Чоно борооноор гэдэг шиг нийслэлчүүд үерт урсчихгүйн төлөө амь наана там цаана байх завсар УИХ өчигдөр /2023.07.06/ Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороог татан буулгав. УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулан байгуулсан байсан тус Түр хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын удирдлагад удаа дараа өгсөн ч зөвшөөрөл олгохгүй явсаар эцэстээ татан буулгаж буй нь энэ юм. Харин Түр хороог татан буулгасан шалтгааныг Ардын намынхны эрх ашгийг хөндсөнөөс болов уу гэж хардах хүмүүс олон байна.
Учир нь, Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбогдуулж, УИХ-аас Түр хороо байгуулан ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгуулахдаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ардчилсан намын угшилтай болгоныг яллаж, зээл авсан баялаг бүтээгчдээ бүгдийг хулгайч болгосон. Гэвч Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар баялаг бүтээлгүй, бүгдийг идчихсэн мэт цоллуулсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг шүүхээс гэм буруугүйг тогтоож, цагаадсан.
Нүүрсний асуудлыг шинжлэн судлах Түр хорооны зорилго ч Ардчилсан намынхныг гутаах зорилго агуулах ёстой атал Ардын намынхныг чиглэсэн дүгнэлт гарсан нь арга буюу Г.Ганболдоор ахлуулсан Түр хороог татан буулгаж, шинээр дахин дайралт хийх бэлтгэл хангахаар Х.Нямбаатараар ахлуулсан Түр хороог байгуулав уу гэх хардлагад хөтлөөд буй юм.
Татан буугдсан Түр хорооны тайлангийн зах зухаас сөхвөл, 2008-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 6.9 сая тонны зөрүүтэй байжээ. Үүнээс түр хорооны хяналт шалгалтын хамрах хүрээнд 2018-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 3.2 сая тонны зөрүүтэй байж, уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Гаалийн ерөнхий газарт “Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа нүүрс ачих буулгах талбайд бууж 2018-2022 оны хооронд экспортлогдсон нүүрсийг шалгах” хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг томилон шалгалтын ажиллагааг зохион байгуулж “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс худалдах, худалдан авах 381 гэрээгээр 121.6 сая тонн нүүрс борлуулах гэрээ бүрээр гаалийн талбайд тулгалт хийж, шинжилсэн байна. Мөн нүүрсний ангилал шинжлэх лабораторийн дүнгийн зөрүү байгаа нь сайн чанарын нүүрсийг үнэгүйдүүлэх эрсдэл өндөр, 2008 оноос хойш 7.0 сая тонн нүүрсийг чанаргүй буюу эрчим хүчний нүүрс нэрийн дор 9-18 доллараар борлуулсан нь Монгол Улсад асар их хохирол учруулсан байх магадлалтай байна.
Дээрх зөрчлүүд олон удаа давтагдан гарсныг Гаалийн ерөнхий газраас өөрийн дотоод хяналтын шугамаар илрүүлж Авлигатай тэмцэх газар /АТГ/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-т шилжүүлсэн ч зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй мэдээллийг зүйлчлэлийг нь өөрчлөн, хэрэгсэхгүй болгодог нь нүүрсний хулгай хавтгайрч, үүний төлөө хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголтыг бий болгоход тухайн үеийн Улсын ерөнхий прокурорын газар /УЕГ/, АТГ, ЦЕГ-ын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудтай холбоотой хэмээн үзжээ.
Мөн Хянан шалгах түр хорооны тайланд нууцад хамруулсан гэрээнүүдийн талаар тусгажээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор нууцаас гаргаж УИХ-ын Түр хороонд шилжүүлсэн 9 гэрээнээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Богдхан төмөр зам” төсөлтэй холбоотой 3, усны болон далд уурхайн төслийн тус бүр нэг гэрээ байна.
Шалгалтын явцад БНХАУ-ын “Чалко”, “Норинко” компанитай холбоотой хоёр гэрээг ил болгож нийтэд дэлгэх боломжгүй байгаа бөгөөд энэ нь гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалтыг тусгасан нь хүндрэл учруулж байгаа аж.
"Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам"-ын төслийн хувьд уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км. Төслийн нийт өртөг 1,392.2 тэрбум төгрөг буюу 488.5 сая ам.долларыг Эрдэнэс Тавантолгой ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь компанийн санхүүгийн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлсөн байна хэмээн дүгнэжээ. Төслийн бүтээн байгуулалтад “Монголын төмөр зам” ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, “УБТЗ” ХНН байгууллагууд Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 200 орчим компани, байгууллага, хувь хүн туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
“Богдхан төмөр зам”-ын төслийн нийт өртөг 1.4 тэрбум ам.доллар. Суурь бүтцийн нийт 670.2 сая ам.долларын ажлын ерөнхий гүйцэтгэгчдээр "Улаанбаатар төмөр зам" ХНН, мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, харин нийт 734.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй "Туннель, эстакадан гүүр"-ийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" ХХК сонгогдож, санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК хийхээр гэрээнүүд байгуулагдсан байна.
"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх ажлын санхүүжилтийг нүүрсээр санхүүжүүлэх гэрээг ажил гүйцэтгэгч болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас төслийн ажлыг түр хугацаанд зогсоосон хэдий ч 2023 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас "Бодь интернэшнл" ХХК-д 26.3 сая ам.долларын нүүрсийг БНХАУ-ын нэр бүхий 11 худалдан авагчдад нийлүүлжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлээр барих эрхийг “Энержи Ресурс Рейл” ХХК-д барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээний хүрээнд 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт тодорхой хувийг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр 2008 оны зургадугаар сарын 18-д өгсөн байна.
Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах ажилд AECOM Asia олон улсын байгууллагыг 2013 онд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгчээр сонгон авч ажилласан бөгөөд зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан төслийн нийт хөрөнгө оруулалт 1,068 тэрбум долларыг тооцохдоо хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбооноос бусад бүх зардлын мэдээллийг “Энержи Ресурс Рейл” ХХК-аас хүлээн авчээ. AECOM-ийн зүгээс уг асуудалд хувийн хэвшлийн байгууллага зардлаа өндөр өсгөж бичих үндэслэлгүй гэж үзэж байна хэмээн тайлбарласан авч “Энержи Ресурс Рейл” ХХК нь хийж бүтээсэн ажлынхаа тодорхой хувийг ирээдүйд Монгол Улсын Засгийн газарт буцаан шилжүүлэх үүрэгтэй тул ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төрд өндөр үнээр нийлүүлэх сонирхол байх магадлалтай тул өртгөө аль болох өндрөөр тусгах ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна гээд энэ ч утгаараа ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын тооцоонууд нь зах зээлийн бодит байдалтай нийцэхгүй байх үндэслэлтэй юм. Дээрх үндэслэл нь шинжээчийн нотлох баримтыг судлах явцад баримтаар нотлогдсон хэмээн тайланд тусгагджээ.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг “Энержи Ресурс Рейл” ХХК хэрэгжүүлж байх явцад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр хэрэгжүүлэхээр болж “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр зам барих эрхийг, өмнө нь хийгдсэн ажлын хамтаар шилжүүлэн өгчээ. “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хийсэн ажилд нийт 76,4 сая долларын нөхөн олговорыг олгосон бөгөөд Хөгжлийн банкны 200 сая долларын санхүүжилтаар “Монголын төмөр зам” ТӨХК үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 304 тоот тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэх зэрэг шийдвэрүүдийг үндэслэн тус компанийн хөрөнгө оруулалтад “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оруулсан 276.4 сая долларын хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх шийдвэрүүдийг тухайн компаниудын эрх бүхий байгууллага, төр, засгийн холбогдох байгууллагууд гаргасан байна. Балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн дүнг баталгаажуулах аудитыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар аудитын “Грант Торнтон аудит” компани 2017-2019 онуудад хийж гүйцэтгэн, дээрх 276.4 ам.долларын дүнг баталгаажуулжээ. Гэвч уг асуудалтай холбоотойгоор ноцтой зөрчил гарсан нь тухайн төслийн хийгдсэн ажилд хөрөнгийн үнэлгээ хийлгэлгүй, зөвшилцсөн горимоор буюу нягтлан бодогчид, эдийн засагчид нараас асуулга асуух байдлаар баримтыг баталгаажуулжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК-д хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх явцад хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийн алдаа гарсан байна хэмээн дүгнэжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төсөл нь төрийн нууцад орсон, түүний хүрээнд “Бодь Интернэшнль” ХХК-тай шууд гэрээ байгуулсан гэх боловч тухайн төслийг төрийн нууцад орох он цагаас өмнө “Тавантолгой Төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК нарын хооронд уг төслийг санхүүжүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилго бүхий санамж бичиг 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулагдаж хоёр компанийн хооронд харилцаа үүссэн байжээ.
Төрийн нууцад хамаарсан аливаа асуудалтай холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тухайн байгууллага нь худалдан авах ажиллагааны тусгай журам боловсруулах ёстой бөгөөд энэ хүрээнд худалдан авалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч “Тавантолгой Төмөр Зам” ХХК нь худалдан авах ажиллагааны журам боловсруулалгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явуулалгүй “Бодь Интернэшнл” ХХК-ийг шууд сонгосон байна. Мөн “Бодь Интернэшнл” ХХК нь энэхүү гэрээ байгуулагдах үед төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй, өмнө нь төмөр зам барьж байсан туршлагагүй компани байсан аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2019 оны аравдугаар сарын 29-ны өдөр байгуулсан бөгөөд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулснаас хойш буюу 2019 оны арваннэгдүгээр сард авсан байна.
Энэ мэтчлэн эрх баригчдыг Засгийн эрх барьж байсан он цаг дор хамар доор нь гэж хэлж болохоор асуудлууд үүссэн байгаа юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулж, бүрэлдэхүүнд нь Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нарыг багтаасан нүүрсний хулгайн асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий Түр хороо хэр бодитой дүгнэлт гаргаж ирэх вэ гэдгийг хүлээх л болж байна. Хэрэвзээ Г.Ганболд гишүүний ахалсан Түр хорооноос илүү гарахгүй дүгнэлт гаргаж, мөн Хөгжлийн банкны нээлттэй сонсгол шиг асуудлыг улстөржүүлэн, сөрөг хүчнээ намнах тактик болгон ашиглавал онигоонд орохоос цааш хэтрэхгүй, богино зайыны улс төр болж хувирна.
Г.ХОРОЛ