УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

УИХ-ын гишүүд малчдынхаа НДШ-ийг төрөөр даалгана

Жил бүрийн наадмын өмнө УИХ-ын хаврын чуулганыг хаадаг жишигтэй ч УИХ-ын дарга Г.Занданшатарын ам алдсанаар бол наадмын дараа завсарлуулж мэдэхээр байна.

Уг нь УИХ хаврын чуулганаар нийт 58 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс гол хуулиудаа баталсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар сонгохоор болгож, хуульчлан баталгаажуулсан.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар өрсөлдөгч нартаа тээг тавьж чадсан. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгуулиар нэг хувийн санал авсан улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг олгоно гээд цонхны цаанаас чихэр долоолгочихсон. Өөрөөр хэлбэл,  ирэх онд болох УИХ-ын сонгуулиар эрх баригчид үнэмлэхүй ялалт байгуулж чаддаггүй юм аа гэхэд хамтран Засгийн газар байгуулах хэмжээний суудал авах өөрсөддөө ээлтэй заалтуудыг дээрх хуульд суулгаж чадсан гэж хэлж болно.

Харин одоо Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд шигтгэсэн “Малчид өөрсдөө сайн дураараа Нийгмийн даатгалын шимтгэл төлбөл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, төрөөс 50 хувийг нь даах заалтыг баталчихвал малтай гишүүдийн хувьд санаснаа 100 хувь амжуулчих гээд л байна.

Авлигатай тэмцэх газраас гаргасан 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр УИХ-д сууж буй гишүүдийн тэн хагас нь малтай. Тухайлбал, “Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даахгүй бол бүгд халамжийн хүмүүс болно” гэж уянга хадаах УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нэг тэрбум 362 сая төгрөгөөр үнэлэгдэх 244 хурдан удмын адуу, 142 үхэр, 854 хонь, 255 ямаатай байх жишээтэй. Мянгат малчны шагнал гардаагүй л болохоос биш хэзээний болзлыг нь хангасан байгаа нь Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж буй.

УИХ-д сууж байгаа мянгат малчин гишүүдийн нэрс Б.Бат-Эрдэнэ, Ц.Туваан, Ц.Анандбазар, С.Бямбацогт гээд үргэлжилнэ.

Мянган толгойд хүрэхгүй ч 500-800 тооны малтай гишүүдийн тоонд Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан, Ж. Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар орно. Малаа өөрсдөө малладаггүй малчнаар хариулуулдаг тул Нийгмийн даатгалын шимтгэлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр даалгачих нь нэлээн том тус л даа.

Иймээс Засгийн газар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ дээрх заалтыг оруулж ирсэн байдаг юм.

Хэдийгээр олон нийт эсэргүүцэж байгаа ч тэд зүтгүүлсээр буй. Иймээс хаврын чуулганыг наадмын өмнө хаасан ч, наадмын дараа хаасан ч татвар төлөгчдөд хамгийн халтай заалт батлагдах нь тодорхой болоод буй. Эл заалт батлагдсанаар улсын төсвөөс жил бүр 25 тэрбумыг малчны Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даахад зориулж гаргах юм.

Энэ нь нэг талдаа ирэх онд болох УИХ-ын сонгуулиар ашгаа өгнө гэж харж буй нь тодорхой. Учир нь улсын хэмжээнд 220 мянга гаруй малчин бий. Улаанбаатар хотод хавтгай ялагдлаа гэхэд ядаж орон нутгаас санал авахад малчдын санал чухал. Хэдийгээр нийт малчдын 25 хувь нь одоогоор өөрсдөө Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг гэж байгаа ч дээрх хууль батлагдсан нөхцөлд төрөөр л даалгана.

Хаврын чуулганыг хаахын өмнө УИХ Газрын тухай хуульд ганц өгүүлбэртэй өөрчлөлт оруулах нэрээр хуулийн хулгай хийх гэж байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сошиалд сэвснээр олон нийтийн анхаарлын төвд оруулсан.

Тэрбээр жиргээндээ “Энэ долоо хоног УИХ-ын хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд. Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа. Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн” гэж сэвсэн юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуг нь даруй барьсан. Тэрбээр хариу тайлбартаа “Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо гээд гүтгээд байгаа зарим нэг хүнд хариу өгье. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе. 1993 оны хууль: “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”. 2013 оны хууль: “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”

Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль: “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.

Холбогдох баримтуудыг хавсаргав. УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна. Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ” гэж няцаасан юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбараар бол гадаадын иргэнд газрыг 100 хүртэлх жилээр ашиглуулах заалттай хуулийг Засгийн газарт буцаахаар болж. Харин энэ тохиолдолд Засгийн газрын казино байгуулж, хөрөнгө оруулалт татах зэрэг  том, том амлалтууд бүтэхгүй төсөл болж хувирч мэдэх талтай.

Юутай ч хаврын чуулганыг хаах хугацаа дөхлөө. Ямар төслийг баталж, Засгийн газрын ажилд нэмэр болох вэ, ямар төслийг батлахгүй хав дарж, ажлыг нь гацаах вэ, ямар хуулийг өөрсөддөө ашигтай болгов гэдэг нь УИХ-аас баталж буй хуулиудаас уншигддаг.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж