Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Орчин цагийн Барби

Барби хүүхэлдэй нь 1959 оноос эхлэн хүүхдүүдийн шилдэг тоглоом, томчуудын топ цуглуулга байсаар ирсэн. Тэгвэл Барби хүүхэлдэй бүрэн хэмжээний киногоор амилсан нь долдугаар сарын 9-нд Лос-Анжелест дэлгэцнээ цацагдана. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа орчин цагийн Барбийн дүрийг бүтээсэн жүжигчин Маргот Роббиг онцолж байна. 


Олонх эмэгтэйчүүдийн далд ухамсарт төгс бие галбирын зураглалыг буулгасан Барби хүүхэлдэйг дэлгэцнээ амилуулсан Австралийн жүжигчин Маргот Робби өдгөө 33 настай. Маргот бол Оскарын хоёр, Алтан бөмбөрцөгийн дөрвөн удаагийн шагналт жүжигчин.

Кино урлагийн карьераа 2008 онд "Хөршүүд" гэх цувралаар эхлүүлсэн бөгөөд  Холливудын алдар нэрээ "Уолл Стрийтийн чоно" кинонд бүтээсэн дүрээрээ олж авсан. Улмаар 2016 онд "Тарзаны домог" кинонд тоглосноороо илүү олон улсад танигдаж эхэлсэн бол "Амиа хорлогчдын баг" киноны Харли Куинны дүрээрээ дэлхий дахинд танигджээ. Алдар уран гулгагч Тоня Хардингийн дүрийг 2017 онд бүтээснээрээ ихээхэн шүүмжлэл хүртсэн ч Оскарын наадамд нэр дэвшиж чадсан. Тоня Хардингийн дүрийг бүтээх хүртлээ түүний талаар нэг ч сонсож байгаагүй, мэддэгүй байсан гэдгээ хожим ярьсан байдаг.

"Time" сэтгүүл 2017 онд түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр нэрлэсэн бол  2019 онд "Forbes" сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг гэдгийг зарласан. 

Тэрбээр Австралийн Квинслэнд мужид төрж, өсчээ. Эцэг нь чихрийн нишингэ тариалж, тэрбумтан болсон нэгэн байдаг бол эх нь физик эмчилгээний эмч. Дөрвөн хүүхдийн хамгийн бага нь. Эцэг, эх нь түүнийг таван настай байхад салснаар эх нь тэднийг ганцаар өсгөсөн бол эцэг нь барагтаа холбоо барьдаггүй байв. Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан Маргот гэрийнхнээ хөгжөөх дуртай нэгэн байжээ. Тиймээс ээж нь түүнийг циркийн бага сургуульд сургажээ. "Харри Поттер" киноны улаан фэн байсан бөгөөд нүдний шил зүүхийн тулд хараа муутай гэж эмчид хүртэл итгүүлж байжээ. 

Өсвөр наснаасаа гурван ажил зэрэг хийдэг байсан гэнэ. Тодруулбал, айлын гэр цэвэрлэхээс гадна баар, түргэн хоолны сүлжээ дэлгүүрт давхар ажилладаг байсан гэнэ.

Коллежид тэрбээр кино урлагийн чиглэлээр суралцсан байна. Коллежоо төгсөөд бүтээсэн анхны кино нь триллер төрлийн кино байв. Маргот 2010-аад оны эхээр Мельбурнээс АНУ-ын Брүүклин хот рүү нүүсэн. Энэ хугацаанд тэрээр хоккейн шүтэн бишрэгч болж, Нью-Йорк Рейнжерс багийг дэмжиж, сонирхогчдын шайбтай хоккейн лигт баруун жигүүрт тоглож байсан. Хэдийгээр шар хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татдаг ч  Маргот хувийн амьдралынхаа талаар барагтаа ярьдаггүй. Тэрбээр 2013 онд кино зураг авалтын үеэр Английн туслах найруулагч Том Акерлитэй танилцаж, үерхэж эхэлсэн байна. Улмаар 2014 онд Лондон руу нүүж, нөхөртэйгөө хамтран  "LuckyChap Entertainment" продакшныг үүсгэн байгуулсан бөгөөд 2021 онд олны анхаарлыг татсан "Netflix" компанийн "Зарц" цувралыг продюсерлосон байна. Тэд 2016 онд Австралид гэрлэж, Калифорнийн эрэгт суурьшчээ. 

Маргот жүжигчин, найруулагч гэхээс гадна хүний эрхийн дуу хоолой гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тухайлбал, 2015 онд "BGC Global Charity Day" хандивын арга хэмжээнээр дамжуулан 12 сая ам.долларын хандив цуглуулахад тусалсан бөгөөд энэ арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн буяны байгууллагуудад мөнгө хандивладаг. Мөн  2016 онд бусад алдартнууд болон НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн ажилтнуудтай нэгдэн, дэлхий даяар мөргөлдөөн, хавчлагад өртөн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн гэр бүлүүдийн тоо өсөхөд олон нийтийн дэмжлэгийг авах зорилготой өргөдөл гаргасан байдаг.  Жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн эмзэг дүрвэгсдийн хувийн түүхийг сурталчлах зорилготой Оксфамын "Би чамайг сонсож байна" төсөлд нэгдэж, дүрвэгсдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн "Эхлээд хүүхэд" аянд 50,000 гаруй доллар хандивлажээ. 

Сонирхуулахад тэрбээр 24 насныхаа төрсөн өдрөөрөө Лондонд дотны найзуудтайгаа 24 цагийн турш тасралтгүй шоудсан гэдгээрээ бахархан ярьдаг. Мөн бага байхаасаа хойш чихмэл тоглоом байнга өвөртөлж унтдаг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж