"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

"Ард түмэнд очих ёстой мөнгө албан тушаалтны гарын салаагаар алга болсон"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2023.07.06/ “Долоон жил далан худал” асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Ардын намынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар “Хэвлийд байгаа хүүхэд чинь хүртэл 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялсан. Гэтэл МАН өнөөдөр монголчуудыг 35 сая төгрөгийн өртэй болголоо. Зөвхөн 2022 онд 5 их наяд төгрөгийн өр нэмж тавьсан, нэгхэн жилийн дотор. Энэ өр хоёр Чингис бондтой тэнцэх өр. Тэр их мөнгөөр юу хийв, ямар бүтээн байгуулалт хийв, хүмүүсийн амьдрал яаж сайжрав, жижиг дунд үйлдвэр яаж хөгжив, ажлын байр яаж нэмэгдэв, байхгүй. Энэ бол идэж уусан мөнгө, хулгайлж зувчуулсан мөнгө. Ард түмэнд очих ёстой мөнгө бүгдээрээ албан тушаалтнуудын гарын салаагаар урсч алга болсон.

Аудитын байгууллагын шалгалтаар 2022 онд баталсан төсвийн 18 их наядаас 5 их наяд нь санхүүгийн зөрчилтэй гарсан. Төсвийг зарцуулах эрхтэй, гарын үсэг зурдаг 6618 албан тугаалтан бий. Нэг хүнд 750 сая төгрөгийн санхүүгийн зөрчил ногдож байна, ямар замбараагүй байна вэ. Ардын нам яаж байна вэ, ард түмний толгой дээр гарсан байна. Хариуцлага тооцох ёстой” гэлээ.

"Нефть боловсруулах үйлдвэр 2021 онд ашиглалтад оруулна гэсэн ч 2026 он болсон"

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-МАН-ын далан худлын нэг нь нефтийн үйлдвэр. Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барьж, 2021 онд ашиглалтад оруулна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр нефтийн үйлдвэр баригдахгүй байна, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Энэтхэгийн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд Монголын ард түмэн 1 тэрбум ам.долларын өр авахаар боллоо. Ажлаа зогсоодог, удаашруулдаг цаана нь төсөв нэмдэг. Ямар ч тооцоогүй, эдийн засгийн үндэслэлгүйгээр эхлүүлсэн энэ ажлынхаа ард гарах ёстой. Далан худлын хамгийн том  амлалтын нэг нь нефтийн үйлдвэр. 2021 онд ашиглалатд орох ёстой үйлдвэр 2026 онд орох болов. Төсөв нь яагаад хоёр дахин нэмэгдэв.

Түр хороог сөрөг хүчнээр удирдуулахгүй бол МАН нүүрсний хам хэрэгтнүүд гэсэн үг

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Эрх баригчид буюу МАН нүүрсний асуудал, 40 их наядын хулгайг замхруулах гэж байна. УИХ дээр Түр хороо яаралтай байгуулаад сөрөг хүчнээр ахлуулахгүй бол эрх баригчид нүүрсний хулгайн хам хэрэгтнүүд гэсэн үг. Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарыг МАН буюу эрх баригчид өөрсдөө тавьсан. Муур багш царайлахгүйгээр нүүрсний Түр хороог дахин яаралтай байгуулж, ард түмнээс уучлалт гуйж, ард түмнийг хохиролгүй болгох ёстой.

Монголдоо амьдрах боломжгүй болсон залуучууд гадаад руу дайжиж байна

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-МАН 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Ажлын байр нь худлаа амлалт байсан байна. Монгол эх орондоо амьдрах боломжгүй болсон залуучууд гадаад руу дайжиж байна. Японы телевизээр өчигдөр тоо баримттай мэдээллээ. Монгол Улсаас 2021 онд 97,981 хүн ажил хайж, гадаад улс руу гарчээ. 2023 онд хэд нь гарах вэ. Амьдралаа залгуулах гэж гардаг байсан бол одоо эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахын төлөө гэр бүлээрээ явж байна. Улаанбаатар хотод хоёр хоног бороо ороход юу болов. Авлигыг илчилсэн үер боллоо. Монгол Улс 1990 оны эзэнгүй айл шиг боллоо. Сувилагч олдохгүй байна, эмч олдохгүй байна, багш нар гадаад руу явж байна. Амлалтаа биелүүлээгүй МАН-д энэ амлалтыг нь байнга сануулах болно.

Хоёр дахь ноцтой асуудал бол, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр ялтан болсоор байна. НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар шүүхийн шийдвэргүйгээр 98 хувийг баривчилдаг гэсэн.Энэний мөрөөр Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төсөл санаачилж, өчигдөр УИХ-д өргөн барьсан. 2016 онд баталсан байсан шүүхийн шийдвэртэй баривчилдаг, хойшлуулшгүй тохиолдол гэдгийг МАН шүүхийн шийдвэргүй баривчилдаг болгож өөрчилснөөс хойш маш их завхрал үүссэн. Маш олон хүний эрх зөрчигдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5-д Ардчилсан намын бүлгийн гишүүд төсөл санаачилж өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад шүүхийн шийдвэргүй баривчилдаг завхарсан асуудал зогсоно.

Эрх баригчид хувийн хэвшлийг элгээр нь мөлхүүлж байна

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-МАН санах ойгүй болчихсон. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найман удаагийн УИХ-ын сонгууль болоход зургаан удаагийн сонгуульд эрх баригчид ялалт байгуулж, 24 жилд дангаар ноёрхсон. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш УИХ-д 65, 62 бүлэгтэй, Ерөнхийлөгчийн засаглалтай, Монголын төрийг 100 хувь барьж байна. Амласан бүхэн нь биелэсэнгүй. Эрээ цээргүй худал ярьдаг. Сонгуульд өрсөлдөхдөө “Зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувийн хүүтэй зээл” олгоно гэсэн. Нэг хувийн хүүтэй зээл авдаг бизнес байна уу, огт байхгүй. Зах зээлийн нээлттэй нийгмийг хувийн хэвшил авч явдаг. Нэг үе Монгол Улсын ДНБ-ийн 70 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж, бизнесийн орлого нь нэмэгдэж байсан. Гэтэл өнөөдөр 70, 80, 90 хувийг төрийн өмчит компани бүрдүүлдэг, бизнес рүү төрийн гар хөл , авлига хээл хахууль, эрх мэдэл нь орчихсон, хувийн хэвшлийг элгээр нь мөлхүүлж байна. Хувийн хэвшил элгээрээ мөлхөнө гэдэг айл бүрийн, хүн бүрийн орлогыг авлигачид булааж авч байна гэдэг агуулга харагдаж байгаа юм. Тийм учраас жилийн 20.4 хувиас доош хүүтэй бизнес ийн зээл авч байгаа хүн алга. Дээр нь орон сууцны ипотекийн зээл зогссон байна. Далан худалчийн үлгэрээс шигшмэл 70 амлалтыг ярихад л огт хэрэгжээгүй байна.

Монголд дундаж давхарга байхгүй боллоо

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монголд дундаж давхарга гэж байхгүй боллоо. Нийт иргэдийн 80-90 хувь нь улныхан.

МАН-ын засаглалын үед цөөн хэдэн компани, дарга нар дээр очоод зогссон. Байнга улсаас тэжээгддэг хэдэн компанитай. Боловсролын индексээр ухарчихсан. Бөөн хэл ам болж, арай гэж англи хэлийг хуульд орууллаа.

Есөн өдөр хүлээгээд хоосон хонов гэдэг шиг юм боллоо. Одоо найм дахь жилдээ зүгээр хурал, цуглаан яриад өнгөрөөх нь илт байна. Алдагдсан долоон жил боллоо. Амьдралдаа хийж, бүтээж босгосон зүйл юу ч алга.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж