Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2023.07.05/ долоон машин сөргөж, хоёр хүүхэд гэмтээс Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ. Улмаар тус шүүгчийн хуралдаанаас шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Тодруулбал, Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан нь хэвээр үлджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүхийн хурал өнгөрсөн тавдугаар сард болсон ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Г.ХОРОЛ