Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
Шүүхээс яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны долдугаар сарын 05-ны өдрөөс дахин нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, саатуулсан байдаг. Улмаар хоёр улсын Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болж, 2023 оны дөрөвдүгээр сарын 05-нд Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд авчирсан юм. Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө БНХАУ-аар дамжин эх орноосоо зугтан гарсан бөгөөд таван жилийн дараа “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авч ирж холбогдох хэргийг шалгаж байгаа нь энэ юм.
Холбоотой мэдээ