Гамшиг арилтал Сэлбэ гол дагуух байруудыг цахилгаанд холбохгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

LiveГамшиг арилтал Сэлбэ гол дагуух байруудыг цахилгаанд холбохгүй

14 : 09
2023-7-5

397 алба хаагч, 66 автомашинтай усыг соруулан шуудуу, далан татаж байна

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автаж, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага мэдээлэл бүртгэсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас 181 алба хаагч, 29 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 120 алба хаагч, 12 автомашин, Геодези усны барилга байгууламжийн газраас 17 ажилтан, 11 автомашин, Ус суваг удирдах газраас 35 ажилтан, 8 автомашин, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн 44 ажилтан, 6 автомашин, нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтай усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настай 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажиллаж байна.
13 : 42
2023-7-5

Өнгөрсөн 30 жилд гаргасан Улаанбаатар дахь хот төлөвлөлтийн алдааг бид засаад явж байгаа

Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хотын дарга болон НОК-ын дарга бусад холбогдох албан тушаалтнууд дараах мэдээллийг өгч байна.

Томоохон хэмжээний иймэрхүү үер бараг болж байгаагүй гэж хэлж болно. Тиймээс хэдий хэр хугацаанд ажиллаж дуусахыг хэлж мэдэхгүй байна.

Нийслэлийн онцгой комиссын дарга А.Дашням: “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК 10 цагт хуралдсан. Нийслэлийн засаг даргын долдугаар сарын 5-ны 732-р захирамжаар төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан 400-500 албан тушаалтанг дайчлан ажиллуулах зарим хэсгийг хязгаарлах зэрэг ажлууд хийгдэж байна. Дүүргүүдээр үүсэж байгаа нөхцөл байдалд дүүргийн засаг дарга нар урьдчилан сэргийлэх болон сэргээн засах ажлыг хийнэ. Сэргээн босгох ажил хэзээ дуусна тэр үед бэлэн байдлын хугацаа дуусна. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүрэгт үерийн эрсдэл өндөр байна. Томоохон хэмжээний иймэрхүү үер бараг болж байгаагүй гэж хэлж болно. Тиймээс хэдий хэр хугацаанд ажиллаж дуусахыг хэлж мэдэхгүй байна.

Сэлбэ голын дагуух байршлуудад далан босгох, зарим нэг гүүрэн байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авна.

Хотын дарга Д.Сумъяабазар: УОК-оос энэ асуудлыг яаралтай шийдэх, Батлан хамгаалах анги нэгтгэлүүдээс хүн хүч татах, Сэлбэ голын дагуух байршлуудад далан босгох, зарим нэг гүүрэн байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авна. Эдгээр ажлуудыг яаралтайгаар хийх учраас айж балмагдах хэрэггүй. Бидний зүгээс зохих ёсны арга хэмжээг авч ажиллана. Далан босгох ажлыг хийж гүйцэтгэж байгаа алба хаагчдыг багаж хэрэгслээр хангах үүрэг өгсөн. Өнөөдрийн хувьд нөхцөл байдлыг хараад Засгийн газрын хуралдаанд  танилцуулж, засгийн газрын нөөц болон засаг даргын нөөцөөс хөрөнгө санхүү гаргах, энд ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс, эрүүл ахуйд анхаарах асуудал дээр шуурхай ажиллана.  Мөн тэрбээр үер болоод буй шалтгааныг цаг уурын өөрчлөлт гэж тайлбарласан ба “ Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан Улаанбаатар дахь хот төлөвлөлтийн алдааг бид засаад явж байгаа. Хот төлөвлөлтийн асуудал хотод түгээмэл байгаа, үүнийг нуух шаардлагагүй” гэлээ.

Генерал н.Ариунбуян: “Их хэмжээний бороо орсны улмаас зарим газарт онцгой нөхцөл байдал үүслээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 43-р хорооны хотхон хороолол усанд автаад байна. Үүний дагуу анхаарал болгоомжтой байх мэдээллийг иргэдэд өгсөн. Хамгийн хүндрэлтэй асуудал бол усыг гаргахад саад болж буй гүүрэн байгууламжийг буулгах, ус чөлөөлөх, даланг нөхөн сэргээх зэрэг ажлууд хийгдэх ёстой. Өнөөдрийн дөрвөн цагаас эхлээд сэрэмжлүүлэх мэдээллийг өгч боломжтой арга хэмжээг авч ажилласан. Харин грашанд байсан зарим хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоох баг ажиллаж, цаашид хэрхэн шийдэх талаар ярилцана. Иргэдийн хувьд мэргэжлийн зүгээс өгч буй сэрэмжлүүлгийг сайтар анхаарахыг хүсэж байна”.

Ж.Даваадулам

 

12 : 58
2023-7-5

Гамшиг арилтал Сэлбэ гол дагуух байруудыг цахилгаанд холбохгүй

Үерээс хамгаалах далан сэтэрснээс Сэлбэ гол дагуух 27 байр усанд автсан. Аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх байруудын цахилгааныг хязгаарлаад байгаа юм. Хэдий хугацаанд цахилгааныг хязгаарлах талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер н.Хосбаяраас тодруулахад “Үер усны гамшиг хэдийд арилна, тэр үед цахилгааныг буцаан холбоно. Одоогоор урьдчилж тооцоолж хэлэх боломжгүй” гэлээ.

Мөн дээрх байруудын усыг соруулахын тулд цахилгаан мотор ажиллуулж байгаа юм. Энэ нь хэр аюултай вэ гэдгийг тодруулахад “Мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгсөн. Аюулгүй байдлаа хангаад байрны ойролцоох усыг соруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн 320 гаруй ажилтан, албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажил үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

12 : 35
2023-7-5

Нийслэлийн 6 дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэв

Нийслэлийн онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2023.07.05/ хуралдаж, төвийн зургаан дүүргийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж эхэлсэн. НЗДТГ дээр Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, дүүргүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авч, аврах, сэргээн засах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн зарим хэсэг Сүхбаатар дүүргийн зарим хэсгт эвдрэл гэмтэл гарсан учраас одоогоор 500 гаруй албан хаагч ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, шуурхай ажиллах, бүтээн байгуулалт, нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг шуурхай хийж байгааг албаныхан мэдээллээ. 

12 : 33
2023-7-5

НОК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

 

Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болоод байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, Улсын онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг Ерөнхий сайд Улсын онцгой комисст өглөө. 

10 : 24
2023-7-5

Сэлбэ гол дагуух 27 байр усанд автжээ

Сэлбэ гол дагуух 27 байр усанд автсан гэдгийг албаны хүн тодотголоо. Үүнээс 10 гаруй байрны автомашины граж усанд бүрэн автсан байна. Мөн оршин суугчдыг байрнаас нь гаргах ажиллааг зохион байгуулж буй юм.

Нийслэлийн зүгээс усыг соруулах, сэтэрсэн даланг янзлахаар шуудайнд шороо хийн, өрж байгаа ч Сэлбэ гол эргээ халин үерлэсэн тул төдий л нэмэр болохгүй, далан барихад хүндрэл учирсан хэвээр байна. Энэ цаг мөчид Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж байна. Нөхцөл байдлыг аюулгүй болгохоор Онцгой, Цагдаа, Нийслэл, Ус сувгийн удирдах газрын холбогдох хүмүүс ажиллаж байгаагийн зэрэгцээ оршин суугчид ч өөрсдөө сайн дураар ажиллаж буй юм. 

Нийтдээ 200 гаруй албаны хүмүүс ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт долоон байршил усанд автаад буй бөгөөд нөхцөл байдлын талаар өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар 11.30 цагт мэдээлэл хийхээр болжээ. 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

09 : 46
2023-7-5

Орон сууцнуудын авто гражууд усанд бүрэн автсан

 

Улаанбаатар хотод өчигдрөөс /2023.07.04/эхлэн үргэлжлэн бороо орсноор урьд шөнөөс Сэлбэ гол дагуух орон сууцууд усанд автжээ. Оршин суугчид шөнөөс эхлэн гэртээ орох боломжгүй болсон бол зарим иргэн гэрээсээ гарах боломжгүй болсон гэдгийг ярьж байгаа юм. Одоогоор байр бүрийн орц бүрэн усанд автсан байгаа юм.

Орон сууцнуудын авто гражууд усанд бүрэн автсан. Аюулгүй байдлыг хангах зорилгоор орон сууцнуудын эрчим хүчийг тасалжээ. "Шөнө гэрээсээ 04.00 цагт гарч, автомашинаа гражаас гаргаад эргэж орж чадаагүй байна" гэдгийг зарим оршин суугч ярьж буй юм. Мөн оршин суугчид “Үерийн далан шуудуу байхгүйгээс ийм байдалд хүрлээ. Гэтэл газар олгож шинээр байр барьдгаас ийм байдалд хүрлээ. Өнгөрсөн жил ч мөн усанд автсан” гэж хэлж байгаа бол зарим оршин суугч “Үерээс хамгаалах далан шуудуу нь стандартын дагуу баригдаагүйгээс багахан бороо ороход далан сэтэрлээ” гэж тайлбарлаж буй юм. Харин Улаанбаатар хотын зүгээс сэтэрсэн даланг янзлахаар ажиллаж эхлээд байна.

Мөн Онцгой байдлын газрынхан ажиллаж, оршин суугчдыг гэрээс нь гаргах арга хэмжээ авч байгаа бол цагдаа аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн усыг соруулах арга хэмжээ авч буйн зэрэгцээ автомашинуудыг уснаас гаргах арга хэмжээг авч буй юм. Гэхдээ зарим тээврийн хэрэгслийн эзэнтэй холбогдох утасны дугаар байхгүйгээс хүндрэл үүсээд байна гэдгийг албаныхан тодотголоо. Иймээс Сэлбэ голын дагуух байрны гадаа автомашинаа байршуулсан жолооч нар яаралтай очиж, тээврийн хэрэгслээ уснаас гаргах арга хэмжээ авахыг санууллаа.

Сэлбэ, Туул гол дагуух авто зам нүхэн гарцууд усанд автсан тул Тээврийн цагдаагийн газраас зарим нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаад буй. Тодруулбал, Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн урд талын , Соёолж худалдааны төвийн зүүн талын нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаасан байна. Нарны замаас Арслантай гүүр хүртэлх Буянгийн зам, Энхтайваны гүүрний баруун урд Петровис шатахуун түгээх станцаас Төв цэнгэлдэхийн баруун хойд тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж