Г.Хишигбат: Менежментийн нөү-хау бол мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Г.Хишигбат: Менежментийн нөү-хау бол мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй

Г.Хишигбат: Менежментийн нөү-хау бол мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй

Монложистикс Холдинг ХХК-ийн гүйцэтгэ захирал Г.Хишигбаттай ярилцлаа.


– Гадаадын хөрөнгө оруулалтыг тойрсон асуудал голдуу мэдээллийн хүртээмжгүй, бүрхэг байдлаас үүдэлтэй. Бид яаж ойлголтоо нэгтгэх вэ?

-Бид гадаадын хөрөнгө оруулалт чухал байна гэж их ярьдаг. Гэхдээ олон зүйл дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогын хөшүүргийг бий болгож чадахгүй байгаагаа анзаардаггүй. Наад зах нь үйлчилгээний газар гадаад хүн орж ирэхээр гадаад хүний тариф, монгол хүний тариф гээд ялгаварлаад эхэлдэг. Татвар дээр ч бас гадаадын хөрөнгө оруулагчид ногдол ашгийн татвар 20 хувь, монгол хүнд 10 хувь ногдуулна гэх мэтээр ялгаж ханддаг. Хөрөнгө оруулалт хийхэд татварын ямар давуу тал өгч чадах юм гэдгээ тодорхойлох ёстой. Эхний хэдэн жил татварын тэдэн хувийн хөнгөлөлт өгнө гэх мэтээр.

Гаднынхан мэдээж мөнгөө Монголд оруулахдаа тулбал татвар, улс төрийн тогтвортой байдал, макро эдийн засаг гэх мэтээр хөрөнгө оруулалтын орчны бүх судалгааг хийж таарна. Хууль зүйн сайдын ярьж буйгаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, бизнесийг нь дээрэмдсэн кэйсүүд одоо болтол шийдэгдээгүй байна. Ийм асуудал байгаа цагт хөрөнгө оруулагчид түгшүүрийн дохионоос өөр юу ч хүлээж авахгүй. Бид хуульгүй оронд амьдарч байгаа биш шүү дээ.

Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн төсөөлөл өөдрөг байгаа. Гэхдээ жингийн туухай дээр эрсдэл гэдэг зүйлийг тавиад харвал байдал өөр болно. Эрсдэл нь өндөр бол эдийн засгийн үр өгөөж өндөр байгаад нэмэргүй, хөрөнгө оруулалт зоригтой хийж чадахгүй шүү дээ.

Хөрөнгө оруулагчид манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрсдэлийг Дэлхийн банкны Doing Business тайланг хараад мэдчихнэ. Тиймээс бид ядаж энэ тайлан дахь үзүүлэлтүүдээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татахаар манайхтай өрсөлдөж байгаа олон улс бий. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж давуу, сул талаа тодорхойлоод давуу талууд дээрээ маркетинг хийгээд явах хэрэгтэй.

– Гадаадын хөрөнгө оруулалт дээр мөнгөнөөс гадна бий болдог ашиг тусыг та юу гэж тодорхойлох вэ?

– Монголын Засгийн газар, Рио Тинтогийн хамтран хэрэгжүүлж буй Оюу Толгой төслийг аваад үзье л дээ. Төслийн анхны хөрөнгө оруулалт, гүний уурхайн нэмэлт хөрөнгө оруулалт гээд маш их мөнгө орж ирсэн, эдийн засгийн эргэлтэд орсон, монголчууд бид бүгдээрээ эндээс өгөөж хүртээж явж байна.

Нөгөө талаас мөнгөөр хэмжигдэхгүй олон ашиг тус бий. Бид өөрсдийн компани дээрээ аваад үзэхэд 10 жилийн дотор маш их зүйлд суралцсан.  Оюу Толгойн ханган нийлүүлэгч болоход маш өндөр шалгууруудыг давдаг. Энэ төсөлтэй гэрээний дагуу ажиллана гэдэг бол нэг ёсны суралцах үйл явц байдаг. Үүгээрээ манай компанийн засаглал, менежментийн хөгжилд том өөрчлөлт авчирсан гэж хардаг.

Монголчуудын хувьд бол менежмент маш шинэ ойлголт. Бид Америк, Солонгосчуудын алдаж оносон олон арван жилийн туршлагыг эхнээс нь давтаад явах уу, эсвэл тэдний бий болгосон бүх нөү-хау-г шингээсэн менежментийн арга барилыг эзэмшээд, тэднийг гүйцэх үү гэсэн сонголт байна.

Ялангуяа ХААБ-ын менежментийг онцолж яримаар байна. Рио Тинто бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг компанийнхаа хамгийн чухал үнэт зүйл болгож тунхагласан, түүгээрээ дэлхийд гайхагддаг компани. Энэ чиглэлд Монголын компаниудад хувьсгалын шинжтэй маш том мэдлэг, менежментийн нөү хауг өгч байна гэж боддог. Бид чинь үндсэн үйл ажиллагаа явж л байвал хэвийн гэж боддог, ХААБ-ын тал дээр хайнга ханддаг зантай хүмүүс шүү дээ. Харин Рио Тинтогоос бид ХААБ бол мега төслийн маш чухал хэсгийг ойлгож авсан.

Түүнчлэн франчайз компаниуд манай бизнесийн ертөнцөд менежментийн олон төрлийн ололтыг нэвтрүүлж байна. Нэг жишээ дурдахад франчайзууд орж ирэхээс өмнө Монголд кофены бизнес нэг л явахгүй байсан. Хамгийн том нь Улаанбаатарын хэмжээнд гуравхан салбартай байсан. Харин Tom N Toms, Caffe Benne орж ирснээр энэ бизнесийн менежмент, соёлд том өөрчлөлт гарч, монголчуудын кофены хэрэглээ 10 дахин нэмэгдсэн.

Солонгосын CU сүлжээ орж ирснээр наад зах нь нийтийн бие засах газрын асуудал тодорхой түвшинд шийдэгдэж, үйлчлүүлэгчид эрүүл, тав тухтай орчинд хөнгөн зуушаа идэж байна.

Монголчуудын хувьд бол менежмент маш шинэ ойлголт. Бид Америк, Солонгосчуудын алдаж оносон олон арван жилийн туршлагыг эхнээс нь давтаад явах уу, эсвэл тэдний бий болгосон бүх нөү-хау-г шингээсэн менежментийн арга барилыг эзэмшээд, тэднийг гүйцэх үү гэсэн сонголт байна. Үүнд л франчайз бизнес, тодруулбал гадаадын хөрөнгө оруулалтын нэг том давуу оршдог.

– Рио Тинто бол монголчууд зах зээлийн нийгмийн нөхцөлд анх удаа хамтарч мега төсөл хэрэгжүүлсэн олон улсын анхны том компани. Энэ компанийн Монголын эдийн засгийн түүхэнд оруулж буй хувь нэмрийг та юу гэж харж байна?

– Маш том гэж хардаг. Мэдээж бүх зүйл төгс байна гэж байхгүй. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад энэ төслийг эхлүүлсэнд Монгол Улсын иргэн хүний хувьд баяртай байдаг. Магадгүй тэр гэрээ өөрөөр хийгдэж болох байсан байх. Гэхдээ тухайн үед том хэлцэл хийх туршлагагүй, дэлхийн компанитай хэзээ ч том төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурж байгаагүй монголчуудын тэр үеийн туршлага нимгэн, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байсан. Тийм үед ийм гэрээ зурж чадсан нь маш том ололт гэж хардаг.

Монголд гүний уурхайн блоклон олборлох технологи нутагшиж байна гэдэг бол мэдлэг, инновац, уул уурхайн салбар дахь үндэсний шинэ үеийн мэргэшсэн боловсон гэх мэтийг яриад байвал мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй болж ирнэ.

Бид нэг төсөл дээр зогсохгүй, цаашид олон гэрээ байгуулаад явна гэж бодож байна. Бид алдаандаа дүгнэлт хийгээд цаашаа явах ёстой. Гэхдээ хамтран ажиллана л гэсэн бол түүндээ тууштай, үнэнч явах хэрэгтэй. Явцын дунд гэрээний нөхцөлөө өөрчлөх зэргээр хөрөнгө оруулагч талаа шоконд оруулаад байж болохгүй. Алдаатай ч бай, оноотой ч бай гэрээгээ баримтлаад тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй.

Бид тухайн үед энэ гэрээг байгуулж чадаагүй бол өнөөдөр ямар ч байдалтай байх байсныг төсөөлшгүй. Өнөөдөр маш олон хүн ажлын байртай, маш олон туслан гүйцэтгэгч компаниуд Оюу толгойтой хамтран ажилласнаар бизнес нь тогтвортой оршин тогтнож, хөгжиж байна. Зарим нь эзэмшсэн нөү хаугаа ашиглаад гадаад зах зээлд гарч байна.

Рио Тинто бол өндөр технологийн хувьд дэлхийд түүчээлдэг компани. Монголд гүний уурхайн блоклон олборлох технологи нутагшиж байна гэдэг бол мэдлэг, инновац, уул уурхайн салбар дахь үндэсний шинэ үеийн мэргэшсэн боловсон гэх мэтийг яриад байвал мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнтэй болж ирнэ.

– Та өмнө нарны цахилгаан станцын төслийг удирдаж гадаадаас хөрөнгө оруулалт татаж байсан туршлагатай. Энэ талаараа дэлгэрүүлж яривал?

– Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Сэргээгдэх эрчим хүчний хуулийг санаачлан батлуулсан. Засгийн газрын бодлого дотоодын эрчим хүчний хэрэгцээний 25 хувийг сэргээгдэх буюу ногоон эрчим хүчээр хангах зорилтод чиглэж байсан. Маш шийдэмгий бөгөөд зоригтой алхам хийсэн. Үүний ачаар Монголд маш их төслүүд орж ирээд хэрэгжиж чадсан нь 6-7 төсөл байгаа. Тэгээд л бид 25 хувьдаа хүрчихсэн. Тэрнээс хойш сэргээгдэхийн төсөл яваагүй.

Тухайн үед япончууд манай төсөлд 40-өөд сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ бид нарны цахилгааны станцын төсөл дээр хөрөнгө оруулалт оруулж ирж байхад олон зүйлтэй тулгарсан. Хамгийн чухал зүйл бол улс төрийн болон бодлогын тогтвортой байдал. Жил бүр Эрчим хүчний яамнаас эсвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос бичиг өгөөд танай тарифыг өөрчилье гэдэг. Тэр нь хөрөнгө оруулагч хүнд маш том эрсдэл байдаг. 15 жилийн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийгээд, тухайн үедээ болж байна гэж тохирчхоод дараа жил нь би үнээ өөрчилмөөр байна гэдэг байж болохгүй.

Манай хөрөнгө оруулагч нарны цахилгаан станцын хоёр төсөлд хөрөнгө оруулсан бөгөөд нэг нь Дарханых, нөгөөх нь Замын-Үүдийнх. Хоёуланд нь бэрхшээл байгаа бөгөөд хоёр талаасаа харилцан буулт хийгээд явж л байна.

Манай эрх баригчдын хийдэг нэг том алдаа нь хөрөнгө оруулагч эхний хөрөнгө оруулалтаа хийснийх нь дараа орлогынх нь төсөөллийг өөрчлөөд хаячихдаг. Тэгэхээр Монголд орж ирж байгаа хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож, анхны төсөөллөө нэлээн өндөр тавих хэрэгтэй юм байна, тэгж байж өөрсдийн тооцсон жинхэнэ ашгаа хүртэх юм байна гэж хардаг болсон. Иймээс маш өндөр өгөөжийн босго тавьж, тэр босгыг нь давах төсөл байхгүй болчихдог.

– Монложистикс Холдинг компани удахгүй IPO гаргана. Татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулагдах вэ?

– Татан төвлөрүүлж байгаа хөрөнгийнхөө дийлэнхийг экспортын төмөр замд оруулах төлөвлөгөөтэй байгаа. Вагон, жижиг терминал зэрэг жижиг дэд бүтцүүдэд зориулна. Импорт, транзит дээрээ ажилладгаараа ажиллана. Гэхдээ богино хугацаанд өндөр өсөлт үзүүлэх сегментийг экспортын тээвэр гэж харж байгаа.

Бид өнөөдөр ОХУ-аас вагон түрээслээд явж байна. Гэхдээ түрээсийн вагон, Монголын Төмөр Зам компанийн тарифтай нийлэхээр зах зээл дээр өрсөлдөх боломж муу байна. Тэгэхээр Монголын Төмөр Зам компани тарифаа эргэж нэг хараасай гэж хүсдэг. Харин бид өөрийн эзэмшлийн вагонтой байх юм бол үнийн тал дээр илүү уян хатан бодлого явуулах боломжтой болно. Нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүнийг одоо байгаагаас нь арай өрсөлдөхүйц үнээр тээвэрлэх боломж бүрдэнэ гэж хараад байна.

Манай транзит компани гадаадын хөрөнгө оруулалттай. БНХАУ-ын тээвэр ложистикийн компани байдаг. Бид IPO дээрээ гаднын түнш байгууллагууддаа хаалттай хүрээнд хөрөнгө оруулах боломж олгож байгаа. Сонирхол байна. Монголын тээвэр ложистикийн салбар ирээдүйд эрчимтэй өснө гэсэн өнцгөөр харж байгаад баяртай байна. Өндөр хэмжээний гаднын хөрөнгө оруулалт оруулж ирэх сонирхол байгаа. Байнгын түншүүдтэй стратегийн түвшинд ойлголцолд хүрчихвэл бидэнд ашигтай гэж харж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж