Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурал өчигдөр /2023.07.06/ болсон юм байна.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрт цагдаагийн газраас нэгжлэг хийхэд 7 тэрбум төгрөг бэлнээр хураагдсан юм.
Энэ хэрэгт С.Батдөл болон түүний төрсөн ах С.Баттулга нарын долоон хүнийг холбогдуулан шалгаж шүүхээр гэм бурууг шүүсэн. Шүүхээс С.Баттулгад 3 жилийн хорих ял оноосон бол бусад шүүгдэгчдийг авлига өгсөн үндэслэлээр торгосон юм байна. Мөн С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс олдсон бэлэн мөнгө зэргийг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон байсан юм. Гэвч С.Батдөл нь тус шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх тайлбар ирүүлэн шүүх хуралд ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргаснаар уг шүүх хурлыг долдугаар сарын 6-нд товлосон байсан нь ийнхүү болж, шийдвэрээ гаргажээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ