УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноолоо

НЭМЭЛТ: 

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргав. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноож байгаа аж. Ингэхдээ 5 жил хорих ял дээр 1 жилийг нэмж, нийт хорих хугацааг 6 жил болгож буй юм байна.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээрс хасч, 3 жилийн хорих ял оноосон бол Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасч, 1 жилээр хорих, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 30 сая төгрөгөөр торгох зэрэг ялыг оногдуулаад байна.

Ё.Баатарбилэг нарын 32 хүнд өнөөдөр ял онооно

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг,  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын 32 шүүгдэгчид өнөөдөр /2023.07.07/ шүүхээс ял онооно.  Ялын тогтоолыг шүүх бүрэлдэхүүн өнөөдөр 14.00 цагт сонсгох юм.

Хөгжлийн банкийг хохироосон гэх хэрэгт нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд буруутгагдан, гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ажлын 57 хоног үргэлжилснээр 48 хүнийг гэм буруугүй, харин 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн юм.

Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хамгийн их анхаарал татаж буй нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг юм. Учир нь, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй бөгөөд шүүхээс ял оноовол шууд хорих анги руу авч явах уу, эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үү гэдэг бүрхэг байгаа юм. Нөгөө талдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах уу, эцсийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээтэл УИХ азнах уу гэдэг асуудал ч хөндөгдөж буй.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж заажээ.

Мөн  УИХ-ын тухай хуулийн 10.2-т УИХ-аас гишүүнийг эгүүлэн татах тогтоол гаргана гэж заажээ. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж заажээ.

Парламентын түүхэнд анх удаа бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхээс ял шийтгүүлэх тохиолдол энэ болж буй юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж