Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/ болж, Д.Мөнх-Эрдэнэд оноосон байсан хорих ялыг 2 жилээр бууруулж, 1 жил 10 сар хорих болгон, өөрчилсөн байна.
Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байсан юм. Энэ шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж, давж заалдсанаар хорих ялаа 2 жилээр бууруулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд Д.Мөнх-Эрдэнэ цахимаар оролцсон бол УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Ганбаатар нар ажиглагчаар оролцжээ.
Анхан шатны шүүхээс түүнийг дараах зүйл ангиар буруутгаж ял өгч байв. Үүнд:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байдаг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ