АН-д залуус байна, тэдэнд бодлого байна!

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

АН-д залуус байна, тэдэнд бодлого байна!

АН-д залуус байна, тэдэнд бодлого байна!

Маргааш сонгууль болбол МАН бараг ялагдахаар, үргэлжлэн орсон борооны аюулыг авлига, Ардын намтай холбосон буруутгал сошиалаар дүүрэн. Аргагүй ч биз, ардчилсан хувьсгал ялснаас хойш Э.Бат-Үүлийн хотын мэр хийсэн дөрвөн жилийг хасч тооцвол Улаанбаатарт Ардын нам үргэлж ялалт байгуулсаар ирсэн юм.

Өнөөгийн Улаанбаатар үерийн ус зайлуулах хоолойгүй байгаа нь Ардын намын дарга нар алга дарам газрыг хүртэл сохор зоосны нүдээр арилжиж ирсний үр дагавар.

Үерийн аюултай зэрэгцээд ҮАБЗ-ийн даргын мийм олон нийтийн сүлжээнд үерлэсэн нь иргэд Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөнд нь халдсанд ундууцсан агаад үүнийгээ хамгаалж үлдэхийн тулд байв. Нэг талдаа өнөөдрийн нийгмийн трэнд сэдэв болох эдгээр үйл явдлын гол буруутан нь үндсэндээ иргэд бид өөрсдөө, хийсэн сонголтынхоо төлөөсийг эцэст нь эдлэж байна.

1.

Анхнаасаа таван намын нэгдэл болоод ч тэр үү, Ардчилсан нам дарга төвтэй нам биш. АН-ын хувьд лидер нь хүн биш фракцууд нь байдаг гэвэл илүү бодит дүгнэлт болно. Үндсэндээ авторитар эсвэл тоталитар төртэй улс биш бол аливаа улс төрийн намд фракцууд төрөн гарах нь эрүүл үзэгдэл. Гэхдээ АН энэ удаад фракцийн хуваагдлаар биш клубын нэгдсэн зарчмаар ажиллахаар “GRAND MEETING" зөвлөгөөнийг өнгөрсөн Лхагва гаригт “Туушин” буудалд зохион байгуулсан юм. Тэнд МҮДН, MonDe, Од, Нэг-Ардчилал, Олуулаа, Хийморь, Эрх чөлөө гэсэн АН-ын гурван үеийн, долоон клубын төлөөлөгчид цугларч, өнгөрсөн гучин жил тугаа болгож ирсэн хувь хүний эрх чөлөө ба эдийн засгийн засгийн эрх чөлөө, хуваагдал, ялагдал, үнэт зүйл, үзэл баримтлалаа чөлөөтэй, нээлттэй хэлэлцэв.

Фракц, клуб хоёрын ялгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр товч тодорхойлт нь “Клубууд үнэт зүйлээрээ нэгддэг. Төгссөн сургууль, нутаг усаараа клуб байгуулж болдоггүй” аж.

Нэг нам дангаараа засагласан найман жилд Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдахын хэрээр дагаад эдийн засгийн эрх чөлөө ч улам бүр хязгаарлагдаж буйд АН-ын гишүүд хилэнтэй байв. Гээд энэ бүхэнд тэд өөрсдөө ч буруутай. Үнэндээ хорин тийшээ хараад суусныхаа горыг тэд дараалсан гурван сонгуулиар амссан. Тиймээс АН-д ахиад хуваагдах болоод алдах эрх байхгүй. Тэдгээр долоон клуб хамтдаа алдаа оноогоо дэнслэх болсны учиг шалтгаан энэ биз.

2.

Ш.Адьшаа, Н.Ганибалаас эхлээд МАН-ын БЭТ-үүд АН-д бий нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “цагаан ордны” цагаан хоолой болж ажилласныг жирийн гишүүд нь тэнд ил тод шүүмжилнэ лээ.

2020 оны эдийн засгийн хямрал нь цэвэр хулгайн хямрал байсныг, нүүрсний тээвэр гурван саяас 120 сая болж өссөний цаана цагаан байрныхан бийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тоо баримттай нь хэлэхдээ Ардын намын захиалгын хүнийг АН-ын генсек болгохгүй гэж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Хэвлэлээр хэн нэгний зорилготойгоор сэвүүлэх болсон шар, бор мэдээлэлд АН-ын генсекээр Ч.Өнөрбаяр, Ц.Баатархүү, З.Нарантуяа, И.Мөнхжаргал, Э.Одбаяр нарыг нэрлэх болсон. Хаанаас ч харсан зургаан Эрдэнэ, нэг Гүндалай АН-ын даргад өрсөлдөж явсан удаатай. Тэрэнтэй адил хаанаас нь ч харсан гурван Женко тэдгээр нэрсийн дунд байна. З.Энхболдын хүн гэдэг нь Женкогийн хүн гэсэн үг.

Гэхдээ “ Grand meeting”-ээр АН-ын клубууд энэ талаар огт хэлэлцээгүй, гол сэдэв нь элгээрээ хэвтсэн эдийн засаг, эх орноо тоносон улстөрчид, энэ улсаас дүрвэх болсон иргэдийнхээ тухай байв. Мэдээж, үүнд тэдний оруулсан “хувь нэмэр” бий. Угтаа АН парламентад суудалтай улс төрийн нам нь үнэн боловч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чадваргүй, эрх баригчдын утсан хүүхэлдэй болцгоосон. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэдэг нь өөрчлөлтийн эхлэл. Гээд АН-д тайзны улс төрөөс илүү гудамж руу гарч, масс руугаа хүрч очих нь чухал.  Үг хэлэх эрх чөлөө, үер хоёр хоорондоо ямар холбоотой болохыг өнөөдөр монголчуудын дийлэнх олонх нь ойлгохгүй л яваа…

3.

Үнэндээ, МАН-д наяад оныхон ачааны хүндийг үүрч явахад АН-ын залуус ах нарынхаа ард өтлөж байна гэж тэд шүүмжлүүлж ирсэн.  Атал АН-д залуус нь байна, бодлого нь байна… Гэвч тэдэнд үнэндээ гудамжинд гараад тэмцэх эр зориг алга.

Өнгөрсөн гучин жилд АН-ын ах нар намдаа ч, улс орондоо ч үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн. Юм үнэнээрээ сайхан. Тэд өнөөдөр залуучууддаа зам тавин өгч сууна. Тиймээс АН-ын залуус өчигдрийн хэрүүл зовлонгоо тоочихоос илүүтэй маргаашийн стратегиа шинэчилж, ирэх жилийн сонгуульдаа цаг алдалгүй орох шаардлагатай.
Сонгууль тайзан дээр болдоггүй….! Тиймээс тайзнаасаа буугаад гудамж руугаа гарцгаа, АН-ынхаан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж