Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

Г.Ганболд: Дуугүй явахаар УИХ-ын дарга дээрэлхэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.07.06/ Төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулах саналыг УИХ-ын дарга гаргасан юм.

Энэ асуудалтай холбогдуулж, нүүрсний олборлолт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шинжлэн судлах үүрэг хүлээн, дээрхтэй чиг үүрэг ижил Түр хороог даргалж ажилласан, УИХ-ын гишүүн Г.Ганболд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрэлхэж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр "Дахиад түр хороо байгуулж байгааг би гайхаж байна. Дуугүй яваад байхаар дуугүй байгаа хүмүүсээ дээрэлхдэг хандлагыг УИХ-ын удирдлагаас гардаг боллоо. Бид нүүрсний түр хороо байгуулаад бүтэн жил ажиллаад сонсгол зохион байгуулъя гээд өчнөөн олон удаа хүсэлтээ өгсөн. Гэтэл яагаад нүүрсний сонсгол хийлгэхгүй байж байгаад хугацаа нь дууссан гэж татан буулгаад дахиад түр хороо байгуулахаар болж байгаа юм. Бид ядаж тайлангаа тавих ёстой. Өмнөх түр хорооны тайлангаа сонсоод дараагийн түр хороо байгуулах эсэхээ ярьдаггүй юм уу. Эхлээд ядаж тайлангаа сонс л доо. Үнэхээр муу ажилласан бол дараагийн түр хороогоо байгуул л даа.

УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сонсгол зохион байгуулах боломжгүй гэж би гарын үсэг зураагүй. Гэтэл танай түр хорооны хугацаа дууссан, нүүрсний хулгайн асуудлаар биш хил гаалийн асуудлаар байгуулсан түр хороо гэж ярьж байна. Манай хороог татан буулгаад шинийг байгуулж байгаад хардах, гомдох сэтгэл төрж байна.  Бид сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сард хийнэ гэж нийтэд зарласан байхад боломжгүй гэж зогсоосон. Үүнээс хойш удаа дараа хүсэлт тавьсан боловч хийлгээгүй” гэв.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар цоллуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар эл асуудлыг хэлэлцэх үед байсангүй. Түүний орлож, чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо олон ажил хийсэн. Тайланг сонсож байж дараагийн түр хороог байгуулах нь зөв. Тиймээс Түр хороо шинээр байгуулах тухай асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулъя” гэснээр энэ асуудлыг хойш тавив.

Харин Г.Ганболд гишүүн Түр хорооныхоо бүтэн жилийн туршид ажилласан тайланг тавьсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж