Хүчтэй борооны улмаас дэд бүтцэд гэмтэл учруулж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон тул энэ сард цаг агаарын эрс тэс үзэгдэл, "олон тооны байгалийн гамшиг"-аас сэрэмжлэхийг Хятадын эрх баригчид анхаарууллаа.
Хятадын төв болон баруун өмнөд нутгийн томоохон бүс нутгуудад Мягмар гаригт борооны улмаас үүссэн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэв. Борооны улмаас Хятадын баруун өмнөд метрополис Чунцин хотын захад төмөр замын гүүр хаагдаж, "уулын ус зайлуулах хоолой эвдэрч сүйрсэн" гэж CCTV мэдээлжээ. Гамшигт өрсөн бүс нутагт онцгой байдлын 400 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд олон тооны галт тэрэгний чиглэлийг зогсоосон байна. Одоогоор хохирлын мэдээлэл бүрэн гараагүй байгаа аж. Хөрш зэргэлдээх Сычуань мужид энэ сард орсон аадар бороонд 460 мянга гаруй хүн нэрвэгдсэн байна. Борооны улмаас 85,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар албаныхан мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт уулархаг нутгаар үер бууж болзошгүй гэв. Төвийн Хэнань мужид болсон үерийн улмаас 2000 гаруй байшин эвдэрч, 10,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мужийн албаны хүмүүс мэдэгджээ.
Цаг уурын албаныхан мэдээлэхдээ, долдугаар сард Хятад улсад үер ус, далайн хар салхи, хэт халалт, цаг агаарын эрс тэс үзэгдэл зэрэг олон тооны байгалийн гамшигт өртөхийг анхааруулсан байна.
Хятадын бусад бүс нутагт дээд амжилт тогтоосон хэт халуун цаг агаартай зэрэгцэн дээрх мужуудад ийнхүү үерийн гамшиг болов. Цаг уурын үндэсний төвөөс нийслэл Бээжин болон бусад 10-аад бүс нутагт Цельсийн 35 хэмээс дээш халах тул оршин суугчдыг гэртээ байхыг анхааруулж байна. Хятадад энэ оны эхний хагаст сар бүр дунджаар дөрвөн өдөр агаарын температур Цельсийн 35 хэмээс давсан. Энэ нь 1961 онд үндэсний дээд амжилт тогтоосноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Үндэсний цаг уурын төвийн мэдэгдэлд дурджээ. Бээжин хотод өнгөрсөн зургадугаар сард нийт 14 хоногийн температур Цельсийн 35 хэмээс давсан нь 2000 оны долдугаар сард тогтоосон дээд амжилтыг давсан гэж төрийн мэдлийн "Beijing Evening News" мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ