Төрийн наадам төв цэнгэлдэхэд нээлтээ хийхэд тун бага хугацаа үлджээ. Өнгөрсөн жил тэгш ойн наадмаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэсэн монголчууд энэ жил ч эрчээ алдахгүй биз. Өдгөө хурдан шигшмэл хүлгүүдийн уяа сойлог таарч, хүчит бөхчүүдийн эр бяр нь тэгширч, эрхий мэргэн харваачдын бэлтгэл ханаж, өдөр тоолон хүлээн сууж байгаа нь лавтай. Жил жилийн наадмаар аль нутгийн хэн гэдэг аавын хүү малгайн дөрвөлжин тэмдгээ дугуйруулж, улсын цолтны эгнээнд орох вэ гэдэг асуулт бөх сонирхогчдын дунд гардаг. Улсын наадамд тав давна гэдэг эрээн асрын өмнө зодоглосон бөх бүрт тохиох амжилт биш. Тэгвэл өнөө жил хаанахын, хэн гэдэг бөх улсын цолны өндөр давааг гэтлэхэд ойрхон байгаа вэ?
Мэдээж Архангай аймгийн арслангууд эхэнд нэрлэгдэх ёстой. Энэ жил аймгийнх нь 100 жил тохиож байгаа учир “Бөхбилэгт” дэвжээнийхэн нутгийн зон олноо баярлуулахыг хүснэ. Э.Мөнхжаргал, С.Сүхбат, Л.Отгонбаатар, Д.Ням-Очир, цэргийн заан Ө.Батсуурь нарт тэд найдаж буй.
Цагаан сарын түрүү бөх өнгөрсөн жилийн наадмаар тааруу барилдаж, улсын цол хүртэж чадаагүй. Гэхдээ аймгийн заан цолоо ахиулаад амжсан. Харин С.Сүхбатын бэлтгэлжилт, барилдаан торгон ирэн дээрээ байгаа гэхэд буруудахгүй. Ч.Санжаадамба аварга хүртэл түүнийг магтаж, ирээдүйтэй гэдгийг нь онцолж байлаа. Ерөнхийдөө энэ жил Архангайгаас дор хаяж хоёр улсын цолтон төрөх биз.
Хүчтний өлгий Увсаас Д.Тогтохжаргал, Б.Баянмөнх, Э.Мөнх-Эрдэнэ нар бий. Улсын цолтой дэвжээний ах нар нь ч дүү нараа доор даваанд дэмжих магадлалтай. Харин өнгөрсөн жилийн наадмаар начны даллагатай наадсан Булганаас Н.Намнансүрэн, Б.Очирхүү нарыг бах сонирхогчид буухиаг үргэлжлүүлнэ гэж харж байна.
Ховдынхон ч төрийн наадмыг түрүүг жил дараалан авахыг хүсч байгаа. Үүнээс гадна улсын цолтнуудаа олшруулахаар мөн зорьж буй. Тэгвэл тус хязгаараас Ц.Төмөрцоож, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар улсын цолонд ойрхон гэгдээд буй. Улсын цол хичээсэн, хөдөлмөрлөсөн бүхэнд ирдэг гэвэл бас үгүй. Тэр өдрийн аз, ёндоо гэж бий.
Бяр тэнхээ, эв хаваараа Төв аймгийн Э.Ууганбаяр, Өвөрхангайн Т.Довчинсэмбээ, Говь-Алтайн Т.Сайханжаргал, Дорноговийн М.Бямбадорж, Баян-Өлгийн У.Береке, М.Еркебулан, Говьсүмбэрийн Э.Мөнхбаатар нар начин цолонд хүрчих бүрэн дүүрэн боломжтой. Харамсалтай нь өдийг хүртэл аз дутсаар явна. Мөн Хөвсгөлийн Э.Баасанжав, Говь-Алтайн Я.Бумбаяр, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Төвийн Н.Дашдаваа, Г.Өсөхбаяр, Дорнодын Б.Батдорж, Г.Төрмөнх, Сэлэнгийн Д.Төрболд, Х.Наранбаяр Хэнтийн Д.Алтанцоож, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы Д.Батбаатар, А.Нармандах, М.Амарсанаа зэрэг хүчтэнүүд өнөө жил улсын наадамд тав давахыг үгүйсгэхгүй.
Аз од нь гийсэн, бэлтгэл сургуулилалт нь жигдэрсэн хэний ч аавын хүү тав давж, индэр өөд гарахыг үгүйсгэхгүй.
Холбоотой мэдээ