Улаанбаатар живж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатар живж байна

Улаанбаатар живж байна

Улаанбаатар живж байна. Усархаг бороо дөрөв, таван өдөр үргэлжилсэндээ ч биш. Улаанбаатарын авлига, ялзарсан тогтолцоондоо живж байна. Бороо гамшгийн хэмжээнд хүртэл орсондоо ч биш, ямар ч төлөвлөлтгүй хотын газрыг наймаалцсан дарга нарын балгаар хот живж байна. Байгаа хэдхэн ус зайлуулах далан, хоолой нь хогонд бөглөөрөөд хот үерт автжээ. Хотын дарга 2020 оноос хойшхи барьсан зам ус зайлуулах байгууламжгүй бол манай багийн асуудал гэж мангартаж сууна. Харин ч энэхүү бороо хот төлөвлөлтийн алдаа завхрал, үе үеийн удирдлагуудын бодлогогүй шийдвэрийг ил болгов. Зөвхөн үерийн ус байгалийн гамшигт бус. Эрх мэдэлтнүүдийн дураараа авирлалт, стандартгүй хот болсны гайг иргэд өмч, хөрөнгөөрөө төлөн хохирч, горыг нь амсаж байна. "Аз жаргалтай Улаанбаатар хот" хөшөө барихад улаанбаатарчуудын хураасан мөнгийг зарцуулсан болохоос амьдрал дээр аз жаргалгүй байлгах бүхий л боломжийг авлигын мөнгөтэйгөө тэд хамт хүүдийлжээ. Түүний төлөөсийг бидний үр хүүхэд, эрүүл мэндээрээ, амь насаараа, аав ээж нь цалингаараа, эмээ өвөө нь тэтгэврээрээ төлж байна. Улаанбаатар живж байна. Нэг хэсэг нь цахилгаан тоггүй болсноос нүүж байна.

Иргэд стандартгүй хотод оршин байгаагаа борооны ачаар  илүүтэй мэдэрч, хотын удирдлагуудаас хариуцлага нэхэж байна.

Улаанбаатарын асуудал улстөрчдөд албан тушаалтай болох боломжийг бий болгов. Сэлбийн тохижилтоос эхлээд сэтэртнүүдийн гоё зураг үзүүлж байгаад төсвийн мөнгө үрж, түүнээс цөөн хэд нь хожсон л алхамыг тэд хийж байснаас иргэдийн амьдралын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө юу ч хийсэн. Өнгөрсөн үеийн бүтээн байгуулалт гэгддэг гадны зээл тусламжаар барьсан хороолол, гүүрээс өөр хотын удирдлагууд энэ хугацаанд юу хийв. Тэдэнд авлига өгч өндөр өндөр барилга сүндэрлэсэн ч хүүхдийн тоглоомын талбайгүй, аюул ослын орц гарцгүй, машинаа тавих зогсоолгүй уур, бухимдлын үүр уурхай болжээ, хот. Хотын асуудал болгоны тоогоор албан тушаалтан бий болж, албан татварын мөнгөөр цалинжиж, элдэв хангамж эдэлж байна. Түгжрэл, утаа, эрүүл мэнд гээд асуудал болгоны тоогоор сайдууд бий болов. Удахгүй үерийн сайд ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Бидний асуудал тэдний боломж болон хувираад удав. Тэд хөлжөөд, хот сармайсаар үлддэг ч хариуцлага хүлээсэнгүй. Улаанбаатар живж байна.

Улаанбаатарын гудамжаар борооны ус бус жорлон урсаж байна. Халдвартынхан түүгээр дамжин гэдэсний халдвар өвчин эрс нэмэгдэж буйг сэрэмжлүүлэн шогширч байна. Жорлон урсаж буйг мэдэхгүй хүүхдүүд хөөрөлдөн тогтсон усанд нь умбаж, шумбаж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд живж байна.

УОК, НОК нь хуралдаж, дүүргүүд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа ч нэг удаад ус шавхаад өнгөрөхөөс биш дараа дараагийн борооноор дахиад л Улаанбаатар живнэ. Үүнийг батлах мэт УИХ-ын чуулганаар аймаг, сумдын 100 жилийн ойгоор хэрхэн цол олгох тухай хэлэлцээд сууж байна. Улс орныг удирдаж байгаа хүмүүс улсынх нь тал нь оршин суудаг өнөөгийн нийслэлээ хараад ичих нүүр ч алга. Тэд хөгжүүлсэн баатар мэтээр жалга, довондоо очихдоо л бэлдэж сууна. Хотын дарга нь өмнөх удирдлагуудаа буруутгасан өнцгөөр өөрсдийгөө өмгөөлж, татварын мөнгөөр ямар ч хэрэггүй хөшөө босгосоор өдийг хүрчээ. Усан хамгамжийн асуудлаа шийдээгүй байж улсынхаа төвд 3,2 тэрбум бумаар ажилладаггүй усан оргилуур барихыг нь зүгээр хараад суусныхаа төлөөсийг улаанбаатарчууд амсаж байна. Туулын бургасыг ойр тойрныхноороо хядуулсан хүн стандартыг нь тогтоодог болсон гэхээр өөр юу ч хэлэх билээ. Хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн салхилах саравч, орон байрны орц гарцыг, авто замын ус зайлуулах байгууламжийг хулгайлж байхад харсаар байж чимээгүй хүлцсэнийхээ төлөөсийг бид амсаж байна. Иргэдийн өмч, хөрөнгө урсаж, өч төчнөөн хохирол амсаж байна. 1966 оны үерээр ямар байсан, яг л тийм л арга хэмжээгээ бид аваад зогсч байна.

Улаанбаатарыг бороо бус авлига живүүлчихлээ. Тэднийг М.Энхболд, Т.Бадамжунай руу чихэж болох ч ийм тогтолцоогоор өдрөөс өдөрт хөрөнгөжсөн 100 настай нам нь живүүлчихлээ.  Үерээс бус үе үеийн дарга нараас, тэднийг гаргаж тавьсан намаас хариуцлага нэхэх цаг болжээ. Тэдний хэд нь луйврын хэрэгт холбогдоод улсаас зугтсан билээ?

Э.Бат-Үүлийг ч нэмэх хэрэгтэй. Яагаад тэднээс хариуцлага нэхээгүй хэрэг вэ? Монголд байнга ярьдаг хэр нь барьсан зам болгон нь ус зайлуулах байгууламжгүй байдгийн учрыг төсвөөс илүү тэднээс асуумаар. Хэний үед ямар зам, аль газар авлигаар бий болсныг ахин дахин асуумаар. Иргэд ичээсэй гэсэн Ерөнхийлөгчийн зургийг усанд автсан зам дээр байгаагаар эвлүүлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, алдар хүндэд нь халдсан хэрэгт буруутгагдаж байна. Монголд ийм л хууль, дүрэм журам үйлчилдэг болжээ. Удахгүй амаа үдүүлсээр "Амь авраарай" гэж хэлж чадахгүй живэх бололтой. Үер ус, утаа, гамшиг, нийгмийн шинжтэй өвчин бүгд л өнөөг хүртэл бидний арчаагүй сонголт, албан тушаалтны хулгай хийхийг зүгээр хараад суудаг арчаагүй зан. Өнөөдөр хэлээд маргааш мартдаг олхиогүй царай. Ямар ч хариуцлага нэхдэггүй, ирээдүйнхээ эрх ашгийг өнөөдрийн өчүүхэн аминч хэрэгцээгээрээ сольдогтой л холбоотойгоор Улаанбаатар живлээ. Өмнөх дарга нарын газар олголт, хот төлөвлөлт энэ тэр гэхээс илүү тийм болгохыг нь бид хараад сууж байсныхаа төлбөрийг энэ өдрүүдэд төлөн живж байна. Иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө живж байна. Халаасны хулгайч хувь хүнийг л хохироодог бол авлига улс, нийгмээр нь, хотоор нь живүүлэхийг бид харж байна. Улаанбаатар авлигалдаа живж байна.Асуудал гарч ирэх тоолонд тэрбум тэрбумаар тооцогдох төсөл санаачилж, түүгээр завшигчид байсаар л байна. Улам бүр данхар болоод буй төр "таргалах" тусам улсаараа ул руу шигдэж, хэдхэн хүмүүс хангалуун амьдарч, хүссэнээ хийдгийн жишээг зун нь борооноор, өвөл нь утаагаар, намар нь хичээлийн шинэ жилээр, хавар нь махны үнийн өсөлтөөр бид мэдэж байна. Тэдний шийднэ гэсэн болгон шийдэлгүй үлдэж байна. Мод тарина гэчээр байгалиараа ургасан модыг хядах зөвшөөрлийг өнөөдөр намчид л гаргаж байна. Өмнөх ч биш өнөөдөр өмчлөөгүй үлдсэн алга дарам газрыг иргэдийн сайн сайхныг төлөө нэрээр тэд арилжиж байна. Үүнийг нотлох мэт зөвшөөрөлгүй барилгууд боссоор л… Монголын тал нь авлига, хээл хахууль, амиа хичээсэн адгийн шаарнуудын балгаар живж байна. Живэхгүй гэхдээ орон гэрээ орхиод, хүүхдээ үүрээд тэд хамаатнаа бараадаж байна. Дахиад далангууд, замууд сэтэрсэн, цэвэрлэх байгууламжийг ослын горимд шилжүүлсэн гамшгийн мэдээ нэмэгдсээр… Наадмын бороонд нийслэл тэсэх болов уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж