Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2023 оны долдугаар сарын 4-ний ээлжит бус хурлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Шалгалтад дунджаар 1200 орчим эрх зүйч оролцдог юм. Шалгалт нь сорилго, бодлогоос бүрдсэн 200 асуулттай байх ба үргэлжлэх хугацаа 200 минут байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Монголын Хуульчдын холбоо энэ жил найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орой, эчнээ анги төгссөн эрх зүйчид орох боломж нээгдэж байгаа аж. Монгол Улс хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээг олгох ажлыг 2004 оноос эхлүүлжээ. Түүнчлэн 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар дээрх шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.
Ж.Даваадулам
Холбоотой мэдээ