Умайн хүзүүний хорт хавдраар жилд 190 орчим хүн нас барж байна

LiveУмайн хүзүүний хорт хавдраар жилд 190 орчим хүн нас барж байна

18 : 24
2023-7-5

Төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж, 60 гаруй саналаар санал хураав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдээс 60 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолол гарч, хураагдсан юм байна. 

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

16 : 44
2023-7-5

Умайн хүзүүний хорт хавдраар жилд 190 орчим хүн нас барж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулгадаа "Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байдаг. Үүний “…В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар…” гэсний дараа “А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар” гэсэн нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. А вируст гепатит бол халдварт шар, пневмококк нь уушгины хатгалгаа, хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд А вируст гепатитын халдвар 2011 оноос өмнө жил бүр 9000 гаруй хүүхэд шинээр өвчилж, өвчлөгсдийн 70 гаруй хувийг 9 хүртэлх насны хүүхэд эзэлж байсныг дурдаад, тухайн онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш шинэ тохиолдлын тоо 21.5 дахин буурсан талаар мэдээлэв. Мөн тэрбээр, хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох амьсгалын тогтолцооны өвчлөлийн дотор уушгины хатгалгаа өвчин 51.2 хувийг эзэлж, пневмококкоор үүсгэгдсэн хатгалгаа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байсныг 2016 оноос 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэлснээр 26 хувиар буурсан хэмээлээ.

Мөн манай улсад, хүний папиллома вирусийн халдвар буюу умайн хүзүүний хорт хавдрын тархалт өндөр байгааг сайд танилцуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудад 100 000 хүн тутамд өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол Монгол Улсад эдгээр үзүүлэлт 23.5, 10.2 байна гэсэн юм. Мөн тэрбээр, хууль батлагдсанаар улсын төсөвт шинээр дарамт үүсэхгүй бөгөөд шаардлагатай зардлыг сайдын багцад нэгэнт тусгаж баталсан байгаа" гэсэн юм.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж нь товлолт вакцинд хамруулдаг болох. Товлолт вакцинд хамруулдаг болсноор эл өвчнөөс эмэгтэйчүүдээ хамгаалах боломж бүрдэнэ. Жилдээ энэхүү хорт хавдрын улмаас 146-190 орчим хүн амиа алддаг байна. Хорт хавдрын өвчлөл дундаа тавд буюу 4.5 хувийг эзэлж байгаа аж. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуултад хариулт авч дууссаны дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

16 : 30
2023-7-5

АХБ-наас авах зээлийн хэлэлцээрийг танилцуулсан ч хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж танилцуулга хийв. 

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нягт нийцэж байгаа бөгөөд хүнсний 19 гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход чухал ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.

Цаашлаад тус хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд: 

Нэгт. Аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэх /395.7 сая ам.доллар/.   

Хоёрт. Агро-бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа ихтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэх /117.6 сая ам.доллар/. 

Гуравт. Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах мөн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркийн менежменттэй холбоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг судлах зэрэг болно /137.7 сая ам.доллар/. 

Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй буюу нийт 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг зээлдэгч байгууллагуудаас олгохоор байна.

Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь 0 хувийн хүүтэй, 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь 2 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй нийт 550 сая ам.долларын зээлийн эх үүсвэртэй болно. 

Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай” хуулийн 8.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай.  Тиймээс соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлд бүх яамдын саналыг авч тусгасан юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. 

Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар "Зээлийн хөтөлбөрт аймгуудыг багтаахдаа ямар шалгуур үзүүлэлтээр оруулсан бэ гэдэг нь тодорхойгүй, ар өврийн хаалгаар оруулсан байх магадлал байна. Нөгөө талдаа Сангийн сайдаас энэ асуудлыг тодруулъя гэхэд байхгүй тул хойшлуулах шаардлагатай" гэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 

16 : 01
2023-7-5

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн / 2023.07.05/ нэгдсэн хуралдааныг эхлүүлээд байна. 

Өнөөдрийн чуулганаар:

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг,

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,

-Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг,

-Монгол Улс Азийн хөгжлийн банкны хооронд аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,

-Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх,

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал,

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл,

-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-05 213.87.131.105

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж