УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн \2023.07.06\-ны өдрийн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Төсвийн тухай хуульд өөөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Боловсролын хуультай хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн болоод техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Хятадын 1955 оны хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуун сухайт Ганц мод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас нэн яаралтайгаар өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн оролцоотой төрийн өмчит компаниудын нүүрс олборлолт боллоод борлуулалт тээвэрлэлт, экспорт, бусад бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгууулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аудитын байгууллагын цалинг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс тээвэртэй холбоотой чөлөөт бүсэд учирч байгаа талаар түр хорооны тайланг сонсоно. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Г.Ганболд: Дахин түр хороо байгуулж байгаад хардах, гомдох сэтгэл төрж байна
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Би дахиад түр хороо байгуулж байгааг ойлгохгүй байна. Дуугүй яваад байхаар дуугүй яваад байгаа хүмүүсээ дээрэлхдэг ийм хандлага УИХ-ын удирдлагуудаас гардаг болчихлоо. Бид нар чинь нүүрсний түр хороо байгуулаад бүтэн жил ажиллаад сонсгол зохион байгуулъя гээд өчнөөн удаа хүсэлт өгсөн шүү дээ. Сонсгол зохион байгуулах боломж олгохгүй байж байгаад хугацаа нь дууссан гэж татан буулгаад дахиад түр хороо байгуулахаар болж байгаа юм. Ядаж өмнөх түр хорооны тайланг сонссоны дараа дараагийн түр хороо байгуулах эсэхээ ярьдаггүй юм уу. Эхлээд та нар ядаж тайлангаа сонс л доо. Дарааллыг нь эхэнд нь оруулаад тайлан дээрээ юу ярихыг нь сонсож байж, муу ажилласан бол татан буулгаж байж дараагийнхаа түр хороог байгуул л даа. УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Би ажлын хэсэгт нь орсон. Ажлын хэсэг сонсгол зохион байгуулах боломжгүй хэмээн гарын үсэг зураагүй. Гэтэл тухайн ажлын хэсэг Б.Энхбаяр энэ тэр ямар шийдвэр гаргасан гэхээр "Танай түр хороо нэгдүгээрт, хугацаа нь дууссан. Хоёрдугаарт, танай түр хороо нүүрсний хулгайн түр хороо биш хил боомтын асуудлаар байгуулагдсан түр хороо" гэж ярьж байна. Үгүй ээ. Өмнөх түр хороо чинь уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийнхний нүүрс экспортлохтой холбоотой гэрээ, эрх зүй, үнийн зохицуулалт, нүүрсний тээвэр ложистикийн үйл ажиллагаа хил боомтын асуудал гэх мэт бүх асуудлууд нь өмнөх түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд орчихсон зүйл. Гэтэл эрх бүхий түр хороог татан буулгаж дахин түр хороо байгуулж байгаад хардах, нөгөө талаас гомдох сэтгэл төрж байна. Бид сонсголоо дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд хийхээр нийтэд зарлачихсан байсан чинь боломжгүй гээд зогсоосон ш дээ. Дахиж хийхээр удаа дараа хүсэлт тавьсан. Ийм байдлаар удаа дараа яваад байж болох юм уу. Энэ асуудлуудыг ярихгүй бол өмнөх түр хорооны 13 гишүүний бүтэн жилийн хөдөлмөр, дээр нь таван хянан шалгагч, таван шинжээч томилоод олон асуудлаар оффтэйк гэрээнүүд төрийн өмчит компаниудын худалдан авалттай холбоотой гэрээнүүд, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар бүтэн жил ажилласан ш дээ. Ядаж дарааллын хувьд тайланг нь сонсчихоод энэ асуудлаа оруу л даа.
Х.Нямбаатар: Монгол-Хятадын хилийн 703 дугаар баганаар хил холболтын цэг тохирсон
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хоёр боомт холбох асуудал нэн чухал. Энэ асуудлыг олон жил ярьсан. Бараг 7-8 жил ярьсан. Одоо хэзээ холбогдох вэ. Хэр хэмжээний мөнгө төгрөг гарах вэ. Цариг нь ямар байх вэ. Хаанаасаа яаж явах вэ. Хэдэн он ашиглалтад орох уу. Ашиглалтад орж байтал нүүрсний чинь үнэ уначих байх аа. Өмнө нь хийсэн Гашуун Сухайтаас ийш тийш тавигдсан төмөр замууд ашиглалтад орсноос хойш ашиглагдаж байна уу. Сайн юм бол өөрсддөө наагаад, шоудаад байдаг. Тааруухан юм бол АН болоод АН-ын тодотголтой хүмүүс рүү түлхдэг. Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй байж АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг байнга буруутгадаг. Тухайн үед та нар олонх байж байгаад яам,тамгын газар нь байгаад хийсэн ажлууд. Ер нь энэ төмөр замынхаа ажлыг яаж шийдээд байна. Укриан ОХУ-ын дайнаас үүдэн ОХУ хоригт орчихсон байна. Биднийг гадна дотныхон ярихдаа төмөр зам, дэд бүтцийн хувьд хойд хөршөөсөө хараат гэж ихээхэн ярьдаг. Цаашид хойд хөрш маань, урд хөршөөс маш их хамааралтай болчихлоо. Цаашид ч хамаарал нь өснө гэж ярьж байна. Бид өмнө нь хэд хэдэн зүтгүүр авч байсан ч ажиллах боломжгүй гэж яриад байна. Өмнөх замуудаа яаж ашиглаж байна. Бүгд очоод сүртэй тууз хайчилаад байсан. Ард түмний өмч хөрөнгө, боломжуудыг ашиг орлогогүй зүйлд хийчихээд дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг зүйл байна.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
-Д.Ганбат гишүүн цар хүрээтэй улстөрч учраас геополитикийн шинжтэй асуулт асуулаа. Миний хувьд энэ асуудалд хариулж мэдэхгүй байна. Царигийн хувьд өргөн, нарийн царигаар Монгол-Хятадын хилийн 703 дугаар баганаар хил холболтын цэг тохирч өргөн, нарийн царигаар хоёр улсын хил рүү зөрж орно. Хугацааны тухайд ТЭЗҮ боловсруулагдах ажил ид шатандаа явж байна. Бид ирэх оны нэгдүгээр улиралд багтааж барилга, угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа наймдугаар сард Монгол-Хятадын төрийн өмчит компаниудын хооронд, мөн Засгийн газрын ажлын хэсгийн оролцоотойгоор ажлын хэсэг хуралдана. Ерөнхий хэлэлцээрийг дагасан нарийвчилсан хэлэлцээрийн төсөл дээр сууцгаана. Энэ ажлууд хэр хурдан хийгдэнэ төдий чинээ цаг хугацаа хожиж ажил эхэлнэ. Үнэ хэдийд яаж гарах нь ТЭЗҮ гарсны дараа нийт ажлын өртөг гарна. Бидний тухайд одоогийн Гашуун Сухайт боомт дээр аваачсан төмөр замын үзүүрээс Монгол Улсын хилийн 0 цэг хүртэлх хоорондо зардлаа өөрсдөө хариуцна. Цаашаах зардлыг БНХАУ-ын тал хариуцна. Хятад, Монголын хилийг дамнан баригдах төмөр замын барилга угсралтын ажлыг үндсэндээ "Чайна энержи" компаниар гүйцэтгүүлэх асуудал дээр хоёр тал тохирсон. Энэ асуудлыг өнөөдөр албажуулна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өмнөх ашиглалтын тухайд Тавантолгой -Гашуунсухайтын хооронд баригдсан 286 км төмөр замаар нүүрс тээвэрлэлтийн процесс явагдаж байна. Таны хэлж байгаачилан нэгдүгээрт, хил холбогдоогүй, хоёрдугаарт, зүтгүүрийн тоо зэргээс шалтгааж энэ төмөр замыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадаагүй гэдэгтээ санал нэг байна. Бид 1955 онд БНХАУ-тай төмөр замын хэлэлцээр байгуулсан. Цаашид хэд хэдэн цэгээр БНХАУ-тай хил дамнасан төмөр замын тээвэрлэлтүүд эхлэх гэж байгаатай холбогдуулж 2004 оны Хил боомтын дэглэмийн хэлэлцээр, 1955 оны төмөр замын хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах асуудал давхар яригдана. Өмнөх 1955 оны хэлэлцээр буюу 1956 оноос хэрэгжиж ирсэн хэлэлцээрээр зөвхөн Замын Үүд-Эрээн боомтын хооронд холбосон төмөр замын хэлэлцээр үйлчилж байсан. Тэгвэл энэ аравдугаар сараас Шивээ хүрэн-Сэхээ боомтын хооронд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусах байх. Үүнээс өмнө хэлэлцээр явагдах ёстой. Ганц мод, Гашуунсухайтын боомтын асуудал холбогдохоор Төмөр замын хэлэлцээрийг нарийвчлах шаардлагатай болж байна. Дараагийн бас нэг амбиц бол ирэх жил багтаж 2004 оны БНХАУ- Монгол Улсын хооронд байгуулагдсан Хил боомтын дэглэмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж Ханги- Мандалыг төмөр замын боомт боогон өртгөн зохион байгуулах хэлэлцээрийн ажил үргэлжилэхээр урьдчилсан байдлаар ярианууд хийгдээд байна. Эхний ээлжинд Ганц мод-Гашуун Сухайт- Бичигтийн төмөр замын боомтуудаа холбох нь хамгийн чухал байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2022 онд гадаад өр, баян хоосны ялгаа огт буураагүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал буурч байгаа боловч нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн орлого 1.7 их наяд төгрөгөөр давсан. Энэ бол нүүрс дээр хийсэн менежменттэй холбоотой. Боломжоо дутуу төлөвлөсөн гэж тооцож байна. 2022 оны төсвийн орлогыг тооцохдоо 2021 оны төсвийн гүйцэтгэлээс 700 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөсөн. Эдийн засгийн өсөлт 4.8 хувь гэж гарсан. Гэсэн хэдий ч бүтээмжийн өсөлт байхгүй. Нэмэгдсэн өртөгт суурилсан өсөлт байхгүй. Гадаад худалдааны эргэлт 21.5 тэрбум ам. долларт хүрсэн боловч худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.доллорын алдагдалтай. Төлбөрийн тэнцэл 779 сая долларын алдагдалтай. Уул уурхайгаас бусад салбар үндсэндээ 1.5 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэж байна. Инфляц 13.5 хувь, урсгал данс 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай, санхүүгийн данс 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай, нөөц хөрөнгө 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Гадаад өр 33.5 тэрбум доллар болж өр багассангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зээллэг 2022 онд 900 сая доллараар өссөн. Засгийн газрын өр 5.9 их наяд төгрөгөөр өссөн. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 835 тэрбум төгрөгөөр буюу 36 хувь өссөн. Халамжийн үйлчилгээнд 1.4 сая хүн хамрагдаж, зардал нь 56.8 хувиар өссөн, ядуурал болоод ядуурах магадлалтай иргэдийн тоо 42.5 хувь байсан бол энэ тоо буураагүй. Баян, хоосны ялгаа 2022 онд буураагүй. Гэмт хэргийн өсөлт 39 хувиар өссөн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болсон боловч хугацаа хэтэрсэн болон анхаарал хандуулах шаардлагатай хэмжээ М2 мөнгөний 12-13 хувь болж өссөн. Өрийн үйлчилгээ 1.1 их наяд орчим төгрөг зарцуулсан байна. 2022 оны Хөгжлийн төлөвлөгөөнд 300 төсөл арга хэмжээг 11.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн боловч 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингээд бид өөрсдөө хуримтлал үүсгэж бүтээн байгуулалт хийж чадахгүй байна. Бүтээн байгуулалт хийж болох зарим зүйлүүдийг зөвхөн гадны зээл, тусламжаар хийж байна. Төрийн болон төрийн өмчит оролцоотой компаниудын гадаад өр 45 их наяд байснаа 53 их наяд болж 8 тэрбум төгрөгөөр өссөн ийм л үр дүнтэй төсвийн гүйцэтгэлийг бид ярьж байна. Төсөвт хэдэн төгрөг нэмэгдэж, цалин тэтгэвэр нэмж байгаа боловч цаад утгаараа Монгол Улсын эдийн засгийн байдал маш хүнд байна. Энэ бол өнөөдөр энд ажиллаж байгаа хэдэн хүнийг буруутгах гээд байгаа юм биш. Өнгөрсөн хугацааны алдагдал. Магадгүй энэ Засгийн газар хамгийн хүнд үед ажиллаж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Монголын хөгжлийн бодлого, загвар нь буруу байна. Хөгжил хариуцсан хүмүүс нь дандаа лебирал загвар ярьдаг. Дандаа ийм замаар яваад хөгжил ирэхгүй. Хуримтлал үүсгэж чадахгүй. Хуримтлалгүй болохоор хийж байгаа бүх ажил нь амь сүнсгүй болж байна. Тиймээс баялаг дээрээ суурилсан төрийн оновчтой бодлого, хувийн хэвшлээ дэмжсэн, манлайлагч нараар манлайлуулсан хурдтай хуримтлал үүсгэдэг хослосан загвар хэрэгтэй. Хөгжлийн загвараа эргэж харахгүйгээр юунд ч хүрэхгүй. Энэ байдал цаашид улам даамжирна.
Төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж:
-Б.Баттөмөр дарга эдийн засагч хүнийхээ хувьд маш зөв дүгнэлт хийж байна. Танд талархаж байна. Сүүлийн долоон жилийн турш Монголын эдийн засаг 12-15 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, 2022 онд нэг доллар 2800 төгрөгтэй тэнцэж байсан бол 2023 онд 3400 төгрөг орчим болоод өссөн. Үүний зөрүү болох 600 төгрөг нь эдийн засгийг төгрөгөөр өсгөж байгаа мэт харагдуулж байгаа. Өнгөрсөн 2022 онд инфляци 19 хувьтай гэж Үндэсний статистикийн газраас гаргасан. Бодит байдал дээр тийм биш. Биднийг 2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр улсын төсвийн тодотгол хийж, тэтгэвэр нэмж байхад нэг шуудай гурил 50 мянган төгрөг байсан. Оны эцэс гэхэд 100 гаруй мянган төгрөг болсон. Нэг дахин өсөөд цааш явсан. Тэгэхээр бодит амьдрал дээр 19 хувийн инфляц биш түүнээс өндөр бий. Ард түмний халаасыг хоослох ажлыг Засгийн газар гаргууд хийсэн. 2022 онд нийт 5 их наяд төгрөгийн өр тавьсан байна. Энэ бол хоёр Чингис бондтой тэнцэх хэмжээний өр. Үүгээр ямар бүтээн байгуулалт хийв гэхээр нэг ширхэг ч юмгүй сууж байна. Гадаад өр 33.9 тэрбум ам.доллар болж түүхэндээ хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Тухайлбал, 2016 онд гэдсэнд байгаа хүүхэд чинь 15 сая төгрөгийн өртэй гэж айлгаж байсан МАН өнөөдөр хүн бүрийг 33 сая төгрөгийн өртэй болгочихоод сууж байна. Харамсалтай нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Иргэдийн амьдрал байдаг байрандаа. Нийт хүн амын 1|3 нь ядуу, ядуурсан, гурван хүний хоёр нь ажилгүй, ажиллах насны ихэнх нь гадаад руу дүрвэж гарсан орон болж хувирлаа. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ үед орж ирж байгаа орлогоороо ЖДҮ-ийг дэмжих, үйлдвэрүүд байгуулах, ажиллах хүчний цалинг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Хамгийн сүүлд хэлэхэд 5 их наяд төгрөгийн зөрчил 2022 онд гарсан шүү. Нийт төсвийн чинь 30 хувь шүү дээ. Юу болж байна вэ. Яасан хариуцлагагүй байна вэ. Ийм хариуцлагагүй гүйцэтгэх засаглалын ажил дээр парламент Хяналт шалгалтын хуулиараа тодорхой ажлууд хийхгүй бол болохгүй гэдгийг хэлье.
Б.Пүрэвдорж: Төсвийн гүйцэтгэл дээр хариуцлаггүй, харгис хандаж байна
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Арай хийж ажил хийх боломж олдсон он бол 2022 он байсан. Тийм учраас төсөв хөрөнгө хэлэлцэхдээ 2020, 2021 он гэсэн ковидын жилүүдийн дараа нөхцөл байдал нааштай эргэж байна. Сангийн сайдын хэлж байгаагаар 2022 оны сүүл гэхэд ашиглалттай байсан эдийн засаг 4.8 хувь болж өссөн, нүүрс тойрсон авлига хулгайг зогсоосноор валютын нөөц нэмэгдсэн зэрэг эерэг үр дагаврууд гарсан. Бид 2022 оны төсвийг нэлээд өөдрөг үзэл бодолтой баталж өгсөн. Аливаа ажилд гүйцэтгэл үр дүн гэж маш чухал байдаг. Энд татвар төлөгчдийн мөнгө бий. Гэтэл 2022 оны төсвийн гүйцэтгэлээс харахад зогссон, удаашралтай, хийгдээгүй ажлууд олон байна. Би гэр хорооллын дахин төлөвлөлт дэд бүтэцтэй холбоотой асуудлыг яриад байна гэхээр үер болоогүй хоёр гурван өдрийн шиврээ бороо ороход яаж үеэр бууж, хөрсний бохирдол ямар түвшинд хүрэв. Гэр хорооллын бохирдсон хөрс тэр чигээрээ хотын төв рүү орж ирж байна. Хотын төвд ус хамгаалах технологио хийгээгүйгээс болоод усанд автаж байна. Авлига хорооллыг тойрсон ус алдалтыг та нар хар даа. Энэ бүхэн юу юм бэ. Энэ бол төсөвт тавих хяналт хариуцлага байхгүйгээс гүйцэтгэл муу, хариуцлага тооцдоггүй зэргээс шалтгаалж байна. Аудитын дүгнэлтэд сөрөг буюу хязгаарлагдмал гэж гарсан ялангуяа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, гурван гэрээт ажлын гэрээний хугацаа дууссан, гэрээний гүйцэтгэл удаашралтай, хийгдээгүй, гэрээг нь сунгаагүй, аудитаар өгсөн гэрээг хэрэгжүүлээгүй, засаг даргын захирамж биелээгүй, нийслэлийн өмчид шилжүүлсэн 18 орчим тэрбум төгрөг нь тусгагдаагүй, яаж зарцуулсан нь тодорхойгүй гэдгийг дурдсан байна. Үүнд ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлага тооцох механизмтай баймаар байна. Төсвийн байнгын хорооноос оруулж ирж байгаа хуулийн төслийг баталчихвал болох юм шиг яриад байх юм. Шат шатандаа хариуцлага тооцмоор байна.
Төсвийн зарлагын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж:
-М.Оюунчимэг гишүүний шүүмжилж ярьж байгаа нь зөв өө. Хүйтэн сэтгэлтэй хүмүүс төсвийн гүйцэтгэл дээр хариуцлаггүй, харгис хандаж байна. Ер нь бол төсвийн хөрөнгө оруулалтаар маш олон ажил хуваарилдаг. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо иргэдийн эрх ашгийг хангасан хөрөнгө оруулалт тавьдаг. Тухайлбал, үерийн далантай холбоотой олон хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын болон улсын төсвөөр хангалттай хийсэн. Ялангуяа Чингэлтэй дүүрэгт. Гэтэл тендер шалгаруулалтад нь өөрийн цүнхтэй компаниа оруулдаг, 10 хувийг нь авдаг явдал хэрээс хэтэрсэн. Тийм учраас үүнд эргүүлээд хариуцлага тооцох мехнанизм байхгүй. Өөрсдийн хамаарал бүхий нөхдүүдээрээ тендерийн ажлыг нь хүлээж авдагаас болоод чанаргүй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа нь төсвийн гүйцэтгэлд муугаар нөлөөлж байна. Тийм учраас төсвийн гүйцэтгэл дээр УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн дагуу албан тушаалтанд хариуцлага тооцох сонсгол хийх замаар төсвийн гүйцэтгэлд хүйтэн хандсан хүмүүст хариуцлага тооцох ажлыг парламентын хүрээнд хийж явахгүй бол Засгийн газар нь толгой дээр гарчихлаа. Гүйцэтгэх засаглал дураараа авирладаг явдал хэрээс хэтэрлээ. Энэ жил буюу 2023 оны төсөв дээр нийт гурван хөрөнгө оруулалт тавигдсан. Түүний хоёр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автобус авахаар 300 тэрбум, түгжрэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан гэж ойлгож байгаа. Гэтэл Ховд аймагт хөрөнгө оруулалт тавигдсан. Гэтэл түүнийг өнөөдрийг хүртэл тендерийг нь шалгаруулахгүй сууж байна. Ганцхан тендер шүү дээ. Үүнээс юу харагдаж байна гэхээр тендерийн ард хэдэн албан тушаалтан авлига хараад сууж байдаг. Таалагдахгүй бол буцаадаг. Ийм зүйл хэрээс хэтэрлээ. Тиймээс төсвийн гүйцэтгэл дээр хариуцлагтай хандаж, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих, баталсан хуулийн хэрэгжилтэнд хариуцлага тооцох тэр механизмыг бий болгоно.
Б.Чойжилсүрэн:Д.Өнөрболор гишүүн ээ, та хэтрүүлэгтэй яриад байгаа шүү
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Гаалийн тариф болоод гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр гол нь эрчим хүчний салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр дундаа системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр анхаарсан. Хэрэв системд байгаа цахилгаан станц, дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцуудын тоног төхөөрөмжүүдийг Монголд үйлдвэрлэдэггүй төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирэх юм бол гаалийн албан татвараас чөлөөлөхөөр оруулж ирж байгаа. Энэ бол эрчим хүчний салбарт олон жилийн хугацаанд хийгдээгүй техник, технологийн шинэчлэлийн асуудлууд, инноваци шингэсэн техник технологийн дэвшлийг ашиглах боломжийг хангаж өгсөн. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа эрчим хүчний салбар дээр сүүлийн олон жилийн хугацаанд дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд тэр дундаа эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангаж байгаа ААН-үүдэд энэ хэмжээний дэмжлэг үзүүлж байсан түүх байхгүй. Техник, технологийн хувьд хуучирсан. Аймаг орон нутаг хот хөдөө ялгаагүй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ үндсэн дээр Засгийн газраас тус хуулийг нэн яаралтай горимын хүрээнд өргөн мэдүүлж оруулж ирсэн. Төсвийн байнгын хороо УИХ-ын Дэгийн тухай хууль, чуулганы дэгийг баримталж тус хуулийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудал ААН-ийн орлогын албан татвартай холбоотой явсан. УИХ-ын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт нь гарсан. Үүн дээр ямар нэгэн зөрчил байхгүй гэдэг дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ хүрээндээ УИХ, холбогдох байнгын хороо хэлэлцээд явж байгаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Д.Өнөрболор гишүүн жаахан бухимдалтай байх шиг байна. Өөр бодолтой байгаа хүний үзэл бодлыг хүндэтгэж таны саналыг хүлээж авахыг хичээлгүй яах вэ. Гэхдээ бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь ээ. Та бас сүүлийн үед хэтрүүлэгтэй яриад байгаа шүү. Улаанбаатар хотод 1000 уурын зуух баригдахгүй ээ. ТЭЦ-3, ТЭЦ-2, ТЭЦ-4 дээр нүүрс хэрэглэж байгаа. Үүнийг ойрын жилүүдэд үргэлжлүүлэн хэрэглэхээс өөр арга байхгүй. Харин таны шүүмжлээд байгаа 1.5 МгВТ хэмжээ бол 36 мянга орчим М2 талбайг халаах хэмжээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, 300 орчим айл гэсэн үг. 300 айл тус тусдаа сайжруулсан шахмал түлш түлээд хорт утаа ялгаруулж байгаа нь үнэн. Үүнийг нэг дулааны станц болгоод станц дээр нь бүрэн шаталттай зуух тавьчих юм бол агаар мандалд ялгаруулж байгаа хорт хэмжээ 10 дахин буурна. Тиймээс ямар ч байсан утааг бүрэн арилгаж чадахгүй юм гэхэд байгаа санхүүгийнхээ бололцооны хүрээнд утааг бууруулах арга хэмжээг эцэс төгсөлгүй аваад явъя гэсэн ийм л бодлогоор оруулж ирсэн. Тиймээс гишүүд та бүхэн Засгийн газраас оруулж ирсэн энэ шийдвэрийг дэмжиж өгөөч гэж хүсье.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Гол асуудал нь энэ хуулиар дамжуулаад Шинэ сэргэлтийн бодлогын том зорилго, бодлоготой зэрэгцээд Улаанбаатар хотод түүхий нүүрсээр утаа үйлдвэрлэх асуудал давхар орж ирж байна. Нийт 1.5 МгВТ-ын хүчин чадалтай станцууд 1000 зуух үйлдвэрлэж байгаа. Эдгээр хорт утаа үйлдвэрлэх 1000 зуухууд бүрэн шаталттай байх бүрэн боломжгүй. Зөвхөн түүхий нүүрс ашиглах боломжтой байгаа юм. Төрийн зүгээс түүхий нүүрс ашиглахыг хориглочихсон. 200-300 айл өрхөд "та нар зөвхөн сайжруулсан түлш түл" гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл үүнийхээ эсрэг 1000 зуух түүхий нүүрс түлэх 1.5 МгВТ-ын уурын зуухууд Улаанбаатар даяар бий болох ийм нөхцөл байдал үүсч байгаа. Тийм учраас та бүрэн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж өгнө үү
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Д.Өнөрболор гишүүн ээ. Нэг зүйлийг амьдралтайгаа нийцүүлэх гэж оролдоё. Тухайлбал, Гачуурт руу ТЭЦ-3-аас дулааны шугам татахаар замдаа хөрөөд тэр дулаан очихгүй байна. Тэгэхээр Улаанбаатар хотод ийм тодорхой хэсгүүд бий. Тэр хэвд нь тархмалаар нь дулааны станц бариад шийдэх. Газ гэдэг сэдэв 2030 оноос нааш бүрэн орж ирэхгүй нь ээ. Цахилгаанаар халаая гэсэн тохиолдолд 3 гВт цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Зүйрлээд хэлбэл, ТЭЦ-4 шиг дөрвөн цахилгаан станц халаана. Энэ ажлыг мөнгө нь байгаад хийхээд дор хаяж 5-6 жил шаардагдана. Энэ хоород уян хатан байж, боломжоороо энэ утааг багасгах тухай оролдож байна.
Д.Өнөрболор: Олны анхаарал суларсан үед иргэдийнхээ эсрэг хууль батлах нь
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Нийслэл Улаанбаатар хотод татваргүйгээр ашиг олох зорилготой, хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хуулть батлах гэж байна. Даваа гаригийн байнгын хорооны хурал дээр миний бие эрх зүйн дүгнэлт гаргуулахаар санал гаргасан. Энэ дүгнэлт одоогоор гараагүй байна. Энэ дүгнэлт гарч танилцуулагдаагүй байна. Тэгэхэд Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирлээ. Энэ үйл явцаас харахад олон нийтийн анхаарал сарнисан баяр наадмын өмнө хүч түрж, улайрч байгаа нь иргэдийн эсрэг увайгүй гэмт үйлдэл юм. Хууль зүйн дүгнэлтээр Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцээгүй, зөрчсөн гэх дүгнэлт гарвал энэ хууль Үндсэн хуулийн зөрчилтэй батлагдаад явах нь ээ. Энд ямар нэгэн нөлөөлөл байна уу. Энэ бол нэг юмны хоёр тал шүү дээ. Уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлттэй оруулж ирэх, түүнийгээ угсраад хорт утаа үйлдвэрлэх, мөн ААН-ийн албан татвараас чөлөөлөгдөх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна. Тиймээс гишүүд ээ, үүнд анхааралтай байж иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа энэ хуулийг батлахгүй байхыг дэмжиж өгөөч гэж хүсье.
Холбоотой мэдээ