ШХАБ-д Беларусийг жинхлүүлээгүй шалтгаан

ШХАБ-д Беларусийг жинхлүүлээгүй шалтгаан

ШХАБ-д Беларусийг жинхлүүлээгүй шалтгаан

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын 22 дугаар дээд түвшний уулзалтаар өмнө ярьснаас нь зөрсөн асуудал гарсан тул олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүүтэй холбогдож дахин ярилцав. 


-ШХАБ-д Беларусь улс жинхлээд бүрэн эрхт гишүүн болно гэж Та хэлсэн. Гэтэл тэгсэнгүй. Ямар шалтгаанаар тэгэв, Та дэлгэрүүлнэ үү?

-Иран энэ удаа бүрэн эрхт гишүүнээр албан ёсоор бүртгэгдлээ. Гишүүдийн тоо албан ёсоор 9 улс боллоо. Харин албан бусаар 10-т хүрсэн гэж би үзэж байна. Учир нь Беларусийг  жинхлүүлэхийн тулд “ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статус олгохын тулд хүлээлгэх үүрэг хариуцлагын тухай” Меморандумд гарын үсэг зурлаа. Долдугаар сарын 1-нд Беларусийн Үндэсний хурлын төлөөлөгчидын танхим (парламентын доод танхим) нь “ШХАБ-ын хүрээнд олон улсын гэрээнд БНБельУ нэгдэх тухай” хууль баталсан. Тэгээд ч саяын Нью Делийн виртуал саммитын үед ШХАБ-д нэгдэж орохын тулд 47 гэрээ, хэлэлцээрт Беларусь гарын үсэг зурсан, “47+1” буюу бүрэн эрхт гишүүний статустай болохын тулд хүлээх үүрэг хариуцлагын тухай тэрхүү Меморандум ороод нийт 48 баримт бичиг болж байна.

Беларусь улс 2023 онд жинхэлчихнэ гэж би таамгаар огт яриагүй л дээ. Беларусь тус байгууллагад жинхлэх асуудлыг энэ 2022 оны 7 дугаар сарын 15-нд албан ёсоор тавьсан, “Гишүүн орнууд нь эв нэгдэлтэйгээр хүлээн авна” гэдгийг ШХАБ-ын ЕНБД хятадын дипломатч Жан Мин албан ёсоор зарлаж байсныг би эш үндэс болгосон хэрэг. Тиймдээ ч Беларусь ажиглагчаасаа шат ахих боллоо гэдэг нь өмнөх дээд түвшний уулзалтаас тодорхой болсон асуудал юм. 2022 оны 9 дүгээр сард Самаркандад чуулсан саммит дээр Беларусийн хүсэлтээр ШХАБ-д жинхлүүлэх асуудлыг хоёр жил биш, нэг жил болгож хурдавчилсан форматаар элсүүлэх тухай ярилцаж, Беларусь ч өөрөө үүрэг хүлээх болж, нэг жилд багтаан бүх гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, хууль тогтоох дээд байгууллагаараа батлах, хариуд нь ШХАБ-ын бүх гишүүд 2023 онд Энэтхэгт болох дээд түвшний уулзалт дээр гарын үсэг зурж жинхлүүлэхээр ярьж тохиролцсон учраас Беларусь жинхэлчих болов уу гэсэн итгэлээ би дээр ярьсан хэрэг. Тийм учраас де-факто жинхэлчихлээ гэж үзэж болно. 2024 онд дараагийн даргалагч улс Казахстанд болох саммит дээр Беларусь де-юре жинхлэх нь гарцаагүй.

-Энэ удаа хойшлуулсныг та юу гэж харж байна вэ?

-Энэ удаа нэг жилээр хойшилсон нь улс төрийн шалтгаантай асуудал биш, техникийн шалтгаанаар хойшилсон болов уу гэж ажиглагчид үзэж байна. Беларусь өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчэхсэн байна. Харин Самаркандад ярьснаасаа ШХАБ нь буцчихсан, Беларусьт итгэл төрүүлээд дахин нэг жилээр хойшлуулсан дүр зураг л бууж байна. Миний хувьд, судлаачийн хувьд өөр нэг өнцөг харагдаж байна. Украин дахь дайнд Беларусь де-факто түрэмгийлэгч улс болчихсон, олон улсын санкц тавиулсан, Пригожины зэвсэгт үймээнд хөндлөнгөөс зуучлагч болж оролцсон, Орос цөмийн зэвсгээ Беларусьт байрлуулна гэсэн, тэр утгаар муугаар нэрээ дуурсгуулж яваа хоёрын хоёр улсыг нэгэн зэрэг ШХАБ-д жинхлүүлэх нь энэ байгууллагын нэр хүндэд нөлөөлнө хэмээн Оросоос бусад нь, ялангуяа БНХАУ-д үзсэн байх магадлалтай.

-Де-факто жинхлэх, де-юре жинхлэх гэдгээ тодруулахгүй юу?

-ШХАБ нь де-факто 10 гишүүнтэй болчихоод байгаа нь үнэн юм. Хууль тогтоох байгууллага нь “ШХАБ-ын хүрээнд олон улсын гэрээнд БНБельУ нэгдэх тухай” хууль батлан мөрдөж байгаа энэ улс ажиглагч хоёр–Монгол, Афганистантай зэрэгцээд нэг жил ажиглагч байх нь ёс төдий үзэгдэл юм. Идэвхтэй ажиглагчаараа үлдэнэ хэмээн байр сууриа хатуу илэрхийлж, хөршүүддээ ойлгуулсан Монгол Улс, лалын хэт даврагчид засгийн эрх аваад олон улсын тавцанд эх орноо түгжчихээд байгаа Талибаны Афганистан хоёрыг жинхлэх зам нь шулуудчихсан Беларусьтай зэрэгцүүлэх нь хэлбэр төдий цаг зуурын асуудал юм. Талибаны Афганистаныг де-юре ШХАБ-ын гишүүн болохоос де-факто биш гэсэн дүгнэлт гадаадын судлаачдын дунд түгээмэл явна лээ. Де-факто гэдгийг “хэрэг дээрээ”, “бодит ажил үйлсээрээ” гэсэн ухагдахуунаар ойлгож болно. Беларусь үнэндээ жинхэнэ гишүүн шиг л идэвхтэй яваад байгаа. Тийм өнцгөөс байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ тэр нь энэ удаа эрх зүйн хувьд хуульчлагдсангүй. ШХАБ-ын жинхэнэ нийт гишүүн улсуудтай нэгэн зэрэг эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсангүй. Де-юре жинхэнэ гишүүн биш гэдэг нь ингэж тайлбарлагдана.

-Казахстаны Ерөнхийлөгч ШХАБ-д шүүмжлэлтэй хандах шиг болдог юм, тийм утгатай үг хэлчихсэн үү?

 –“ШХАБ-ын оршин тогтносон 20 гаруй жилийн хугацаанд ШХАБ-ын ивээл дор эдийн засгийн ямарваа нэгэн том төсөл хэрэгжүүлж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн ШХАБ-ын дээд хэмжээний виртуал уулзалт дээр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн л дээ. Оросоороо “ни одного” гэснийг нь “ямарваа нэгэн” гэж манайхан жиргээнд буулгасан байна лээ. Түүнээс биш “ганц ч төсөл хэрэгжүүлж чадаагүй” гэвэл яг бодитой хөрвүүлэг нь болно. Дэндүү чамласан өнгө аясаар дуулдаж байна.  Хорин жил ажиллаж ажиллачихаад ганц ч бүтээн байгуулалтгүй хуралдаад сууж байна гэсэнтэй адил үг бус уу? “Төслийн үйл ажиллагааг санхүүгээр дэмжих механизм байхгүй нь илэрхий фактор” хэмээн Токаев дүгнэсэн. Тэгээд хөрөнгө оруулалтын хамтын фонд байгуулж, чухал төслүүдээ дэмжүүлэх, ШХАБ-ын эрчим хүчний стратегиа 2024 оны Астанагийн саммитын наана боловсруулж бэлэн болгохыг санал болгоно лээ.

Бас нэг анхаарал татах айхтар дүгнэлт хэлнэ лээ. ШХАБ руу хандуулаагүй, Орос руу л хандуулж хэлсэн болов уу. Путины одоогийн бодлогыг далдуур шүүмжилсэн, Украинд явуулж буй дайныг нь эсэргүүцсэн өнгө аясаар “ШХАБ нь Дорно-Өрнийн хооронд геополитикийн хагарал хэрхэвч гаргаж болохгүй. ШХАБ бол тулхтай тогтвортой энх тайвнаа дэлхийн хамтын нийгэмлэгт санал болгож чадна, тэгэх ч ёстой” гэж хэлснээрээ Өрнөд ертөнцтэй халж үзэлцэж ялна, Украинд НАТО, Өрнөдтэй нэгэн зэрэг байлдана гэж мэдэгддэг Оросын эрх баригчдын эсрэг Токаев ШХАБ-аа уриалан дуудсан шиг бууж байна.

-Казахстаны Ерөнхийлөгчийн хэлсэн үг манай улсын байр суурийн илэрхийлэл юм биш үү? Манай улс чинь бүтээн байгуулалт л хүсээд байгаа шүү дээ?

-Тэр өнцгөөсөө бол манай улсын байр суурьтай адил байна. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улсаар элссэнээс хойш тус байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн. Бид газар зүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулахыг зорьдог. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он хүртэл боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг 6 багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан. Тэрхүү бодлогоо хөрш ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилттой уялдуулж боловсруулсан. Энэ бодлого бол олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр гэж үздэг. Боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтад  бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Харилцан ашигтай төслүүдэд оролцоход бэлэн байна. Энэ маань л ШХАБ-ыг харах манай өнцөг шүү дээ. Тэр утгаар Казахстаны Ерөнхийлөгч ноён Токаевын хэлснийг хоёр гараа өргөөд л дэмжих ёстой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-06 213.87.129.228

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Лхагва очир 2023-07-06 66.181.161.8

Токаевын хувьд Америкийн гуйлтыг дамжуулж байгаа юм уу даа

Avatar

Зочин 2023-07-06 66.181.160.107

Гүүэээ олон юм яриад толгой эргүүлэх хэрэгүйээ …Беларусь тусгаар улс мөн юм уу ?… Ямар нэгэн олон улсын байгууллагад элсээд байх хэрэг байна уу ?. Оросын нэг л муж юм биш үү ?. ..

Avatar

Нэргүй 2023-07-06 202.179.25.93

Oros Hitadiin dundiin muj Ar Mongol bas baidag

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

Казахстан өөрөө юу ч хийхгүй , зөвхөн бусдыг шүүмжлэнэ. Шүүмжлэх байр сууринаас л хандана. ОХУ, Белорусь улсуудыг устгахаар бүлэглэн дайрч буй барууны чононууд, нацистүүдийг дэмжинэ..Казахстан Монгол мэт барууны чиг хандлагатай орнууд гишүүн, ажиглагч байх шаардлага байна уу. Хаашаа ч хөрвөж урваж чадах найдваргүй орнууд. Хятад Оросын нөлөөнөөс эмээж Монгол улс гишүүнээр элэсдэггүй гэж бичсэн байна лээ.Манай нэр хүнд ШХАБ-ын хүрээнд унасан. Харилцаа хөгжүүлэх гэж гүйх хэрэггүй

Avatar

Зочин 2023-07-06 103.57.95.252

Орос хятадаас харилцаагаа таслаад, барууны долларын өрөнд ороод нүүрсээ идээд, хонио хариулаад хэвтээд байх уу.

Avatar

Нэргүй 2023-07-06 202.131.225.197

эзгүй хээр харанхуйд шарсан мах үнэртүүлж, тэр лүү зүтгэсэн амьтан торонд орохоос өөр гарц гүй болно доо, монгол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж