Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд айргийн тавд багтаж орж ирсэн морьдыг дахин шүдэлж, нягтлахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2023.07.05/ хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж өөрчилсөн байна.
Мөн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна. Ингэснээр улсын цолтой бөхчүүд ам авахдаа 5 минутад багтан барилдах бөхөө сонгоно. Заасан таван минутад багтаан ам авахгүй бол хоёроор хойшлуулна. Энэ нь тухайн цолтой бөхийн хувьд боломж улам багасна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдэж байв. Мөн бөх нь ам авахдаа гар утсаар ярьж болохгүй. Гар утсаар яривал бөхийн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Олон нийтийн дунд "Бөхчүүд ам авахдаа утсаар ярьдаг нь хэн нэгнээс заавар зөвлөмж авч, цолны найраа хийдэг байж болзошгүй" гэх хардлага сэрдлэг их байдаг тул түүнээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.
Г.ХОРОЛ