Хөгжлийн банкны дуулиан дэгсэн цагаас олны анхаарлыг татсан. Ерөнхий сайдын зүгээс “шүүх хэрхэн шийдэхийг нь хамтдаа харцгаая” гэж удаа дараа мэдэгдсэн. Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлыг хоёр сарын турш шууд дамжуулсан бөгөөд урьд өмнө нь байгаагүй олон оролцогчтой энэ хэргийн шүүх хурлын явцад шинжээчид, прокурорын ялласан байдал баримтаар няцаагдаж буйг өмгөөлөгчид дэлгэж байсан билээ.
2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн шүүх хурал хоёр сарын турш үргэлжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэний эцэст 48 хүнийг гэм буруугүйд тооцсон бол 32 хүнийг гэм буруутайд тооцов. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн саналыг хүлээн авч, тав хоног завсарлаад үргэлжлүүлэн худалдаж эхлээд байна. Харин сошиал ертөнцөд хэзээний “ял авах ёстой эрх мэдэлтнүүд мултарлаа” гэж шуугиад эхэлжээ. Энэ хэргийн шүүх хурал эхэлсэн өдрөөс хойш оролцсон өмгөөлөгч Ц.Гансүх тэднээс өөр бодолтой байна. Хэн нэгний гэм буруутай эсэх бус шүүх хурлын ерөнхий уур амьсгал ямар байсан талаар түүнтэй ярилцлаа.
-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал 47 өдөр үргэлжлээд завсарлаад дахин орлоо. Асуудал анхнаасаа л их сонин эхэлсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө улс төрийн мэдэгдэл хийчихсэн. Хөгжлийг чөдөрлөж, хөгжлийн банкны зээлийг хувьдаа хөрөнгөжих хэрэгсэл болгосон этгээдүүд бол өмнөх үеийн сайд, албан тушаалтнууд байж. Тэдэнтэй Засгийн газар тэмцэнэ гээд зарласан. Ийм их хэмжээний хулгайг бид илрүүлээд шүүхэд шилжүүллээ. Шүүх хэрхэн шийдэхийг нь харъя гээд л Ерөнхий сайд мэдэгдэл хийчихсэн. Шүүхээс өмнө нэгэн шүүлт болсон нь УИХ-ын сонсгол болсон. Сонсголыг нэг талын өнцөг барьж, олон нийтэд “хулгайчид” гэх дүгнэлтийг шүүхээр тогтоогоогүй байхад хийлгэчихсэн. УИХ-ын гишүүд нь юу дуртайгаа асуудаг, оролцогч, сэжиглэгдэж байгаа этгээд нь бүрэн гүйцэд тайлбар хийх боломжгүй байх жишээний. Үйлчлүүлэгчийнхээ өмнөөс тайлбар хэлэх гэсэн өмгөөлөгч хүртэл хөөгдөж гарсан. Шүүхээс өмнө ингээд яллачихсан. Харин шүүх хурал заримыг нь хэрэгсэхгүй болгож, заримд нь ял өглөө. Энэ хурал ер ямар хурал болсон гэж та харж байна вэ?
-Би хувь хүнийхээ хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье. Яагаад вэ гэвэл хэрэг эцсийн байдлаар шидэгдээгүй учраас өмгөөлөгчийн хувьд, ёс зүйн дүрэм, хуулиараа хориотой зүйл. Миний хувийн бодол гэвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь банк. Гаднаас мөнгө олж ирээд иргэн аж ахуйн нэгжид зээл олгосон л асуудал. Өөрөөр хэлбэл, гаднаас 10 хувийн хүүтэй мөнгө олж ирээд дотоод үйл ажиллаагааны зардлаа нэмээд 11 хувийн хүүтэй ч юм уу зээл олгосон банкны л асуудал. Ингээд том зургаар нь харвал эрүүгийн гэхээсээ илүүтэй иргэний хэрэг, маргаан байсан юм болов уу гэх бодол гарч ирж байгаа юм.
-Яагаад?
-Яагаад гэвэл хавтаст хэрэгт авсан баримтуудаас харахад, хэд хэдэн компанийн асуудал байна. Хөгжлийн банк нэхэмжлэгч болоод мөнгө зээлсэн компаниудаа хариуцагчаар татаад шүүхэд хандаад, шүүх нь иргэний хэрэг үүсгээд Дээд шүүх хүртлээ яваад төлбөр, тооцооны асуудлыг нь шийдчихсэн хэд хэдэн компанийн асуудал байна. Тэдэнд ч прокурорынхон маань эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад шүүхэд өгсөн асуудал харагдаж байна. Хоёрдугаарт, хуульч хүний хувьд харахаар авлига, албан тушаалын хэргийг илрүүлэхэд одоогийн мөрдөгч, прокурорын хэрэглэж байгаа арга, аргачлал үнэхээр хоцрогдсон байгаа нь өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд харагдсан. Тийм учраас сая шүүхээс 80 хүний 48-ыг нь гэм буруугүй гэж цагаатгаад, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шударга шийдвэр гаргалаа л гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Хавтаст хэрэгт авсан баримт, материалыг уншихаар гэм буруугүйд тооцсон хүмүүсийг гэм буруутайд тооцох баримт, материал багатай. Зарим нь эргэлзээтэй байгаа юм. Тийм ч учраас шүүх цагаатгасан гэж харсан.
-Анхнаасаа иргэний хэргээр явах байсан хэргийг хүчээр Эрүүгийн хэрэг болгож авчраад шийдчихэж байгаа хэрэг үү?
-Зарим нэг аж ахуйн нэгжийн хувьд бол тийм. Яагаад гэвэл зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн учраас Хөгжлийн банк маань шүүхэд хандаад зээлийн дүн, үндсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгээ нэхээд шүүхээр шийдүүлчихсэн нэлээд олон аж ахуйн нэгж байна. Гэтэл эсэргээрээ хэрэг ч байна. Тухайн зээл гаргуулахын тулд албан тушаалтан эрх мэдлээ ашигласан, мөнгө авсан, зээл гаргуулахын тулд мөнгө өгсөн ч байдаг юм уу хэрэг энэ хэрэг дотор байж байна. Тиймээс зарим нь эрүүгийн, зарим нь иргэний хэрэг л гэж хараад байгаа юм.
-Олон нийтийн сүлжээгээр шүүхийг шүүж байна. Эрх мэдэлтнүүдийг цагаатгачихлаа гэж. Гэтэл та оролцож, хэрэгтэй танилцсан болохоор нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргалаа л гэж үзээд байна, тийм үү?
-Жишээлбэл, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг ч юм уу, хэд хэдэн олны танил хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогдохгүй байна гээд цагаатгасан. Би шүүгч биш учраас нарийн тодорхой мэдэхгүй. Гэхдээ хавтаст хэрэгт гэм буруутайг нь нотолсон, заасан баримт бага байсан л гэж харж байна.
-Энэ шүүх хурал ер нь хэр улстөржсөн гэж та хэлэх вэ. Прокурорын яллаж байгаа дүгнэлтүүд хууль ёсны байв уу? Яллах дүгнэлтээ хүртэл өөрчилсөн гэх яриа гарсан шүү дээ?
-Зарим өмгөөлөгч нар тийм зүйл ярьсан. Миний үйлчлүүлэгч дээр тийм асуудал гараагүй. Хяналт тавьж байсан прокурор нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагатай ч юм уу эсвэл Хөгжлийн банкны зарим нэг албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод цагаатчихсан байлаа гэхэд дээд шатных нь прокурор тухайн прокурорын тогтоолыг хүчингүй болгоод эрүүгийн хэрэг үүсгээд сэргээн шалгаж, шүүхэд шилжүүлсэн асуудал байгаа. Энэ нь мэдээж хэрэг хуулийн дагуу явсан. Дээд шатны проркурорын итгэл үнэмшлээр хийсэн ажил байх.
Улстөржсөн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Шүүх ямартай ч шийдсэн.
-Прокурорын зүгээс зарим хэргийг мэдээлдэг. Заримыг нь мөрдөн байцаалтын нууц гээд огт мэдээлдэггүй. Харин энэ хэргийг эхнээс нь эхлээд мэдээлээд л гэрэл цохиулчихсан. Энэ нь олон нийтийн анхаарлын төвд оруулсан сайн тал бий байх. Гэхдээ гэм буруутай нь нотлогдоогүй байхад нэр хүндийг нь гутаачаад шүүхээр гэм буруугүй нь нотлогдсоны дараа тоохгүй орхидог. Нөгөө хүн муу нэртэй, луу данстайгаа үлддэг. Энэ хэрэг ч үүнийг тойрохгүй бололтой.
-Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өмгөөллийн тухай хууль ч байна. Эдгээр хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой үе шатанд тодорхой зүйлийг ил болгох боломжтой мэдээллүүд байдаг. Энэ хүрээнд мэдээлдэг. Дараагийн дугаарт тухайн хэргийг мөрдөн шалгах явцад шинжээчийн дүгнэлт гардаг. Дүгнэлт гарлаа, оролцогчдод танилцуулдаг. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй санал гаргах нь нээлттэй. Шинжээчийн тодорхой хэсгийг ил болгох нь хуулиар нээлттэй. Шинжээчийн дүгнэлт гарсан эсэхийг мэдээлэх нээлттэй. Гэхдээ доторхыг нь уншиж болохгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой учраас ярихгүй. Тэр битгий хэл, сүүлд гарсан бусад хуулиар хүний эмзэг мэдээлэл хуулиар хамгаалагддаг. Харин УИХ-ын сонсголын тухай биш ярихгүй. Тэр нь улстөржсөн үү, үгүй гэдэг олон нийтийн л асуудал. Миний хувьд дүгнэлт өгөх боломжгүй.
-УИХ-ын сонгол дээр шинжээчдийн дүгнэлтийг танилцуулж байсан. Шүүх хурал дээр тэр л дүгнэлтийг танилцуулж байгаа юу?
-Тийм.
-Шүүх хурлыг харж байхад өмгөөлөгчдийн зүгээс буруу дүн шинжилгээ хийсэн байна гэх гомдол их гарсан. Яагаад?
-2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Шүүхийн шинжилгээний хууль мөрдөгдөж байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Шүүх шинжилгээний тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд зааснаар шинжээч гэдэг нь тусгай мэдлэг бүхий этгээд. Эрх бүхий этгээд нь шийдвэр гаргаад тэрхүү этгээдийг шинжээч томилно. Шинжээч нь хуульд заасны дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргаад гаргасан дүгнэлтээ өөрөө хариуцна гэж заасан. Өмгөөлөгч нар ямар хэмжээнд маргах вэ гэхээр шинжээчид тусгай мэдлэгтэй хүн байсан уу, үгүй юу. Хоёрдугаарт, дүгнэлт гаргасан шинжээч маань хэрэг маргаан дээр ашиг сонирхлын зөрчилтэй байсан уу, үгүй юу. Гуравдугаарт, шинжээчийн дүгнэлт нь өөрөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, тогтоомжид нийцсэн үү, үгүй юу. Дөрөвдүгээрт, шинжээчийн дүгнэлт гаргахдаа хэрэглэсэн материал, баримтад үндэслээд зөв, үнэн дүгнэлт гаргасан уу гэдэг дээр өмгөөлөгч нар ямар ч тохиолдолд маргах эрхтэй. Харин шинжээч маань дүгнэлтийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцаж байгаа юм. Тийм учраас Хөгжлийн банкны хурал дээр зарим өмгөөлөгч, прокурорын хүсэлтээр шинжээч нар шүүх хуралдаанд оролцсон. Ингээд гаргасан дүгнэлттэй холбогдуулаад улсын яллагч прокурор, өмгөөлөгч нар асуулт асуугаад , тэрийг нь шүүх бүрэлдэхүүн сонсоод хэд хэдэн дүгнэлт гарсан байдаг ч юм уу, аль дээр нь үндэслээд шийдвэрээ гаргах итгэл үнэмшил нь шүүх бүрэлдэхүүнд байсан.
-Шинжээчдийн үнэн, буруу дүгнэлт гаргасан эсэхийг тогтоох ажиллаагаа гэж байх уу?
-Тийм юм байхгүй. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар мөрдөгч, прокурор, шүүхийн шинжээч томилох тогтоол гаргаж байгаа юм. Шийдвэр гаргана гэсэн үг шүү дээ. Дүгнэлт гаргуулмагц хэргийн оролцогчид танилцаад зөвшөөрөхгүй байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гомдол гаргах эрхтэй. Тодорхой бус байвал нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргаж болно. Ингэж явсаар шүүх дээр ирэхээр шүүгчдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид шинжээчдийн дүгнэлтийг өөрсдийн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, нотлох баримтаас хасч өгөөч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар санал, гомдол гаргах эрхтэй. Шүүх шинжээчтэй холбоотойгоор дахиж хэрэг маргаан үүсгэх тухай ойлголт байхгүй.
-Шүүх хурал эхлэхээс өмнө энэхүү шүүх хуралтай өмгөөлөгчдийн оролцох өөр шүүх хурал давхцвал яах вэ гэж их яригдсан. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ. Бусад хэргийн үйл явц хэрхэн өрнөсөн юм бол?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэх гэж том зарчим бий. Тиймээс би Хөгжлийн банкны хуралд нэгэнт орсон бол шийдэгдэж дуустал өөр ямар нэгэн хуралд орж болохгүй. Прокурор, шүүгч ч адилхан. Хэрэв өөр шүүх хуралд очвол шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим зөрчигдөж байгаа учраас тодорхой үр дагавар гарах магадлалтай. Миний хувьд, бусад шүүх хуралдаануудаа хойшлуулаад л явж байгаа.
-Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал гурван шатны шүүхээр шийдэгдтэл ямар хугацаа зарцуулагдах бол?
-Долдугаар сарын 3-ны өдрөөс эхэлсэн эрүүгийн хариуцлагын шүүх хурал багцаагаар долоо хоног үргэжлэх байх. Үүний дараа шүүхийн шийдвэр цаасан хэлбэрээр албажиж гарна. Гарсны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардаж аваад 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Улсын яллагч ч хүлээж аваад мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй. Ингээд давж заалдах шатны шүүх авч хэлэлцэнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй бол эсэргүүцлээ Дээд шүүхэд гаргана. Багцаалбал хоёроос гурван сарын дараа эцэслэгдэн шийдэгдэх болов уу.
-“Хойшлуулах тактик” хэрэглэх магадлалтай юу?
-Тодорхой шалтгааны улмаар нэг удаа л хойшилбол хойшилно. Хуульд зааснаар тухай шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан бол мэдэгдэнэ. Гэхдээ хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гээд заачихсан. Тиймээс давах, хяналтын шатанд болгон хойшлохгүй хэлэлцээд л явна.
-Энэ хурал жишиг болох шиг боллоо. Үүний араас нүүрсний хэрэг магадгүй явах байх. Та түрүүн авлигатай тэмцэхэд арга барил болохгүй байгаа талаар хэллээ. Яаж засч, залруулах вэ?
-Боловсон хүчний хувьд хангагдаагүй гэж хэлээгүй шүү. Прокурор, мөрдөн байцаагч эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх арга, аргачлалынхаа хувьд хуулийнхаа хүрээнд өөрчлөлт хийх цаг болсон. Зайлшгүй шаардлага байна.
-Жишээлбэл, яг ямар тодорхой асуудал дээр алдаад байна вэ?
-Тодорхой жишээлээд ярья л даа. Хөгжлийн банкны албан тушаалтныг нэг компанийн таньдаг хүн эсвэл таньдаг хүнээрээ зуучлуулаад зээл авах гэж байна. Зээл гаргаж өгөөч, тэдэн төгрөг өгье гэдэг ч юм уу холбоо тогтоочлоо. Төслөө оруулж ирээд зээл нь бүтээд, түүнийхээ үр дүнд амласан мөнгө өгөж, авчлаа гэж бодъё. Араас нь мөрдөгч, цагаагийнхан шалгаад ирэнгүүт компанийн ажилтнууд зээлээ бүтээчихсэн учраас мөнгө өгөөгүй л гэж хэлнэ биз дээ. Нөгөө Хөгжлийн банкны ажилтан бол “мөнгө аваагүй”, зүгээр таньдаг эсвэл таньдаггүй, би бүтээж өгөөгүй, энэ хүн материалаа бүрдүүлээд хурлаар ороод л батлагдсан гэж мэдүүлнэ. Яагаад гэвэл компанийн данснаас түүний данс руу мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Энийг илрүүлдэг шинэ арга, аргачлал хэрэгтэй байна.
Сая Хөгжлийн банкны хэрэг дээр хөгжилтэй гэмээр нэг зүйл болсон. Хөгжлийн банкны ажилтан, зээлдэгч хоёрыг хамааралтай болгохын тулд прокурор нь “Энэ хоёр цуг онгоцоор ниссэн. Тасалбар нь бий” гэж байгаа юм. Нөгөө хүмүүс нь “Би онгоцоор нисч болдоггүй юм уу. Зэрэгцээд суугаад яваагүй. Тохиолдлоор л таараа биз дээ. Өөр өөр суудалд суугаад явсан. Онгоцоор нисэх чинь гэмт хэрэг юм уу” л гэх тайлбарыг өгсөн. Гэтэл тэр хоёр гэмт үйлдлээ хамтраад үйлдсэн бол хэргийнхээ төлөвлөгөөг нарийн боловсруулах гээд явсан юм уу эсвэл өөрсдийнх нь хэлснээр тус тусдаа ажлаар гадагшаа явсан юм уу гэдгийг одоогийн прокурор, мөрдөгчдийн хэрэглээд буй шалгах арга аргачлал нь тогтоож чадахгүй байна.
-Цар тахлын үед хавьтагчтайгаа буудалд орсон байна гээд л маршрутыг нь зарладаг шиг юм болжээ.
-Тэр бол тодорхой.
-Цаана нь хүний эрх, нууц гээд юм бий шүү дээ.
-Яг үнэн. Гэтэл иймэрхүү байдлаар нотлохыг оролдож байгаа нь утгагүй болоод байна. Хувь хүн, өмгөөлөгч хүнийхээ хувьд авлига, албан тушаалын хэрэг илрээсэй, эрүүгийн хариуцлага нь хатуу чанга байгаасай. Монгол Улсын ялын бодлого нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг байгаасай гэж хүсдэг. Шүүх бол хавтаст хэрэгт авсан нотлох баримтын хүрээнд л шийддэг. Тэгэхээр өнөөдрийн мөрдөгч, прокурорын хэрэглээд байгаа арга нь хоцрогдсон учраас шийдэж чадахгүйд хүрч байна.
-Хэрвээ Хөгжлийн банк гэж төрийн мэдлийн банк байгаагүй бол албан тушаалтнууд нөлөөлөхгүй, асуудалгүй байх байсан юм биш үү?
-Хөгжлийн банк, сангуудын асуудал олон жилийн өмнөөс ужгирсан асуудал. Яаж засах вэ гэдэг арга нь зөв байх ёстой. Өнөөдрийн арга нь буруу байна. Хөндлөнгөөс ажиглахаар эрх мэдэлтэн, улстөрчид, албан тушаалтнууд нэг нь нөгөөгөө намнахаа л хэрэг илрүүлж байна нэрийн дор хийдэг болчихсон юм уу даа. Тиймээс арга нь буруу байгаа биз. Чи өндөр албан тушаалтан байлаа гэж бодоход ойр тойрныхонтойгоо нийлээд хууль бус юм хийчихлээ гэхэд тухайн үед хүчтэй байсан учраас асуудал гаргаагүй. Дараа нь би хүчтэй, нөлөөтэй болоод ирэнгүүтэй чи болоод чиний ойр дотны албан тушаалтнуудыг зайлуулахын тулд та нарын хийсэн хэргийг илчлээд байна гэсэн үг. Ийм зүйл яав ч байж болохгүй. 1990 оноос өмнө бид зорилго нь аргаа зөвтгөдөг нийгэмд амьдарч байсан. Гоё зорилготой, арга нь ямар ч байсан хамаагүй. Харин 1992 оноос хойш зорилгодоо ёс суртахуунтайгаар хүрдэг нийгэм байгуулахаар Үндсэн хуулиа батлаад тэмүүлж байна.
-Зорилго нь аргаа зөвтгөхгүй болжээ дээ?
-Зорилгодоо ёс суртахуунтайгаар хүрэх ёстой. Хэн нэгнийг албан тушаалаас нь зайлуулах гэж гэмт хэргийг нь илрүүлдэг биш. Гэмт хэрэг үйлдсэн л бол тэр мөрдөгдөөд, хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Гэр нь жоомтой гээд шатааж болохгүй биз дээ. Зөв аргаар нь тэмцэх ёстой.
-Хөгжлийн банкны шүүх хурал болоод өнгөрлөө гэж бодъё. Төрд байдаг нэг хэргийг л ямар нэгэн байдлаар шийдээд өнгөрнө. Гэтэл асуудлыг мөн чанар нь хэвээрээ л үлдэнэ. Асуудлаа ердөө ч шийдэхгүй л үлдэх гээд байна, тийм үү?
-Хувьдаа арга нь буруу байна л гэж хараад байгаа юм. Хөл нь шивэртэй гээд хөлөө тайрч болдоггүй биз дээ.
Холбоотой мэдээ