ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

ШХАБ: Бүгдийн анхаарал Путинд төвлөрч байна

Энэ долоо хоногт олон улсын анхаарал Путин дээр төвлөрч байна. Хувийн цэргийн "Вагнер групп" компанийн зэвсэгт бослогоос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаа дэлхийн тавцанд гарч ирж буй нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ хурал юм. Энэтхэг улсаас энэ жилийн уулзалтыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд Путин, Ши Жиньпин нар оролцож үг хэлнэ. Вагнерын бослого Путины 23 жилийн эрх барьсан хүчийг сулруулсан гэж үзэж буй энэ үед ШХАБ-ын хуралд оролцогч орнуудын удирдагч нар түүнд хэрхэн дэмжлэг үзүүлэх нь анхаарал татаж байна. Украины дайнд стратегийн командлалын чухал ач холбогдолтой Оросын хоёр хотын цэргийн байгууламжуудыг Евгений Пригожиний удирдсан Вагнерын цэргүүд эзэлж, Москва руу явж байхдаа ОХУ-ын армийн зургаан нисдэг тэргийг буудаж сөнөөсөн. Ийм ноцтой байдалд Путин босогчдын толгойлогч Пригожинтой тохиролцож, гэм бурууг асуулгүй өнгөрөөсөн нь  түүний сул дорой байдлыг илтгэсэн юм.

Вагнерын бослогын дараа ОХУ-ын стратегийн холбоотон Хятад улсаас Путинд дэмжлэгээ илэрхийлсэн. Энэ жилийн ШХАБ-ын хурлыг даргалж буй Энэтхэг болон Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг Азийн орнуудын төлөөлөгчдийн олонх нь Путин шиг хүчирхэг удирдагчидтай.  

Путин энэ форумыг ашиглан эрх мэдлийн дүр төрхийг шинэчилж, Москвагийн түншүүд, цаашлаад дэлхий дахиныг хяналтандаа байлгаж чадна гэдгээ итгүүлэхийг хичээнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь жилийн хурал цахим тул тэд тэнд биечлэн оролцохгүй. Эс бөгөөс тэд бие биенийхээ хажууд зогсч, хүч чадлаа харуулах болно" гэж АНУ-д төвтэй "RAND" корпорацийн батлан ​​хамгаалахын ахлах шинжээч Дерек Гроссман хэлэв. Гроссманы хэлснээр, дээд хэмжээний уулзалтад цугларсан олон удирдагчид Орос, Хятад хоёрыг дарангуйлагч дэглэмийн үлгэр жишээ болгон харж байна. "Хэрэв Вагнерын бослого Путиныг цочирдуулсан нь илтэд мэдрэгдвэл бусад авторитар удирдагч нарт ч сануулга болно. Хэчнээн хүчирхэг удирдагч байсан ч улс орондоо гарч болзошгүй бослого, тэмцлийн эсрэг баталгаатай дархлаа байхгүйг тэд ойлгоно" гэж тэрбээр тайлбарлав. 

ОРОС-ХЯТАДЫН АЛСЫН ХАРАА

Хятад, Орос хоёр гүрэн нэгдэж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний Төв Азийн хэд хэдэн орныг элсүүлэх байдлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2001 онд байгуулсан. Байгууллагын эхний зорилго хилийн аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэх байсан ч гишүүн орнуудын тоо нэмэгдэж, хэмжээ нь томрохын хэрээр барууны нөлөөг эсэргүүцэхэд ашиглагдах хэрэгсэл болж хувирсан. Энэ жилийн уулзалтаар Украин дахь дайнд ОХУ-ыг дэмжиж буй хоёр орны нэг Иран улс бүрэн эрхт гишүүн болж гарын үсэг зурах бол Беларусь ажиглагчаар уригджээ. Путины ойрын холбоотон Беларусь ойрын хугацаанд ШХАБ-т элсэнэ гэж ажиглагчид харж байна. Путин, Ши Жиньпин нар бол удаан хугацаанд дэлхийн хамгийн хүчирхэг авторитар удирдагч байсаар ирсэн хүмүүс. Тэд жилээс жилд улам ойртсоор ОХУ-аас Украинд эхлүүлэхээс өмнөхөн өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард "хязгааргүй нөхөрлөлд" хүрснээ зарласан. Дайн эхэлснээс хойш Хятад улс нь ОХУ-ыг илт шүүмжлэхээс татгалзаж, эсрэгээрээ Путинд шаардлагатай эдийн засаг, дипломат дэмжлэгийг үзүүлж байна. Үүгээр ч зогсохгүй ОХУ-ыг Украинд дайн өдүүлэхэд түлхсэн хэрэгт НАТО-г буруутгасан.

Гэхдээ Путины Украин дахь дайн ОХУ-Хятадын түншлэлд дарамт үзүүлж эхэлсэн юм. “Ши Жиньпин дайнаас болж Хятадын Европтой харилцах харилцааг бүр мөсөн үгүй хийж, Бээжинг НАТО-гийн хамгийн том бай болгохыг хүсэхгүй байгаа" гэж шинжээч Дерек Гроссман дүгнэж байна. Гэхдээ Орос-Хятадын харилцааны гол ашиг тус нь Украины дайны удааширсан нөхцөл байдал болон
Бээжингийн дэлхийн тавцан дахь дүр төрхөд үзүүлэх нөлөөллөөс илүү байхад Ши Жиньпин эргэлзэж байгааг тэрбээр  хэлжээ. Ши Жиньпин өнөөдөр цахимаар дамжуулан ШХАБ илтгэл тавих бөгөөд үүгээрээ дамжуулан Путинд дэмжлэг үзүүлэх нь маш чухал ач холбогдолтой.
Токиогийн их сургуулийн азийн дэвшилтэт судлалын хүрээлэнгийн профессор Ясухиро Мацуда хэлэхдээ, “Орос дайнд ялагдаж байгаа бөгөөд энэ нь Хятад улсын хяналтад байх зүйл биш учраас Бээжин хүнд байдалд байна” гэж үзжээ. Украинд түрэмгийлсний дараа ОХУ нь богино хугацаанд ялалтад хүрэх нь Хятадын хувьд хамгийн таатай үр дүн байх байсан. Энэ нөхцөлд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаа унаж, Европ, АНУ нь хүчгүйдсэн нөхцөл байдалд хүрэх байсныг Ясухиро Мацудо тайлбарлав. Гэтэл энэ тааламжтай үр дүнд хүрэхэд тохиромжтой хугацаа хэдийнэ өнгөрсөн. "Гэхдээ Ши Жиньпин ч өөрийн эрх мэдэл, хүч чадлаа дотоодын үзэгчдэд харуулах ёстой. Тиймээс тэр өмнөх ШХАБ-ын уулзалтад шигээ аяглах болно” гэж тэрбээр нэмж хэлэв.

АВТОРИТАР ДЭГЛЭМҮҮД ПУТИНЫГ "БАЙЦААНА"

Барууны гүрнүүд болон ардчилсан орнуудын ажиглагчид Орост гарсан зэвсэгт бослогыг Путины хувьд сул дорой байдлын үе гэж  дүгнэж байна. Гэхдээ дээд хэмжээний уулзалтад оролцож буй авторитар удирдагчид үүнийг тэс өөрөөр харж магадгүй гэж шинжээчид тэмдэглэжээ. ШХАБ-ын гишүүн Казахстан улсад 2022 онд засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн олны нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарсан. Уг жагсаал тэмцлийн үеэр 160 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдсан бөгөөд эрх баригчид эмх замбараагүй байдлыг зогсооход туслахын тулд Оросоос цэрэг илгээхийг хүссэн.

Харин ОХУ-ын хувьд Вагнерын зэвсэгт бослогын дуулиан намжсан ч Путин хүндхэн асуултуудтай тулгарч мэднэ. Путин босогчдыг Москвад хүрэхээс өмнө олон хүний цусыг урсгалгүй зогсоож чадсан. Улмаар Пригожинийг цөллөгт илгээж, Оросын армитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн Вагнерын дайчдыг ч хяналтдаа авч магадгүй байна. Хятад болон бусад (ШХАБ) гишүүн орнуудын хувьд энэ бол гайхалтай амжилт. Учир нь тийм ч олон төрийн зүтгэлтэн үүнийг хийж чадахгүй. Гэвч энэ нь бусад гишүүд юу болсон талаар асуулт асуухгүй гэсэн үг биш. Гэхдээ тэд бослого Путины дэглэмийн төгсгөл биш гэдгийг ойлгож байгаа гэж би бодож байна" гэж Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн улс төр, олон улсын харилцааны ахлах багш Александр Королев тайлбарлажээ. 

ЭНЭТХЭГИЙН АСУУДАЛ

Олон авторитар удирдагчийн дунд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди сондгой нэгэн. Ардчилсан сонгуулиар сонгогдсон Моди Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг эсэргүүцэх Барууны хүчин чармайлтын гол дүр. Мөн тэрбээр ШХАБ-ын уулзалтыг даргалахаасаа өмнө Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан. 

“Энэтхэг улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудаас ялгаатай. Гэхдээ тэдний гадаад бодлогын чиглэл нь дайсагнал биш хамтын ажиллагаа учраас Модид энэ нь тухгүй байдал үүсгэхгүй гэж би бодож байна" гэж шинжээч Дерек Гроссман дүгнэжээ. Энэтхэгийн үг дайны эсрэг байгаа ч Модигийн үйлдэл Путины дэглэмийг дэмжиж байна. Ялангуяа, Энэтхэг улс энэ жилийн ШХАБ-ын хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нар нь энэ жилийн эхээр тус улсад биечлэн хуралдсан. 

Энэтхэг улс нь ОХУ-тай хүчтэй харилцаатай бөгөөд Шинэ-Делигийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгч нь Москва. Украины дайнд Энэтхэг улс тодорхой нэг талд ороогүй ч ОХУ-аас газрын тос худалдан авч эдийн засгийг нь тэтгэсээр байгаа. Мэдээж энэ нь барууны холбоотнуудад нь таалагдаггүй.

Моди өнгөрсөн жил Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Путинд хандан одоо дайн хийх цаг биш гэж хэлснээр шуугиан тарьсан. Гэвч Энэтхэг улс нь Орост эдийн засгийн дэмжлэг үзүүлсээр байгаа нь Модигийн хэлсэн энх тайвны тухай мессежийн утгыг алдагдуулжээ. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж