"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

"Сэлбэ голыг хааж барьсан барилгуудыг нураана"

Сэлбэ голын далан өнөөдөр /2023.07.06/ дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орсон. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байгаа бөгөөд 11:00 цагийн үед нэмэлтээр 300 алба хаагчийг дайчилж байгаагаа нийслэлээс мэдээлсэн. Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа юм. Иргэдийн зүгээс голын ай сав хааж барьсан орон сууцны хотхон, барилгуудыг нураах, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх гомдолтой байгаагаа хэлж буй. Тэгвэл хотын дарга энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ" гэв.

ГОЛЫН АЙ САВ ДАГУУ ОРШИН СУУГЧИД 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС ХОРОО, ДҮҮРЭГТЭЭ ХАНДСАН

Сэлбэ голын ойролцоох хотхон, хорооллын иргэд үерийн эрсдэлтэй байгаа талаар хоёр жилийн өмнөөс холбогдох хүмүүст хандаж, анхааруулж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрхийн дүүргийн хороод салахаас өмнө дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооны хэсгийн ахлагчид оршин суугчид нэгдэж гомдол гаргаж байсан байна. Өнгөрсөн 2022 оны зун мөн их хэмжээний усархаг бороо орж зарим байрны граж хэсэг рүү нэвтэрсэн учир оршин суугчид арга буюу өөрсдөө нэгдэж Сэлбийн эрэг дагуу үерийн далан хэсэгт портероор элс, хайрга зөөж авч ирж асгажээ. Гэвч хорооны удирдлагууд дэмжээгүй бөгөөд нийтийн эзэмшлийн бүсэд буулгасан тус далангийн нэмэлт шороог буцаан татсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас тодруулахад "Эхний ээлжид өнгөрсөн хугацааны асуудлыг биш одоо байгаа нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдэг чухал. Холбогдох албаны хүмүүс болон дүүргийн удирдлагууд бүгд ирж, ажиллаж байна. Үерийн эрсдэл үүсч болзошгүй газруудад бид зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Ямартай ч нуурлаж үерлэсэн их хэмжээний усыг зайлуулж, яаралтай арга хэмжээг шуурхай авна. Оройдоо голын усны түвшин бүр ч нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас ойролцоох орон сууцанд байгаа иргэдийг орц, гарц хаагдахаас өмнө нүүхийг зөвлөж байна. Хүмүүст учирсан хохирлыг одоогоор тооцоолоогүй" гэлээ.

Ийнхүү оршин суугч, дүүргийн алба хаагчдын хооронд ярианууд үүсч байгаа бөгөөд өнөөдрийн хэмжээнд барилга барьсан аж ахуй нэгж, хороо, дүүргээс уг асуудал дээр албан тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тус голын эрэг дагуух үерт автсан байрнуудын тухайд нийт гурван хотхоны 30 орчим байр байгаа бөгөөд 2015-2017 онд ихэвчлэн баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж