Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

Г.Байгалмаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү?

НЭМЭЛТ: 

Шүүх хуралдааныг даргалагч “Эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор шүүгдэгч нарын саналыг нь сонслоо. Шүүх хуралдаан өндөрлөх шатандаа орлоо. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн шийдвэрийг ирэх Баасан гариг буюу долдугаар сарын 7-нд 14.00 цагт танилцуулна. Шүүхийн шийдвэрийг танилцуулахад гэм буруугүй болон гэм буруутайд тооцогдсон бүх шүүгдэгч нар ирсэн байх ёстой. Тэр хүртэл шүүгдэгчдийн таслан сэргийлэх арга хэмжээ хэвээрээ. Шүүх одоо зөвлөлдөнө. Шүүх хуралдааныг түр хугацаанд завсарлууллаа” гэсэн юм.

"Мөнгө угаасан гэх хэрэгт яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй"

Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр холбогдон шүүхээс гэм буруутайд тооцогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа тус шүүх хуралдаанд тайлбар хийлээ.

Зөвлөх асан Г.БАЙГАЛМАА:

-Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон.

Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн.

Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна.

Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг төлнө

"Монгол драйл милк” компанийг үүсгэн байгуулагч, “Алтай констракшн” –ын захирал Х.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөгжлийн банкны өр төлбөрийн хувьд 2019 оноос хойш удаа дараа төлөхөөр саналаа илэрхийлж, ажилласан боловч шүүхээс гарсан хохирол барагдуулах дүн өөр, өөр гарсан. 74 тэрбум, 58 тэрбум, 62 тэрбум гэхчлэн янз бүр гардаг. Одоо шүүхээс хэдэн төгрөгийн хохирол төлүүлэхээр нэхэмжилнэ, түүгээр нь төлнө.  Хохирол төлөхөд саад тотгор байхгүй. Өмгөөлөгч н.Нямдоржийнхоо саналыг бүрэн дэмжиж оролцож байна.

Ё.Баатарбилэг: Төрөөс хулгайлаад байдаг ядарсан сэтгэхүйтэй нь би биш

Хөгжлийн банкны гэх хэрэгт гэм буруутай хэмээн шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Нэгэнт шүүх гэм буруутай гэж хэлсэн учраас хэдэн зүйл хэлье. Намайг яллаж байгаа улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байгаа. Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсанаас шүүхэд ирүүлэх хүртэл процесс маш хариуцлагагүй, алдаа мадагтай явсан. Гомдолтой байгаа. Улсын ерөнхий прокуророос анх бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашиж байх үетэй холбогдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж хардаад 2017 онд оруулж ирсэн. Дараа нь найз нөхөддөө нөлөөлөөд гэж хардаад зүтгүүлсэн. Ямар ч гэсэн энэнд ял оноох ёстой гэсэн байдлаар үзсээр ял оноов уу гэдэг хардлага төрүүлж байгаа. Хуурай гүжир хариугүй гэдэг үг байдаг. Хэлэх ч үг олдохгүй байна. Хэрхэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаагаа ч мэдэхгүй байна. Энэ олон хавтаст хэрэгт надтай холбоотой гэх нэг ширхэг ч нотлох баримт олдохгүй байгаа. Оочих газаргүй байж байгаад үндэслэлгүйгээр хөрөнгөтэй болсон юм шиг цоллуулаад, аваагүй авлигыг төлүүлнэ гэж байна. Орох орон, унах унааг хураах санал гаргаж байгаа юм байна, зөвшөөрөхгүй. Би тийм баян хүн биш. Төрөөс хулгайлаад, түмний боломжийг хулгайлаад байдаг ядарсан сэтгэхгүйтэй ч биш. Би дахиад хэлье. Ах дүү хамаатан саднаар нь шалгасан. Байгаа бүхнийг тодруулсан, тийм зүйл байгаагүй. Шүүх хуралдаан нээлттэй явуулсанд талархаж байна. Хэн нь ямар асуудлаар шалгагдав гэдэг талаар олон нийт бодит мэдээлэлтэй болсон байх. Хөгжлийн банкны гэх хэрэг чухамдаа юу байсан юм гэдэг талаар мэдээлэлтэй болсон байх. Мөрөөрөө ажлаа хийж байсан олон сайхан залуучуудыг цагаатгасанд талархаж байгаа. Өмгөөлөгч нар мундаг байлаа.

Би шалгуулах шатанд үнэнээ өчөөд мөрдөн шалгах явцад нь бүх нотлох баримтыг гаргаж өгөөд байхад хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг шалгаад мухарлах юм байна гэхээр улсын яллагч нар яллахаас татгалзах болов уу гэтэл тэгсэнгүй, харамсалтай байна.

Нобелийн шагналт зохиолчийн “Ундаассан бурхад” гэдэг романыг олоод уншчихаарай. Миний эрх зүйн байдлын асуудлаар прокурор өчигдөр хариулт өгөхдөө буруу ойлгогдохоор мэдээлэл өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд мэдээлэл ирүүлсэн байна лээ. Энэ бол Их хурлын дархлааны асуудлаар болохоос биш Ё.Баатарбилэгт ял завшуулах гээд байгаа асуудал биш.

Өмгөөлөгч нар маань байр сууриа илэрхийлсэн, санал нэг байгаа. Шударга ёс багатай газар зөв байх аюултай гэж Испанийн улстөрч 17 дугаар зуунд хэлсэн байдаг. Би бол өөрийгөө зөв хүн гэж хэлнэ, баярлалаа.

Г.Цолмон 2 жилийн хорих ялыг торгох ял болгох хүсэлт гаргав

Хөгжлийн банкны гэх тодотголтой 32 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.07.05/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд “Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон оролцож, саналаа хэллээ.

“Пирамид орд” ХХК нь “Буман залуус” 296 айлын орон сууцны хороолол барих зорилгоор Хөгжлийн банкнаас 2017 онд нийт 15 тэрбум төгрөгийг жилд 13.44 хүүтэй зээл авсан байна. Гэвч зээлээ буцаан төлөөгүй.

“Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон тайлбар хийх үеэрээ “Улсыг хохироочих юмсан гэж бодож тухайн үед Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Юм хийчих юмсан, бүтээчих юмсан гэж бодож зээл авсан. Намайг өрөө төлөөгүйгийнх нь төлөө эрүүгийн хэрэгт татсан. Үүнтэй би маргахгүй. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаан болон бусад асуудлыг хүндэтгэн үзэж, хоёр жилийн хорих ялаар бус торгох ялаар шийтгэж өгнө үү. Би өрөө саадгүй бүрэн төлнө. Төлөх боломжтой.

Надаас болоод хэрэгт татагдсан Г.Байгалмаагаас хүлцэл өчье. Хөгжлийн банкнаас зээл хүсэхэд барьцаалбар шаардлагатай болсон. Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан заавал МоАХ-ны даргын шийдвэр авч ир гэдэг шаардлага тавьснаас болж, орон сууцаа хүлээж байсан олон хүмүүсийг бодоод Г.Байгалмаа гарын үсгийг дуурайлгаж зурсны төлөө буруутгагдсан. Б.Батбаяр захирлын хэлснээр бол заавал тийм шаардлага тавих хэрэггүй л байсан юм билээ” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж