандаж, хөрөнгө оруулсан компанийнхаа тайланг нарийн судалж байх шаардлагатай. Мөн мэргэжлийн шинжээч биш л бол ирээдүйд ямар компани цойлохыг, оруулсан хөрөнгө оруулалт нь эрсдэл, өгөөжийн алиныг нь хүлээхийг таамаглахад бэрх.

Тиймээс хөрөнгө оруулалтын шийдвэрээ илүү оновчтой гаргах үүднээс хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад хандаж, санд нь хөрөнгө оруулдаг. Олон улсад ч сангаар дамжуулан хөрөнгө оруулах нь түгээмэл. Таны оруулсан хөрөнгийг мэргэжлийн “тоглогчид” хэр зөв удирдана тэр хэрээр нэгж эрхийн үнэ хэлбэлздэг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр харьцангуй сайн байдаг.

-Танай компанийн хувьд, саяхан Монголын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг Рио Тинто Монгол компанитай хамтран байгуулсан. Одоогоор үйл ажиллагаа нь ямар түвшинд байна вэ?

-Хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчдынхаа хэрэгцээ шаардлагаас хамаараад янз бүрийн зорилготой байж болно. Бидний хувьд, Монголын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан болох “Инвескор РИ Сайкл” хувийн хөрөнгө оруулалтын санг Рио Тинто Монгол компанитай хамтран байгуулсан. Бид сангийнхаа зорилгод нийцэх төслүүдийг судалсаар байна.

Компаниуд нэлээд амбицтай байна. Маш сайн төслүүд ирж байгаа. Хог хаягдал боловсруулах салбар өөрөө маш өргөн салбар юм билээ. Хуванцар, цаас гэх мэт хаягдлаас гадна автомашины хог хаягдал, аюултай хог хаягдал, малын гаралтай хог хаягдал гээд маш өргөн хүрээнд яригддаг.

Бид энэ бүхэнд чиглэсэн хамгийн сайн төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна хог хаягдал цуглуулах оновчтой шийдэл, нийгмийн нөлөөллийн шилдэг кампанит ажлуудыг ч сонирхон судалж байна.

Хүмүүс наадмын амралтаараа хөдөө явахдаа анзаарах байх. Хог хаягдлын асуудал Монгол Улсын хэмжээнд үнэхээр “толгойн өвчин” болсон. Дээр нь энэ “толгойн өвчин”-ийг намжаах шийдэл ч биеллээ олоогүй байна. Хэрэв хог хаягдлын менежментийг оновчтой болгож чадвал хог “баялаг” болон хувирч болно. Монгол Улсад жилд 2.2 сая тонн хог хаягдал бий болдог. Үүнээс тал хувийг нь дахин боловсруулах боломжтой. Гэтэл 3-5 хувийг нь л дахин боловсруулж байна. Харин үлдсэнийг нь газарт булшлах замаар баялаг болгож чадалгүй хаядаг. Нөгөөтээгүүр энэ нь хөрс, орчны бохирдол нэмэгдүүлж байна. Тиймээс нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг түргэтгэнэ гэдэгт бид итгэж байна.

“Инвескор РИ Сайкл” хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, анхны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулав. 2023.04.25-ны өдөр.

-Арилжааны банкууд сүүлийн жилүүдэд ногоон санхүүжилт, ногоон зээлд анхаардаг болсон ч хангалттай түвшинд хүрээгүй талаар зарим бизнес эрхлэгч хэлдэг.  Ер нь тогтвортой, ногоон санхүүжилтийн хэмжээ манай улсад хэр хангалттай байна вэ? 

-Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр байна. Эдийн засгийн талаасаа ч байгаль, нийгэм, засаглалын талаасаа ч бодсон ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, ногоон төслүүдийг дэмжих шаардлагатай. Олон улсад ямар л хөрөнгө оруулалт хийнэ тогтвортой байдлыг чухалчилдаг болсон. Ялангуяа манай улс уур амьсгалын маш эмзэг бүсэд хамаардаг. Цөлжилт, агаарын бохирдол байгаль орчны доройтол санаа зовох хэмжээнд хүрсэн.

Тиймээс банк санхүүгийн байгууллагууд аливаа төсөлд хөрөнгө оруулахдаа байгаль орчинд хэр ээлтэйг нь чухалчлах хэрэгтэй. Мөн компаниуд Рио Тинто Монголын жишгээр хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан ирээдүйтэй ногоон төслүүдэд хөрөнгө оруулбал нийгмийн хариуцлага талаасаа үнэ цэнтэйгээс гадна эдийн засгийн ач холбогдол өндөр юм. Хүн төрөлхтөн ногоон ирээдүйд тэмүүлж байгаа учраас тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн бизнесүүд урт хугацаанд өрсөлдөх чадвартайгаар оршин тогтнох болно.

-Монголын анхны хамтын биржээр арилжаалагддаг сан /ETF/ байгуулах зөвшөөрлийг мөн саяхан СЗХ-ноос авсан.  Энэ сан хөрөнгө оруулагчдад ямар боломж нээж өгөх вэ? 

-Монголдоо анхдагч гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдад мөн л хөрөнгө оруулалтын сонирхолтой сувгийг нээж өгч байна. Энэ санд хөрөнгө оруулж, нэгж эрхийг нь авснаар дэлхийн шилдэг компаниудаас үр өгөөж хүртэх боломжтой. Бид наадмын дараачаас Улаанбаатар үнэт цаасны биржээр дамжуулан сангийн нэгж эрхээ олон нийтэд нээлттэй арилжина. Дэлхийд тэргүүлэгч компаниудаар багцаа бүрдүүлж байгаа учраас эрсдлээ маш сайн тархааж, өгөөжтэй ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Apple, Microsoft гэх мэт технологийн аварга компаниуд өсөлттэй байна.

10 хүрэхгүй жилийн өмнө Tesla-г хэн ч мэддэггүй байсан. Гэтэл хэдхэн жилийн дотор өсөлтөөрөө цойллоо. Ийм хэмжээний дараагийн компанийг олно гэдэг маш хэцүү. Олон улсын туршлагаас харахад, ETF сангийн индекс багцад дараагийн цойлогсод багтах нь тун түгээмэл байдаг.

Энэ төрлийн сан дэлхий дахинд 1990-ээд оноос хойш буюу харьцангуй хожуу бий болж хөгжсөн ч ил тод, нээлттэй, үр ашигтай байдлаараа зах зээлд хүч түрсээр байна.

-Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн менежмент өндөр хөгжсөн улс орнуудын анхаарал татах жишээ, туршлагаас манай уншигчдад хуваалцахгүй юу? 

-Польшийн жишээ байна. Бидэнтэй нэг гараанаас зах зээлийн эдийн засагт шилжсэн ч хөрөнгийн зах зээлийн хөгжил нь манайхаас хавь илүү. Энэ хэрээр тус улсын үндэсний үйлдвэрлэл, компаниуд хурдтай тэлж, эдийн засаг нь өссөн. Мөн ард иргэд нь хөрөнгө оруулалтын үнэ цэнийг мэдэрч, зах зээлд оролцох идэвх нь нэмэгдсэн. Үүнийг дагаад санхүүгээ төлөвлөх, удирдах мэдлэгтэй болсон. Хувь хүний санхүүгийн боловсрол гэхээр жижигхэн зүйл мэт санагдаж болох ч энэ жижигхэн зүйлээс ч улс орны эдийн засаг хамаарч байдаг.

Олон улсад хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж томоохон корпорацуудынхаа үр өгөөжийг ард иргэд нь хүртэж байгаа сайн жишээ олон бий. Гэтэл манай том компаниудын дийлэнх нь гэр бүлийн засаглалаасаа давж гараагүй байна.

Үүнийг зөвтгөх шалгаан бий л дээ.  Олон арван жилийн замнал туулсан дэлхийн томоохон корпорацуудтай харьцуулахад Монголын компаниуд харьцангуй залуу байна. Үндэсний томоохон компаниуд одоо л хөрөнгө оруулалт, засаглалын хувьд, мэргэжлийн менежмент хийх эргэлтийн үедээ байна. Банкууд гэхэд л саяхан нээлттэй компани боллоо. Санхүүгийн зохицуулах хороо ч мөн татварын дэмжлэг үзүүлэх зэргээр компаниудын хөрөнгийн зах зээлд хөл тавих боломжийг эрэлхийлж байна. Хөрөнгийн зах зээл нь хэдий чинээ “амьд” буцалсан талбар байна төдий чиний бизнесүүд цэцэглэж, эдийн засаг нь хүчирхэг болдгийг АНУ, Сингапур, Япон, Хонконг гээд олон орны жишээнээс харж болно.

-Хэдхэн өдрийн дараа эдийн засгийн форум болох гэж байна. Хөрөнгийн зах зээлийн талаарх яриа форумын хамгийн гол сэдвүүдийн нэг байдаг. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд, хөрөнгийн зах зээл цаашид ямар байдлаар хөгжөөсэй гэж та хүсэж байна вэ? 

-Олон улсад хамгийн том хөрөнгө оруулагчид нь даатгалын компаниуд, арилжааны банкууд, үндэсний томоохон корпорацууд байдаг. Харин манай компаниуд илүүдэл хөрөнгөө яаж удирдах, хөрөнгөө хэрхэн хөдөлгөхөө мэдэхгүй байна. Мэдэхгүй байлаа гэхэд хөрөнгө оруулалтын менежментийн компаниудад хандах соёл ч хангалттай сайн төлөвшөөгүй байна.

Тиймээс шат шатандаа санхүүгийн боловсролтой байх, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг ойлголттой болох шаардлагатай. Компаниуд санхүүжилт татах сувгийн хувьд олон сонголттой болоод ирвэл хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, эдийн засаг маань ч тэлнэ. Иймээс үнэт цаасны компаниуд хариуцлагатай ажиллаж, дотоодын зах зээлд дөнгөж бүрэлдэж байгаа хөрөнгө оруулалтын энэ шинэ соёлыг жинхэнэ утгаар төлөвшүүлэх хэрэгтэй.

-Нэг зүйл сонирхож асууя. Засгийн газрын тусгай сангуудыг тойрсон дуулианаас болоод сан гэхээр л хүмүүс их айдастай ханддаг болсон байна. Сангийн хөрөнгөөр хэн нэгэн дургих вий гэж болгоомжилж болох юм. Тэгвэл хөрөнгө оруулалтын сан гэдэг нь юугаараа ялгаатай талаар тайлбарлахгүй юу?  

-Үнэт цаасны компаниудын бий болгосон хөрөнгө оруулалтын сан бол Засгийн газрын тусгай сангаас бүтэц зохион байгуулалтын хувьд, ажиллах горимын хувьд, засаглалын хувьд өөр. Сан гэхээр ижилхэн санагдаж байж болох ч тийм биш. Маш олон талын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнгө оруулалтын сан ашгийн төлөө учраас хөрөнгө оруулагчийн мөнгийг хэр их өсгөж өгнө тэр ашгаасаа цалинждаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтайгаа нэг зорилготой. Одоогоор манай улсад идэвхтэй, идэвхгүй 40 шахам хөрөнгө оруулалтын сан байна. Бид олон улсын хөрөнгийн зах зээлд байр сууриа эзлээд байгаа “хөрөнгө оруулалтын сан” гэдэг энэ зүйлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

Эх сурвалж: BUSINESS.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж