
Биднийг танилцах үед Жимми шивээстэй, гитар тоглодог, мотоцикл унадаг, охидыг араасаа гүйлгэдэг ч настай хөгшнийг зам гаргаж өгдөг эр байсан юм. Ямар нэгэн шалтгаанаар түүний тархинд надад хайртай гэдэг бодол бий болж, тэр гэнэтхэн чоно зэрлэг амьдралаас татгалзаж, гэрийн тэжээвэр амьтан болохоор шийдсэн мэт төлөвшиж, гэр бүл зохиож, гал голомтоо асаасан билээ. Тэр бол миний гэрлэсэн Жимми шүү дээ. (санаа алдах)
Гэвч 18 сарын өмнө бидний хүү Бененийг төрөх үеэс тэр маань өөрчлөгдөж эхэлсэн юм. Тэр аажмаар Жимми биш аав болон хувирсан. Тайлбарлая л даа. Би жирэмсэн байхдаа сайн ээж болохын тулд хүүхэд хэрхэн асрах, болон хүүхдийн сэтгэл зүйн талаар нэлээдгүй ном уншсан юм. Миний мэддэг зарим нэг хүн шиг болохгүйг хичээсэн хэрэг л дээ. Миний санаж байгаагаар аливаа зүйлд бэлтгэлтэй байх гэдэг маань хүүхэд байхын зан. Миний уншсан нэг номонд хүүхэд дөнгөж хэлд орж байгаа үед төлөөний нэрийг хэлэхдээ их будилдаг учираас нэр үг аль болох олон хэрэглэж байх хэрэгтэй гэж бичсэн байсан юм. Тэгээд би Жиммитэй, хүүхдээ төрөх үед хэлд хурдан оруулах дээрх аргыг хэрэглэж байхаар тохиролцсон юм. Жишээлбэл бие биенээ аав, ээж гэж дуудаж байхаар боллоо.
“ Ааваа та ээжийн өөртөө хадгалж байсан хагас шил Шардон дарсыг уугаагүй биз? “ эсвэл “ Аав та хөрсөн пицца идмээр байна уу эсвэл ээж, хүү хоёртой хамт хятад хоолонд ормоор байна уу?” гэх мэт.
Онолоор бол эдгээр нэр үгнүүд хүүхдэд үг сайн тогтооход нь тус болох ёстой. Хүү ч хүмүүсийг нэрээр нь дуудаж сурсан бөгөөд тэр сенаторын танхимын Филибастер шиг удаан ярьдаг болсон юм. Харамсалтай нь номонд энэ тухай ганц ч өгүүлбэр байгаагүй ч Жимми бид хоёрын компанит ажилд сөрөг нөлөө гарч ирсэн билээ. Энэ бол хүү хажууд байхгүй байсан ч бид хоёр нэг нэгнээ аав ээж гэж дууддаг болсон байв.
" Ааваа та өнөөдөр зурагтаар The Office-ыг үзэх үү? Шинэ анги гарна ш дээ”
" Тэгье ээ, ээжээ. Харин дараа нь та надад попкорн хийгээд өгөхгүй юу”
Та бүхэн морь унан өдөржин зугаалж, гар гараасаа барилцан ус руу үсэрцгээхээр бассейн руу явдаг байсан Жимми, Сэм хоёрыг ойлгохыг хичээгээрэй. Тэд амралтын өдрүүдийг гэрээсээ гаралгүй секс хийж, дарс уун өнгөрөөдөг байсан юм. Харин буржгар толгойтой өхөөрдөм амьтан гараад ирэхээр энэ бүхэн боломжгүй болж, нөгөө романтик хос танигдахын аргагүй өөрчлөгдсөн билээ.
Ээж гэгч этгээд бүтэн долоо хоногоор ч үсээ угаахаа байж, нэг л янзаар үсээ боож сурдаг бол аав нь ажлаасаа ирээд нэг л өмдөө углаж түүнийгээ элэгдтэл хэдэн сараар ч хамаагүй өмсөнө. Хэдийгээр үүнийгээ өөрчлөх гэж хичээх боловч нар жаргаж ертөнцийн нэг өдөр өнгөрөхөд нөгөө л бахь байдгаараа байна. Энэ бол гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болдог бодит амьдралын л нэг жишээ.
" Нэрэнд ямар учир байна вэ?” Бид бие биенээ сарнай гэж яагаад дуудаж болохгүй гэж. Шекспирийн зохиолд Жульет Ромеод хэлдэг шиг. Гэхдээ тэд ч бас тэр үед дөнгөж болзож эхэлж байсан байх л даа.
Миний нөхөр аав гуай бол жинхэнэ эр хүн. Тэр гэр бүлдээ хайртай, халамжтай, бас үнэнч. Хүүдээ ухаангүй хайртай. Хамгийн гол нь би түүндээ хайртай хэвээрээ. Тэр ч бас надад хайртай гэдгийг галын өрөөнд намайг хоол хийгээд завгүй байхад тэврэн авч энхрийлдэг, сайхан амраарай гэж үнсдэг үнсэлт нь гэрчилдэг юм. Энэ бүхнийг нуршиж байгаагын учир нь дээрх онолын номноос болсон хэрэг. Ээж маань хүүхэд хэрхэн асрах тухай ном уншиж байгаагүй ээ. Гэсэн ч тэр маш сайн ээж байсан. Зөв үү ?
Миний хэлэх гээд байгаа зүйл бол хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд онцгой арга хэрэглэх хэрэгггүй. Зүгээр л түүнийг өвөө эмээ дээр нь зочлуулж бай. Тэд түүнд гайхалтай үлгэр, хууч яриа ярьж өгөх болно.
О. Халиун