“Муухай мэргэжил гэж байхгүй, муу мэргэжилтэн л бий”

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

“Муухай мэргэжил гэж байхгүй, муу мэргэжилтэн л бий”

“Муухай мэргэжил гэж байхгүй, муу мэргэжилтэн л бий”

"Монголоор дүүрэн дипломтой зөөгч, худалдагч, жолооч байна" гэдэг шүүмжлэл өрнөөд удаж буй. Зах зээлд илүүдэлтэй байгаа мэргэжлүүдийг жагсаавал, хуульч, эрх зүйч тэргүүлж араас нь эдийн засагч, санхүү, түүхч, улс төр судлаач, сэтгүүлч удаалжээ. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уяалдах ёстой байдаг. Гэвч энэ асуудал орхигдсоноос их, дээд сургуулиуд нь ажилгүйчүүдийг “үйлдвэрлэдэг” болсон гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.

Улсын хэмжээнд өнөө жил Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зургадугаар сарын 14-18 хооронд зохион байгуулагдсан бол энэ өдрүдэд их дээд сургуулиудын элсэлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд зөвхөн бакалаврын түвшинд л гэхэд 2,842 оюутан эрх зүйч мэргэжлээр,  9 оюутан физикч мэргэжлээр төгссөн байдаг. Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 33 нь буюу 47.8 хувь нь их сургууль, 35 нь буюу 50.7 хувь нь дээд сургууль, нэг коллеж байна. Иймээс их, дээд сургуулиудад эрэлттэй мэргэжлийг сонгон суралцах оюутнууд хэр байгаа, сургуулиуд элсэгчдэд ямар боломж олгож байна вэ гэдгийг сурвалжиллаа.

"Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн талаар нарийн мэдээлэл авч байгаагүй"

Их, дээд сургуульд элсэгчид гол төлөв цахимаар мэргэжлээ сонгон, сонголт хийдэг болжээ. Иймээс бидний зорьж очсон сургуульд шинээр элсэхээр ирсэн хүүхдүүд байсангүй. Харин оюутнууд угтлаа.

МУБИС-ийн Сэтгэл судлал 1-р түвшний оюутан Б.Саруул:

-Мэргэжлээ сонгох болсон шалтгаан, эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн талаар мэдээлэл авч байсан уу?

– Сэтгэл зүйч мэргэжил хүний сэтгэлийг, амьдралыг нь өөрчилж харанхуй амьдралаас гэрэл гэгээ рүү түлхэх хамгийн гол хүчин зүйл гэж боддог болохоор энэ мэргэжлийг сонгосон. Өсвөр насандаа сэтгэл зүйн хувьд маш олон асуудалтай нүүр тулсан. Гэвч тэр асуудлаа ярилцах хүн надад байдаггүй байсан. Ээжтэйгээ ярилцах гэхээр айж эмээгээд ярилцаж чаддаггүй байсан. Эцэстээ над шиг ийм хүүхдүүд олон байсныг мэдээд нэг ч болов хүүхэд битгий шаналасай гэсэн үүднээс энэ мэргэжлийг сонгосон. Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн талаар интернэтээс бичвэр хальт уншиж байснаас нарийн сайн мэдээлэл бол авч байгаагүй.

ШУТИС-ийн Электроник инженер 1-р түвшний оюутан Ц.Амарсанаа:

-Ягаад электроник инженер гэх мэргэжлийг сонгох болсон бэ?

-Миний мэргэжил сонголтод ээж их зөвлөж, нөлөөсөн. Программ, техник аль алинаар суралцсан нөхцөлд төгсөөд ажлын байр их, цалин боломжийн учраас судалж байж сонгосон. Мэргэжил сонголтод нөлөөлөх тест өгч үзсэн нь бас эргэлзээг маань арилгаж,  шууд сонголт хийхэд их хэрэг болсон.

-Эрэлттэй,тэргүүлэх мэргэжлийн талаар сонирхож мэдээлэл авч байсан уу?

-Өөрөө бие дааж судалж цаг гаргаж байж мэдсэн. Багш нар “мэргэжлээ зөв сонгоорой” гэж сурагчдад зөвлөдөг ч яг ямар мэргэжил нийгэмд хэрэгтэй, эрэлттэй байгаа талаар мэдээллийг дутмаг өгдөг нь массаараа гоё гэж боддог мэргэжил рүү шуураад, зарим мэргэжил гологдож, хаягдаад байдаг юм шиг санагддаг. Муухай мэргэжил гэж байхгүй муу мэргэжилтэн л гэж байдаг байх.

МУБИС-ийн Сэтгэл судлал 1-р түвшний оюутан Н.Энхзул:

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид ороход багш нар маань “одооноос мэргэжлээ сонгоорой” гэхэд нь гэр бүлийнхнээсээ надад ямар мэргэжил тохирох бол гэж асууж зөвлөсөн. Дараа нь интернэтээс өөрөө бие дааж судалж, хүмүүсийн блог, бичлэг үзсэн. Би багаасаа дуулдаг, урлагт хайртай хүүхэд байсан тул их эргэлзэж байгаад илтгэгч С.Эрдэнэболд ахын лекцийг сонсоод өөрийнхөө зан ааш, бусадтай харилцах чадвар зэргийг харгалзан үзээд сэтгэлзүйч мэргэжлийг сонгосон. Харин намраас энэ мэргэжлээрээ өөр сургууль руу шилжих бодолтой байгаа. Эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн талаар интернэтээс л хальт жагсаалт гүйлгэж уншсанаас дэлгэргүй мэдээлэл бол огт авч байгаагүй ээ.

Техник технологийн плотехник коллеж 1-р түвшний оюутан С.Отгонболд:

-Би энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 9-дүгээр ангиа төгсөөд, цахилгааны инженерийн ангид элсэн орохоор шийдсэн. Мэргэжилд маань ээж их зөвлөсөн. Ээж их юм уншдаг, мэдээ үздэг мэдээлэлтэй ойр байдаг хүн болохоор “Энэ мэргэжил эрэлттэй байгаа.  Миний хүү коллежийг сонговол яасан юм бэ” гэдэг зөвлөгөө өгсөн. Би эхэндээ бол дурамжхан хүлээн авч, энэ асуудлаар ярьдаггүй байсан. Ээж өдөр болгон шахуу энэ мэргэжлийн давуу талыг магтаж ярьсаар, нэг удаа энэ мэргэжлээр ажилладаг найз дээрээ дагуулж очоод намайг мэргэжилд минь дурлуулчихсан. Би ийм зүйл уншиж байсан юм л даа.  Америк ээж хүүхэдтэйгээ гудамжаар алхаад явж байтал хог цэвэрлэж буй хүн таарч…  Ээж тэр хүн рүү заагаад “хичээлээ сайн хийхгүй бол энэ хүн шиг болно шүү” гэж хэлэхэд хажууд нь хүүхдээ дагуулан алхаж байсан еврей ээж “Энэ хүн бидэнд цэвэрхэн таатай орчин бүрдүүлдэг. Үргэлж талархах хэрэгтэй” гэсэн агуулгатай үг хэлсэн. Надад америк ээж бол монголчуудын нийтлэг дүр төрх шиг санагдаж байсан. Үйлчилгээний байгууллага гэхээр муухай юм шиг санагддаг, үл тоодог. Ээж маань мэргэжил болгон сайхан гэж дандаа хэлдэг.

МУИС-ийн Банк,санхүү 1-р түвшний оюутан Т.Бадамдамдин

-Эдийн засгийн чиглэлд багаасаа сонирхолтой байсан. Эрэлт тэргүүлэх мэргэжлийн талаар ерөнхийдөө мэдэх ч хүн дуртай, хайртай үнэт зүйлээрээ хүссэн газраа байж хэчнээн олон мэргэжилтэн тэр салбарт нь байсан ч амжилт гаргах боломжтой гэж хардаг. Хүмүүс ажил, амьдрал гэж тусад нь ялгадаг хардаг. Гэтэл мэргэжилдээ дуртай, салбартаа хайртай хүнд бол мэргэжил нь амьдрал байх, чөлөөт цагаараа судалж төвөгшөөхгүй ханддаг. Дуртай зүйлээ хийж байгаа хүн бол өөр л байдаг юм. Мэргэжлээ сонгохдоо өөрийн ур чадвар, хоббиг дагасан.

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д биологи, математик, хими, нийгэм судлалд 650-иас дээш оноо авч, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд малын эмч мэргэжлээр элсэх 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувийн сургалтын тэтгэлгийг жил бүр олгохоор болжээ.

ШУТИС-н Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа: 

-ШУТИС нь харьяа арван сургууль бүрэлдэхүүн хоёр сургуультай үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил 113 сургалтын хөтөлбөр буюу мэргэжлээр 6300 гаруй бакалаврын суралцагч элсүүлэхээр квот зарласан. 3850 орчим элсэгч элсэж, элсэлтийн үйл ажиллагаа 60 хувьтай явж байна. Монгол Улсад ирэх таван жилд 40000 орчим инженер ажилтан хэрэгтэй байгаа гэсэн тооцоо гарсан. Манай элсэлт авдаг хөтөлбөрүүд буюу мэргэжлийн 50 хувь тэргүүлэх эрэлттэй мэргэжлүүд багтдаг. Мэдээлэл харилцаа холбооны технологийн сургуулийн элсэлт 100 хувь дүүрсэн. Энэ чиглэлийн мэргэжилд хүүхдүүд илүү сонирхолтой, нийгэмд эрэлттэй байгаа бол усны барилга байгууламж, ус хангамж, ус цэвэрлэгээ, газрын тосны инженерчлэл гэх мэргэжлүүд бол элсэлт бага байна. Элсэгчдэд мэргэжлүүдийн талаар мэдээлэл бага байгаатай холбоотой.

БШУЯ-наас эрэлттэй,тэргүүлэх мэргэжлээр элсэж байгаа хүүхдүүдэд суурь хичээлээр математик, дагалдах хичээлээр физик өгсөн байх шалгуур тавьж, хөдөө орон нутагт суралцаж байгаа тохиолдолд төлбөрийн 50 хувийг хөнгөлөх,3 +1 гэх мэт олон төрлийн боломжийг нэмэгдүүлж байгаа. Мэргэжлүүдийн талаар www.must.edu.mn хуудаснаас авах боломжтой.

МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн: 

-Манайх бүрэлдэхүүн долоо салбар, хоёр сургуультай. Энэ жил 2815 шинэ элсэгч авахаар хяналтын тоо батлуулсан. Одоогоор 2000 гаруй элсэгч элсэн орсон байна. Элсэгчид сэтгэл судлал, нийгмийн ажилтан гэх мэргэжлүүдийг түлхүү сонгох байдал анзаарагдаж байгаа бол байгалийн ухааны багш, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын багш, бага ангийн багш  зэрэг мэргэжлийг сонгох элсэгч бага байна. Угтаа бол  нийгэмд хэрэгцээ, шаардлага, эрэлт ихтэй хүний нөөц дутагдалтай байгаа мэргэжлүүд шүү дээ. Энэ жил гэхэд бид хүний нөөц дутагдалтай байгааг харгалзан үзэж, Сургуулийн өмнөх боловсролын ангийн 3,4-дүгээр курсын оюутнуудаа Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд 100 хувь ажилуулалаа. Элсэгчдийн сонголтод сонгох эрх, нийгэм дэх багшийн нэр хүндийн асуудал, бусад хүчин зүйлс нөлөөтэй. Тэтгэлгүүдийн хувьд ЭЕШ-ын 751-ээс дээш оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувийн  4 жилийн тэтгэлэг, ЭЕШ-ын 650-750 оноотой элсэгчдэд сургалтын төлбөрийн 70 хувийн 4 жилийн тэтгэлэг, ЭЕШ-ын 580-с дээш оноотой эрэгтэй элсэгчдэд эхний жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, нийгэмд хэрэгцээ эрэлт их байгаа зарим мэргэжилүүд дээр олон төрлийн тэтгэлэг бий http://www.msue.edu.mn/ хуудсны тэтгэлэг хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг баталсан юм. Энэхүү мэдээллийг хүргэж байна.

  1. Багш, сургуулийн өмнөх боловсрол
  2. Багш, бага боловсрол,
  3. Багш, математикийн боловсрол
  4. Багш, мэдээлэл зүйн боловсрол
  5. Багш, химийн боловсрол
  6. Багш, биологийн боловсрол
  7. Багш, физикийн боловсрол
  8. Багш, газар зүйн боловсрол
  9. Багш, тусгай хэрэгцээт боловсрол
  10. Багш, хөгжмийн боловсрол
  11. Программ хангамж
  12. IoT /Зүйлсийн интернэт/ технологи
  13. Аялал жуулчлал
  14. Халаалт, агаар сэлгэлт, кондиционар
  15. Сантехникийн инжернечлэл
  16. Хүнс үйлдвэрлэлийн технологи
  17. Хоол зүй, шим судлал
  18. Сэтгэл судлал
  19. Нийгмийн ажил
  20. Нийгмийн эрүүл мэнд
  21. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  22. Хөдөлмөр засал
  23. Хөдөлгөөн засал
  24. Нүүр амны эрүүл ахуйч
  25. Дүрс оношилгоо
  26. Ойн аж ахуй
  27. Мах, сүү судлал
  28. Сувилахуй
  29. Эм найруулагч
  30. Бага эмч
  31. Эх барихуй
  32. Лабораторийн эрхлэгч
  33. Үйлдвэрлэлийн дизайн
  34. Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж