Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг УИХ-ын Тамгын газарт авлаа
УИХ-ын хаврын чуулганы үдээс хойших хуралдаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын тоонд нэмж оруулав.
Тогтоолын төсөлд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг УИХ-ын Тамгын газрын мэдэлд шилжүүлэн авах арга хэмжээг 2023 оны наймдугаар сарын 1-ний дотор авч, ажилчдын цалин хөлстэй холбоотой долоогоос арванхоёрдугаар сарын зардлыг өмнөх түвшинд нь тооцож, санхүүжүүлэхээр тусгалаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Би тогтоолын төслийг дэмжихгүй байна. МАН төрийн өмчит компаниар дамжуулан Монголыг бүхэлд нь авлаа. Хувийн өмч гэж байхгүй боллоо. Хуулийн төсөл ч гэж алга. Хавь ойрын бүх байшинг УИХ-ын тогтоол гаргаад авчихлаа. Энэ бол болж бүтэхгүй асуудал. Ер нь яахаар төрд хөндлөнгөөс үгээ хэлдэг нийгмийн бүлэг, фракц байж болдоггүй юм?
Гадаа байгаа үер ус юунаас болсон юм? Авлигаас болж байгаа юм. Хэрэв архетикторын байгууллага, аудитын байгууллагад нь, газар олголтын байгууллагад нь хөндлөнгийн оролцоо, хяналт шалгалт байсан бол авлига хороолол босохгүй байсан шүү дээ. Өөрсдөө харж байгаад бариулчихаад ус оронгуут нь дэргэд нь очиж нураана гэж матрын нулимс унагаадгаа боль л доо та нар. Одоо энэ ордон тойрсон бүх байшингуудыг худалдаад авчих юм байна л даа. Байшингаа өгөхгүй гэнгүүт дотор нь байгаа хүмүүстэй нь ингээд авчихаж байна.
Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд төрийн өмчийн гар хөл, хумс хуруу тэнд очсоноос л авлига цэцэглэж байгаа юм шүү дээ. Хөндлөнгөөс үг хэлдэг хуульчид, хууль зүйн хүрээлэн гээд арай нэг өөр хүмүүс яагаад байж болдоггүй юм? Ингээд чуулган болгоны дараа хувийн өмчийг төр өөртөө авчих юм байна.
Тогтоолын төслийг батлав. УИХ-ын хаврын чуулган хаалаа.
УИХ-ын хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга үг хэлэв. Хаврын чуулган дөрвөн сар орчмын хугацаанд хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа. Батлагдсан хуулиуд хэрэгждэг байх нь чухал. УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Баталсан хууль болгондоо авлигаас ангид байх, ашиг сонирхлоос ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан" гэлээ.
Мөн гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд анхаарал хандуулах ёстойг сануулаад замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй хотыг байгуулснаас энэ бүх асуудал үүсээд байна гэдгийг онцоллоо.
Нийт 213 хууль тогтоолын саналыг Байнгын хороо авч хэлэлцсэн
2023 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийт 213 хууль тогтоолын саналыг Байнгын хороо авч хэлэлцээд 62 хууль тогтоолын төслийг тусгалаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ирэх намрын чуулганаар Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын талаар хэлэлцэх асуудалд багтсан уу? Бас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ямар хууль, тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөсөн бэ? Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг Хятадад өгөөд сонгуулийн мөнгөө босгохоор боллоо гэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Бид намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг ярьж байна. Ерөнхий сайдын айлчлалын талаар санал хүсэлт орж ирээгүй ээ. Нийт 213 нийт тогтоолын төслөөс Засгийн газраас 106 баримт бичиг орж ирсний дунд хувийн хэвшлийг дэмжих, төрийн зарим эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай байгаа. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг нэрлэж болно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Баялагийн сангийн тухай хууль ирэх намрын хэлэлцэх асуудалд орсон уу? Нийгмийн даатгалын багц хууль сая явсан. Гишүүд орон нутагт ажиллах хугацаандаа олон давхаргат байхаар хуулийг батална гэж ярьсан. Гэтэл бодит байдалд хэрэгжээгүй ээ. Тиймээс хувийн тэтгэврийн сангийн тухай хууль хэзээ орох вэ? Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тухай ярих хэрэгтэй. Малчдын тэтгэврийн тухай асуудал орж ирэхээр хүмүүс буруу ойлгоод эсэргүүцээд байх шиг байна. Энэ секторт маш олон хүн ажиллаж байгаа. Энэ асуудал намрын чуулганы хэлэлцэх асуудалд орсон уу?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Үндсэн хууль шинэчлэн баталсантай холбоотой холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар байгаа энэ дунд Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэрээрээ орсон. Жагсаалтын 48-д байгаа. Хэлэлцүүлгийн шатанд байгаа, саяхан баталсан хуулийг дагаад оруулж ирсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг Засгийн газар эхлүүлсэн учраас шийдээд явах байх аа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Хэрэглэгч орныг үйлдвэрлэгч болгохын тулд хүн болон хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулиа оруулж ирэх хэрэгтэй. Төрийн болон нийтийн тусгай өмчийн асуудлыг нэг мөр сайн цэгцлэх шаардлагатай байна. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, мөн компаниудын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулиа батлах хэрэгтэй байна. Үндэсний хуримтлалын асуудлыг зөв хэлэлцэх хэрэгтэй байна. Хүүхдийн мөнгө бол халамж биш баялгийн хуримтлал байх ёстой. Цаашлаад 2024 оны төсвийн хууль орж ирэх байх.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Шинжлэх ухаан технологийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Хоёр, гурван хувилбараар УИХ-д өргөн барьсан, бас яамнаас өргөн барьсан. Гэтэл хойшлоод хоёр жил шахам болчихлоо. Алсын хараа-2050 хөгжлийн баримт бичиг батлагдаад 4 жил болчихлоо. Үүнийг шинэчлэх шаардлагатай. Хөгжилд хурд, хуримтлал байхгүй либерал загвар л яриад байх юм. Татварын хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Худалдааны хуульгүй Монгол Улс 30 жил шахуу явлаа. Худалдааны нэгдсэн бодлого алга. Тендерийн хуулийг өөрчлөх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих Худалдааны хуулийг боловсруулах ажлын хэсэгт ороод хоёр жил ажиллалаа. Тиймээс энэ хуулийг намар оруулж ирэх шаардлагатай байна. 2016 онд Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны хэлэлцээрийг хөнгөвчлөх тогтоолд нэгдэж орсон. Тиймээс үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг дотооддоо шийдэх хэрэгтэй байна. Гол ач холбогдол нь иргэн экспортлогч болохоос эхлээд Монгол Улс дэлхийн бренд болох зорилготой байгаа. Худалдааг дэмжих тухай хуулийг оруулж өгөхийг намрын хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүсч байна.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын УИХ-ын тогтоолын төслийг батлав.
"Хотын даргыг ард түмнээсээ сонгодог болгож болно"
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хаврын чуулганы хаалтад үг хэлэх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хаслаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хаврын чуулганаар зургаан асуудал хэлэлцэх юм байна. Гэхдээ би нэг үг хэлэхгүй бол болохгүй байна. Улс орон авлигалд аажмаар живж байгаа усан онгоц шиг байна гэдгийг өнгөрсөн 3 жилд удаа дараа сануулсан. Гэтэл арга хэмжээ авсан зүйл ер алга. Бүх зүйл сайн сайхан байгаа юм шиг хурал зөвлөгөөн хийгээд, худлаа амлалт өгөөд байгаа ч өнөөдөр 2, 3хан хоногийн шиврээ бороонд Улаанбаатар хот үерт автлаа. Ард түмэн бороо хуртай, сайхан зун болоосой гэж хүсдэг. Гэтэл өчнөөн мянган айл гэрэл цахилгаангүй, олон мянган хүн гэр орондоо хонож чадахгүй байна. Түдэв гуай хэлж байсан дээр нь хэдэн хүн өтгөн шингэнээ гойжуулаад байхад Монголын ард түмэн мөн ч хүлцэнгүй хүмүүс юм гэж. Монголын хүн амын 50 хувь нь оршин суудаг, улсын нийслэл Улаанбаатар өтгөн шингэнтэйгээ холилдлоо. Энэ бол зүгээр голын үер биш юм. Ардын намын өтгөн шингэнээ цацсан үйлдлийн үр дагавар юм. Юун баяр, наадам, гэрэл цахилгаангүй байгаа хүмүүс зурагтаа асаагаад та нарын баян цатгалан байдлыг харж чадахгүй нь. Энэ асуудлыг бид авч хэлэлцсэн нь дээр байх. Өчнөөн их наядын төсөв тавчихаад байхад яагаад тэр олон жил бэлтгэлгүй байдаг юм? Авлига хорооллыг босгох зөвшөөрлийг хэн өгсөн юм? Тэгээд одоо дан ганц шүүгчдийг буруутгаад байх юм. Тэд буруутай нь буруутай л байх. Гэхдээ эрх баригч та бүхний дохио зангаагаар ажилладаг хүмүүс болчихсон шүү дээ. Бид хотын даргыг ард түмнээсээ сонгодог болгож болно. Ихэнх ардчилсан улс, орнуудад ийм л байдаг. Гэтэл одоо амралтаараа Playtime наадамд очих гэсэн хэдэн оюутан залуусыг буруутгаад байх шиг. Ингэж болохгүй ээ. Хамгийн их эрх мэдэлтэй, мөнгөтэй Засгийн газар ажиллаж байгаа. Энд ардчиллын гэмээр нэг ч хүн байхгүй. Бүгд хэлээ залгичихсан юм шиг таг дуугүй. Монголын ард түмэн уйлж байна. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцье гэсэн саналыг гаргаж байна.
Хууль, тогтоолын төслүүд эцэслэн батлах асуудалд орлоо.
Монгол-Хятадын 1955 оны хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээнүүдийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-1955 оны хэлэлцээр гэж байна. Бас Гашуунсухайт төмөр замыг Хятадтай холбох гэж байгаа юм байна. Энэ төмөр зам хэзээ баригдав? Яагаад холбогдохгүй байсан юм бэ? Эрх барих нам 7 жил төр барьж байна. Ямар шалтгаанаар энэ ажлыг ингэж удаасан юм бэ? Сүүлийн 8 жил бол эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүний супер циклийн үе байлаа. Үнэ ханш өссөн, боломжтой үе байсан. Гэтэл төмөр замыг албаар саатуулж байгаа юм шиг ийм бодлого явуулсан байна.
Эдээс орж ирэх боломжтой байсан алдагдсан боломж гэж байгаа. Тэр 80 их наяд төгрөг орж ирсэн бол энэ улс орон ямар байх байсан бэ? Улаанбаатар хот ямар байх байсан бэ? Үүндээ дүгнэлт хийж, судалгаа гаргасан уу? Өнгөрсөн хугацааны хариуцлагыг олонх байснаараа та нар хүлээх үү? МАН-ыг яриад байна.
2014 онд бид олон улсын нарийн царигтай төмөр замтай байя гээд үүнийг хувийн хэвшил хийе гэж ярьсан. Гэтэл яагаад энэ өөрчлөгдөөд ингэж удсан юм бэ? Одоо төмөр замаараа Хятадтай холбогдоод нүүрсээ гаргая гэтэл дэлхий нийтээрээ ногоон эрчим хүчинд шилжээд эхэлчихлээ шүү дээ. Энэ бүхэн дээр судалгаа шинжилгээ хийсэн бэ?
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Тогтоолын төсөл санаачлагчийн хувьд тодорхой хэдэн хариулт өгье. Энэ төмөр замын маш их нарийн хийцлэлтэй, хил дамнасан бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Адаглаад бетон суурийнх нь хэвийг авахад жил гарангийн хугацаа шаардлагатай. Зүгээр энгийн 40-ийн бетон цутгах гэж байгаа юм шиг тийм хурдан хийгдэхгүй ажил. Энэ бол ойролцоогоор 1.6 жилд багтаах төлөвлөгөөтэй байгаа. Та буруутныг ойрхоноос хайх хэрэгтэй. Тантай хамт Баянхонгор аймгаас сонгогдож, сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн хил дамнасан төмөр зам баривал Хятадын танк орж ирнэ гээд суртал ухуулга хийхэд та ард нь алга ташаад зогсч байсан хүн. Яг энэ супер циклийг бид тэгэхэд алдсан. МАН сүүлийн 7 жилийн хугацаанд зүүн төмөр зам, Гашуунсухайтын төмөр замуудыг барьж байгуулаад одоо хил дамнасан холболтуудыг хийх гэж байна. Ганбат гишүүн улстөржих гэж байгаа бол би ч гэсэн тань шиг юм ярьж чадна. Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа энэ төмөр замыг төр-хувийн хэвшлийнхэн хамтран хийх гэж байхад нь зогсоож байсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Хэрэв төмөр замаар нүүрсээ урагшаа зөөвөл бид гялгар уутаар элс зөөж байгаа юм шиг бид нар баялгаа маш хурдан алдах гэж байна, төмөр зам баривал танк орж ирнэ гэсэн суртал ухуулгын нэвтрүүлгүүд хийж байсан. Юм хийх гэж байгаа хүмүүст чөдөр тушаа болдгоо боль. Танд хэлэх хариултууд бэлэн байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Санал дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдав.
Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Б.Жаргалмааг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Э.Бат-Амгаланг Хууль зүйн байнгын хорооны, С.Одонтуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн барьсан хуулийн төслийг батлав.
Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Зөрчил хянан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав.
Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Хууль батлагдсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав. Холбогдуулан Жендэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Аймаг, сумдын ИТХ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр /2023.07.07/ хаана. Хаврын чуулганыг хаахын өмнө дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Хууль, тогтоолын төслүүд эцэслэн батлах
- Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
- Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хаалт
Холбоотой мэдээ