"Ус зайлуулах шугам сүлжээний засварт 370 тэрбум шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

"Ус зайлуулах шугам сүлжээний засварт 370 тэрбум шаардлагатай"

"Ус зайлуулах шугам сүлжээний засварт 370 тэрбум шаардлагатай"

Их хэмжээний үргэлжилсэн бороо орж байгаагийн улмаас нийслэлийн замууд, хотхоны голд ус үерлэж байгаа. Үүнтэй холбоотойгоор холбогдох албанаас тодрууллаа.

Геодези, усны барилга байгууламжийн ерөнхий инженер С.БАТСАЙХАН:

-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах шугам сүлжээг дөрвөн томоохон байршилд хийж байгаа бөгөөд гадаргын усыг хүлээж авах худгуудыг нэмэх, өргөтгөх ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо зуслангийн бүсийн хоёр байршилд ус зайлуулах шугам хоолойн ажил хийж дуусгасан. Мөн Яармагийн зам буюу Буянт-Ухаа хорооллын автобусны буудлын урд талын хэсгийн ус зайлуулах хоолойн ажлыг хийж байгаа. 

Засварын ажил хийх ус ихээр тогтдог байршлын хувьд:
  • Алтай хотхоны урд хэсэг /жижиг машин гарахааргүй их хэмжээний ус тогтдог/
  • Дүнжингаравын эргэлттэй хэсэг /олон жил их хэмжээний ус тогтож байгаа/
  • Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам
  • Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Хотын хэмжээнд борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Үүний 70 орчим хувь нь 1970-1980 онд хийгдсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Сөүл, номын сангийн гудамжууд насжилт өндөр учраас нурах, шугам хоолой ачаалал авахаа болих, лаг, хог их хэмжээгээр хуримтлагдсанаас үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй болсон.
Цаашид нийт 400 гаруй км шугам сүлжээг өртгөх шаардлагатай бөгөөд 370 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд нийт шаардлагатай шугам сүлжээний засварын ажлыг хийхэд дээрх тооцооллыг гаргасан. Хотын хэмжээнд жилд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр ойролцоогоор тэрбум гаруй төгрөгийг борооны ус зайлуулах сувагт төсөвлөдөг. Энэ нь засвар шинэчлэлтийн ажлын хаана нь ч хүрдэггүй. Багахан хэмжээний шугам хоолойн засвар шинэчлэлт, өргөтгөл хийгээд л таардаг. Хотын хэмжээнд нийт 8000 гаруй ус хүлээж авах болон дамжуулах худаг бий. Энэ жилийн төсвөөр дээрх худгуудад мөн шинэчлэлт хийж байгаа.
ЯАРМАГИЙН БҮСЭД ХОТХОНУУД ОЛНООР НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ АЧААЛЛЫГ ЭРС НЭМЖ БАЙНА
Хан-Уул дүүрэг Яармагийн бүсэд хотхонууд олноор нэмэгдэж, ашиглалтад орж байгаагаас дэд бүтцийн асуудал их тулгамдаж байгаа. Дэд бүтэц ачааллаа дийлэхгүй байгаагаас гадна борооны усыг зайлуулах шугам сүлжээг төлөвлөхгүйгээр шууд гадаргаар зайлуулж төв зам руу хаях байдлаар шийдээд явж байгаа. Энэ нь төв замын ус зайлуулах системд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр хот төлөвлөлт, барилга байгууламж барьж байгаа аж ахуй нэгж, зураг төсөл гаргаж байгаа байгууллагууд анхаарахгүй бол ашиглагч байгууллагуудад маш их төвөг удаж байна.
Хэдийгээр хотын ус зайлуулах бүх шугам сүлжээ ажиллаж байгаа ч бетонон буюу хатуу хучилттай зам дээр нуурласан усыг техник хэрэгслээр механикаар соруулахаас өөр аргагүй. Далд шугам сүлжээ байгаа тулдаа хотын үерт автах эрсдэл буурч байгаа.
Ус тогтдог байршлуудад гадаргын хотгор, гүдгэр, суваг хоолойн олон жилийн насжилт зэрэг шалтгаалдаг. Мөн тухайн замыг ашиглалтад оруулахдаа ус зайлуулах хоолойг шийдэж өгөөгүй гэх мэт олон асуудал байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж