Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Сурвалжлага: Сэлбийнхэн учирсан хохирлоо төлүүлэх гомдолтой байна

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас нийслэлийн зургаан дүүрэгт үерийн эрсдэл үүссэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын ойролцоох хэсэгт голын ус хальж үерлэсэн нөхцөл байдал үүсээд байна. Бид холбогдох албаны хүмүүс, оршин суугчдаас нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ИРГЭД: ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨӨС ХОРОО, ДҮҮРЭГТЭЭ ХАНДСАН Ч ТООГООГҮЙ 

Сэлбэ голын ойролцоох хотхон, хорооллын иргэд үерийн эрсдэлтэй байгаа талаар хоёр жилийн өмнөөс холбогдох хүмүүст хандаж, анхааруулж эхэлжээ. Тухайлбал, Баянзүрхийн дүүргийн хороод салахаас өмнө дүүргийн Засаг даргын тамгын газар болон хорооны хэсгийн ахлагчид оршин суугчид нэгдэж гомдол гаргаж байсан байна. Өнгөрсөн 2022 оны зун мөн их хэмжээний усархаг бороо орж зарим байрны граж хэсэг рүү нэвтэрсэн учир оршин суугчид арга буюу өөрсдөө нэгдэж Сэлбийн эрэг дагуу үерийн далан хэсэгт портероор элс, хайрга зөөж авч ирж асгажээ. Гэвч хорооны удирдлагууд дэмжээгүй бөгөөд нийтийн эзэмшлийн бүсэд буулгасан тус далангийн нэмэлт шороог буцаан татсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргаас тодруулахад "Эхний ээлжид өнгөрсөн хугацааны асуудлыг биш одоо байгаа нөхцөл байдал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? гэдэг чухал. Холбогдох албаны хүмүүс болон дүүргийн удирдлагууд бүгд ирж, ажиллаж байна. Үерийн эрсдэл үүсч болзошгүй газруудад бид зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Ямартай ч нуурлаж үерлэсэн их хэмжээний усыг зайлуулж, яаралтай арга хэмжээг шуурхай авна. Оройдоо голын усны түвшин бүр ч нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас ойролцоох орон сууцанд байгаа иргэдийг орц, гарц хаагдахаас өмнө нүүхийг зөвлөж байна. Хүмүүст учирсан хохирлыг одоогоор тооцоолоогүй" гэлээ.

Ийнхүү оршин суугч, дүүргийн алба хаагчдын хооронд ярианууд үүсч байгаа бөгөөд өнөөдрийн хэмжээнд барилга барьсан аж ахуй нэгж, хороо, дүүргээс уг асуудал дээр албан тайлбар өгөхөөс татгалзаж байна. Тус голын эрэг дагуух үерт автсан байрнуудын тухайд нийт гурван хотхоны 30 орчим байр байгаа бөгөөд 2015-2017 онд ихэвчлэн баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж.

ОРШИН СУУГЧИД ШӨНИЙН 22:00 ЦАГААС НОБГ-Т ДУУДЛАГА ӨГЧ ЭХЭЛЖЭЭ

Үерт өртсөн орон сууцнуудын оршин суугчдын хэлж байгаагаар өчигдөр оройноос голын ус хальж эхэлж, ойролцоох байрууд руу нэвчиж эхэлсэн байна. Хамгийн эхний дуудлага мэдээллийг оршин суугчид долдугаар сарын 4-ний 22:00 цагаас Нийслэлийн онцгой байдлын газарт өгч эхэлжээ. Гэвч "байр руу ус нэвчээгүй бол дуудлага мэдээлэл дээр ажиллах боломжгүй" гэх хариулт өгсөн талаар иргэд хэлж байна. Улмаар зарим хүн үерийн ус граж руу орж байгааг анзаарч машин, техник хэрэгслээ гадна зогсоолд байршуулсан байна. Гэхдээ нөхцөл байдал шөнийн 02:00 цагаас хүндэрч оршин суугчид байрны гадна аа нэгдэж үер болж байгаа дуудлага мэдээллийг өгснөөр НОБГ, Геодизи барилга байгууламжийн газраас эхний удаад 40 орчим алба хаагч иржээ.

Тийнхүү үүр цайтал ажиллаж өглөө 06:00 цагаас алба хаагчид, тоног төхөөрөмжөө нэмсэн боловч голын усны түвшин улам нэмэгдэж, нэмж байршуулсан далангийн хамгаалалтыг нэвчсэн байна. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа ч тухайн үерт автсан Сэлбийн бүсийн газар намгархаг, ус нэвчих зөөлөрсөн, шавар ихтэй техник хэрэгсэл явахад маш хүндрэлтэй байгааг хэлж буй.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүн, тохижилт үйлчилгээний газар, БЗД, СБД-ийн удирдлага, холбогдох албаныхан, Ус сувгийн удирдах газар, барилга байгууламж, геодизийн хүрээлэн гээд 100 орчим хүний бүрэлдэхүүн тус бүсэд 12:30 цагаас нэмэгдсэн. Ийнхүү тасралтгүй нэмэгдэж байгаа голын усыг ус зайлуулах, соруулах 3-4 машинаар татаж, 30 орчим техник хэрэгслээр даланг шинэчлэх чулуу, хайргыг зөөж байна.

НОК: ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ ХЭСЭГТ СЭТЭЛГЭЭ ХИЙЖ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр 10:00 цагаас Нийслэлийн онцгой комиссын шуурхай хуралдаан болж үерт өртсөн байршлуудад нэн яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Улмаар Сэлбийн эвдэрсэн үерийн далангийн нөхцөл байдалтай танилцаж зарим мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга А.Дашнямын хэлснээр "НОК хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, техник тоног төхөөрөмж, санхүүгийн шаардлага зэргийг эхний ээлжид хэлэлцүүлж, УОК-т танилцуулахаар болсон.

Юуны түрүүнд даланг шинэчилж, голын усыг халихгүй байх арга хэмжээ авч байна. Мөн шаардлагатай байршлуудад зам, гүүрийг сэтлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ингэж байж үерийн эрсдэлийг бууруулна.

Тиймээс иргэд хаасан зам талбайгаар зорчихгүй байх, бага насны хүүхдээ үер усанд урсгахгүй байхаас сэргийлж зөвлөмж мэдээллийг тогтмол авахыг хүсч байна"  гэлээ.

Ямартай ч одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласан. Эдгээр дүүргүүдийн долоон байршилд үер буусан байдалтай байна. Хамгийн олон хүн, алба, техник хэрэгсэл ажиллаж байгаа газар нь Сэлбийн ойролцоох бүс. Тус бүсэд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн даланг шинэчлэхээс эхлээд байрны граж, зогсоолд байгаа машинуудыг шилжүүлэх, үерт өртсөн эд хөрөнгийн хохирлыг хэмжээг тооцоолох зэрэг ажлуудыг албаны хүмүүс хийж байна.

Одоогоор хохирлын хэмжээг тооцоолоогүй байгаа ч иргэдийн зүгээс удаа дараа санал, гомдол гаргаж байхад нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй учир нийслэл болон дүүргээс хохирлоо нэхэмжилнэ гэдгээ хэлж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж