Хурал цуглаан бүрийн дараа цаасан мандат, хуванцар карт дахин ашиглах боломжгүйгээр хог болж хаягддаг. Цаасан мандат байгальд шингэхгүйгээр гурван сар, хуванцар карт 1000 жил болдог. Иймд бид энэ асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын зохион байгуулагч Ё.Гантөгстэй уулзаж, усанд уусаж, саван болдог эко мандатынх нь талаар ярилцлаа.
-МУИС-ийн ойн инженер мэргэжлээр цөөхөн оюутан төгсдөг. Энэхүү мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжээд явж байгаа хэдий ч өмнө жилийн хувьд МУИС-ийг ойн инженер мэргэжлээр ганцаараа төгссөн. Ер нь шинжлэх ухааны мэргэжлээр цөөн оюутан төгсдөг. Нийгмийн ухааны мэргэжлүүдээр олон оюутан төгсдөг шүү дээ. Харин энэ жилээс ойн инженер мэргэжлийн элсэлт нь нэмэгдсэн байна лээ. Залуучуудад зориулсан хөтөлбөрийг ч түлхүү гаргаж байгаа юм билээ. Тэтгэлэгт хөтөлбөр, хоёр жилийн богино хугацааны хөтөлбөр гэх мэт. Анх мэргэжил сонгох болсон шалтгаан гэвэл “Хөвсгөл их тайга” компанид найман жил ажилласан. Ургамал бэлтгэгч хийдэг байхдаа МУИС-ийн Ойн инженерийн багштай тааралдаад, зөвлөгөө өгч энэхүү мэргэжлийг сонгосон.
-Мэргэжлээрээ суралцах явцад эко мандат хийх санаа орж ирсэн үү. Эсвэл олон жил бодож явж байв уу. Ер нь эко мандат хийх санааг анх хэрхэн олсон бэ?
-Оюутан байхдаа байгууллага дээрээс актлагдсан зүйлүүдийг гаргаж байхдаа боодол мандат хаяхыг харсан. Тэр үед мандат ихээр хэрэглэгддэг ч эргээд ихээр хаягддаг гэдгийг хараад анх санаа орж ирсэн.
Мөн их дээд сургуулиудын эко клубыг нэгтгэж “Эко майнд” клубыг байгуулж, ажиллаж байхдаа мандатынхаа ерөнхий санааг гаргасан.
-Одоогоор хэр олон хүнд хүрч, хэр олон байгууллага эко мандатыг хэрэглэж байгаа вэ?
-Эко мандатаа хийгээд гурван сар болжээ. Одоогоор 5000 мандат борлуулаад байна. Анх оюутнуудын зохион байгуулж байгаа арга хэмжээнд илүү их борлуулдаг байсан. Одоо бол олон улсын хурал, яамдууд, төрийн байгууллагууд ашигладаг болсон.
-Оюутан байх хугацаандаа сайн дурын ажил хийж байв уу. Байгальд ээлтэй олон төсөл санаачилсан байх?
-“Эко майнд клуб”-ээс шинжлэх ухааны мэргэжлүүдийг сурталчлах, байгальд ээлтэй мэргэжлүүдийг таниулах тал дээр олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Жишээ нь мод тарих, судалгаа хийлгэх, сайн дурын ажил, эко аялал гэх мэт ажлууд хийж байсан. Хамгийн том төсөл нь эко мандат юм.
-Эко мандат бусад улс оронд байдаг болов уу. Судалгаа хэр их хийсэн бэ. Монголд лав анхдагч байх?
-2022 онд БНСУ-д төрийн албан хаагчдадаа гараа угаадаг нэрийн хуудсыг тарааж эхэлсэн. Илүү зузаан, мөн нэрийн хуудас учраас хүмүүс дургүйцэж байсан. Нэрийн хуудсаар гараа угаана гэхээр их эвгүй санагдах нь мэдээж. Манайх нэрийн хуудас хийхгүй, эко мандат хийдэг, Монгол Улсын хувьд анхдагч.
-Эко мандат бүтэх бүтцээс танилцуулбал. Ямар үе шатыг дамжиж бүтдэг вэ?
-Усанд уусдаг цаас гэж тусдаа байгаа юм. Түүн дээрээ лазер хэвлэл хийж, ард нь савангийн сууриа түрхэж мандат бүтдэг. Савандаад угаахад бол савангийн үнэр үнэртдэг, өөр үнэр оруулж болно. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр судлаад явж байгаа.
-Усанд уусдаг цаасаар хийдэг болохоор мандат дээрх бичиг бүдэг гарна гэх мэт асуудлууд гарах уу. Цаас нь нимгэн байх?
-Цахим үндэстэн гэдэг утгаараа QR уншуулах боломжтой. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нэр дэвшигчийн тараах материал байлаа гэхэд QR уншуулахад тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гардаг ч юм уу. Илүү хялбар байдлаар хүмүүст хүрэх юм. Харж байгаачлан бичиг бүдэг гарна гэсэн асуудал байхгүй. Учир нь хэвлэл нь лазер хэвлэл учраас тод гарна. Мөн будаг гарахгүй байгаа шалтгаан нь ч лазер хэвлэл болохоор тэр юм. Анх хийж эхлэх үедээ олон улсын стандартын дагуу хүнд металлын шинжилгээнд өгсөн. Гараа угаахад арьсанд харшил өгөх эсэхийг шалгуулж, шинжилгээний хуудсыг гаргуулж авсан.
-Мандатаас өөр нэг удаа хэрэглэгдэх материал хийж болох уу. Энэхүү төслийнхөө хүрээнд өөр ямар тараах материал хийсэн бэ. Үнэ өртгийн хувьд нэг мандат хэд гэх вэ. Цаасан мандаттай харьцуулахад үнэ өртөг өндөр үү?
-Тараах материал дотроо олон төрөл байгаа юм. Үүний нэг жишээ нь мандат. Улаанбаатар хотын хэмжээнд сард дунджаар 25 мянга гаруй цаасан пластик материал хаягддаг. Эдгээр нь эргээд хөрсөнд 200-1000 жилийн дараа задардаг учраас байгаль орчинд хор хөнөөлтэй.
Дээрээс нь нэг мандатын үнэ 3000-8000 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Үүнийг тооцоод үзвэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,5 тэрбум төгрөг зөвхөн мандатад зарцуулагддаг. Харин эко мандат нь үүний 30 хувийг хэмнэж чадах ба гол нь байгальд ээлтэй юм. Оосор болон бусад хэрэгсэлтэйгээ 3500 төгрөг. Сонгуулийн тараах материал, сурталчилгаа, танилцуулага гээд олон төрлөөр хийх боломжтой.
-Төрийн байгууллага бол хамгийн ихээр мандат, нэрийн хуудсыг ашигладаг. Мөн сонгуулийн үеэр тараах материал тараадаг. Төрийн байгууллагуудын зүгээс дэмжиж ажиллаж байна уу?
-Төрийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа зохион байгуулах болгондоо мандат, тараах материалыг хамгийн ихээр ашигладаг. Нэг төрийн байгууллага л гэхэд 3-4 мандат тараадаг. Түүнийг нь хүн унших нь ч ховор. ХХААХҮЯ болон Ерөнхийлөгчийн тамгын газар байнгын хамтарч ажилладаг.
Ирэх жил сонгуулийн жил болох гэж байна. Ойн агентлагийн зохион байгуулагчаар ажилладаг тул байгуулагаасаа гаргаж буй тараах материалаа ч эко байдлаар хийдэг.
Ж.ДАВААДУЛАМ