Сэлбэ голын усны түвшин тасралтгүй нэмэгдэж байгаагаас зуслангийн бүсийн айл өрх, зам усанд автаж эхэлжээ. Нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд аврах багийнхан хүч нэмэгдүүлж шуурхай ажиллаж байгаа ч үерийн ус даланг нэвчиж байгааг анхааруулж байна. Үүсээд байгаа нөхцөд байдлын талаар Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэлээс тодрууллаа.
-Зуслангийн бүсээс айлуудыг яаралтай нүүхийг анхааруулж байна. Нөхцөл байдал хэр хүнд байна вэ?
-Сэлбэ голын усны түвшин сүүлийн хоёр өдөрт эрс нэмэгдэж, урд шөнийн байдлаар урсац ширүүсч ус 20-30 см нэмэгдсэн байна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голыг гаталдаг гурван гүүр усанд автаж, эвдэрч гэмтэж, хүн зорчих боломжгүй болсон.
Сэлбэ гол зуслангийн бүсэд нийт есөн хэсэгт далангаа хальж урсаад байна. Үүний улмаас зуслангийн бүсийн 200 гаруй айл өрх усанд автаж, онцгой байдлынхан болон бусад алба хаагчид яаралтай авран хамгаалах арга хэмжээг авч ажиллаж байна.
Одоогоор Чингэлтэй дүүргийн зуслангийн бүс буюу 19,24 дүгээр хороонд үерийн бодит эрсдэл учирсан. Хэрэв оройдоо усны түвшин нэмэгдвэл эрсдэлийг тооцоолох боломжгүй.
-Үерийн бүсэд буусан айлуудыг албадан нүүлгэх үү?
-Эхний ээлжид 220 орчим айлын 1000 гаруй иргэнд яаралтай нүүн шилжих зөвлөмж хүргүүлсэн. Эрсдэл нэмэгдвэл албадан нүүлгэх арга хэмжээ авна.
Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлыг тооцоолоогүй байгаа ч Шарга морьтын гүүрний хойд хэсэгт баригдсан зуслангийн нэг байшин хөвсөн.
Тухайн айл өрх эрсдэлтэй бүсэд байсан учир хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Тиймээс голын ай савд байгаа айд өрхийг яаралтай нүүхийг зөвлөж байна.
–Айлуудаас гадна зам, талбай усанд автаж, гүүр нурах эрсдэл үүссэн гэв үү?
-Тийм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүс Шарга морьтын гүүрний хажуугийн зам усанд автсан. Хэрэв усны түвшин нэмэгдвэл гүүрний тулгуур багана хөдөлгөөнд орж, гүүр нурах эрсдэлтэй байна.
Тиймээс иргэдийг зуслангийн бүс рүү зорчихгүй байх, хэрэв зусланд байгаа тохиолдолд хотын төв рүү яаралтай нүүхийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ