СУРВАЛЖЛАГА: Work and Travel хөтөлбөр бие дааж, өөрийгөө таних боломж олгодог

Хуучирсан мэдээ: 2023.07.05-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Work and Travel хөтөлбөр бие дааж, өөрийгөө таних боломж олгодог

СУРВАЛЖЛАГА: Work and Travel хөтөлбөр бие дааж, өөрийгөө таних боломж олгодог

АНУ-ын оюутан солилцооны "Work and Travel" хөтөлбөр нь олон улсын оюутан залуучуудад зуныхаа амралтаар АНУ-д гурван сар хууль ёсоор ажиллаж, Эрх чөлөөний орны өдөр тутмын амьдрал, соёл иргэншлээс суралцах боломжийг олгодог. Тэгвэл 2022, 2023 оны хөтөлбөрт хоёр жил дараалан хамрагдаад буй  МУИС-ийн оюутан Б.Энх-Цацрал зуны амралтынхаа гурван сарыг Америкт өнгөрөөж, англи хэлний мэдлэгээ сайжруулж байгаа тухайгаа ярилцаа. Тэрбээр “АНУ-д сурч, ажиллах хугацаандаа дэлхийн хөгжил хаана явж байна, гадаад оюутнуудын хажууд бидний мэдлэг мэдээлэл хэр байна гэдгийг анзаарч мэдэхийг зорьж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар олон орны найз нөхөдтэй болох  давуу талтай. Миний хувьд өөртөө суулгасан хамгийн том давуу тал бол гэр бүлийнхнээсээ хол биеэ дааж сурсан явдал. Анхны цалингаа авч, илүү цагаар ажиллан магтуулж, өөрөөрөө бахархаж, өөрийгөө илүү сайн нээсэн гэж хэлж болно. Өмнө нь үргэлж аав ээжээсээ мөнгө авч үрдэг байсан бол тэнд очоод өөрийнхөө олсон мөнгөөр хэрэгтэй зүйлээ авч, ажил хийж сурсандаа туйлын их баяртай байгаа. Боломж олдвол заавал явж үзэх хэрэгтэй гэж боддог. Хэрэв хичээнгүй, шинийг сурах эрмэлзэлтэй, шантардаггүй, тууштай бол илүү цагаар ажиллаад Монголоос явахдаа гаргасан зардлаа нөхөөд илүү мөнгө гаргах ч боломжтой” гэсэн юм.

Харин 2022 оны  хөтөлбөрт хамрагдсан МУИС-ийн оюутан Г.Гантуяа гадаадад сурч ажиллахад дасан зохицох чадвар чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр “АНУ-ын аялал жуулчлалын том хот Атлантик ситид ажиллахаар очсон. Атлантик ситид нийт 300 гаруй оюутан очсоноос 40 гаруй нь монгол оюутан байлаа. Үеийн олон залуустай танилцаж дотносоод ажлын бэлтгэлээ базааж, өмнө нь ажиллаж байсан туршлагатай нэгнээсээ зөвлөгөө аваад ажилдаа орсон. Монголоос гадна Доминикан, Вьетнам, Тайланд улсын оюутнуудтай хамт ажилласан. Ажил эхэндээ хүнд санагддаг байсан ч удалгүй дасаад сонирхолтой санагдах болсон. Ер нь дасан зохицох нь их чухал юм билээ. Долдугаар сараас Атлантик ситид ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд ажил дагаад нэмэгддэг.

Энэ үеэрх ажлын нэг өдрөө танилцуулъя. Өглөө 08 цаг 45 минутад цагаа бүртгүүлээд 09:00 цагаас ажлаа эхлэн нийтдээ 14 өрөөг цэвэрлэж, 17:00 цагт хүлээлгэж өгдөг. Нэмэлт өрөө цэвэрлэвэл нэг өрөөг 15  ам.доллараар тооцож нэмэлт цалин олгодог.

Тэнд ажиллаад сурчихсан туршлагатай хүмүүс бол өдөрт зургаан өрөө нэмэлтээр цэвэрлэчихдэг байсан. Сонирхуулахад олон үндэстний орон гэгддэг АНУ гурван сарын хугацааг өнгөрүүлэхэд Монголтой төстэй зүйлс мэр сэр анзаарсан. Тухайлбал, монголчууд өглөө эртлэн сэрэхгүй бол бид яаж хөгжих юм гэж ярьдаг бол тэнд ихэнх үйлчилгээний байгууллагууд 10:00 цагаас нээгээд 17:00 цаг гэхэд хаачихдаг байсан” гэв.

2022, 2023 оны  хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж буй АШУҮИС-ийн оюутан Ш.Анузаяагийн хувьд залуусыг суралцаж байхдаа заавал энэ хөтөлбөрт хамрагдахыг зөвлөсөн юм. Тэрбээр, “Хөтөлбөрт хамрагдсанаар олон найзтай болсон. Өдөр болгон шинэ хүмүүстэй танилцаж, ярилцаж хэлээ сайжруулах боломж олгодог. Миний хувьд энэ жил хоёр дахь жилдээ өмнө жил ирсэн газар буюу Нью-Жерси мужийн Атлантик ситид ажиллахаар ирээд байна. Өмнөх жил ирж байсан учраас хаана юу байгааг нь сайн мэддэг. Тиймээс энэ жил миний хувьд шинээр дасан зохицоно гэсэн асуудалгүй амар байгаа. Ажлын ачаалал их. Илүү мөнгө олохын тулд давхар ажил хийдэг. Зарим өдөр 3-4 цаг л унтана.

Амралтын өдөр найзуудтайгаа парк орох, хотоор аялах, хоолонд орох, шинэ соёлтой танилцах гэх мэтээр цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой.

Эхэндээ дасахгүй байсан ч нэг л мэдэхэд хамт ажилладаг найзууддаа дасаж, ажилдаа ч дассан. Гурван сар хамт ажиллаж, хамт амьдарсан найзуудаасаа салаад явна гэхээр гунигтай мэдрэмж төрүүлж басйан. Очоод хийж байсан хамгийн гоё зүйл нь бүгдээрээ ажлаа дуусгаад аялах төлөвлөгөө гаргах байсан. Ер нь сурч байх хугацаандаа заавал хамрагдах хөтөлбөр гэж боддог. Өөрийгөө нээнэ, шинэ найзуудтай болно, бие дааж сурна, аялах гэх мэт олон боломжийг олгодог" гэлээ.

Зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлж, АНУ-д суралцангаа ажиллах сонирхолтой залуус олон байгаа нь мэдээж. Тэгвэл энэ хөтөлбөрт зуучлалын үйл ажиллагаа явуулдаг "One world center" төвөөс дараах тодруулгыг авсан юм. “Албан ёсны төлөөлөгчтэй жуулчлалын компани тул бүрдүүлж өгч буй баримтууд 100 хувь баталгаатай байдаг. Гадагшаа ажиллаж, сурахаар явж буй хүмүүст бичиг баримтын баталгаа бол нэгдүгээрт тавигдах шаардлага юм. Too бус чанарыг эрхэмлэдэг тул хөтөлбөрт хамрагдаж буй оюутан тус бүрд хүрч ажилладаг. Мэдээж оюутан байх хугацаандаа АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёл иргэншилтэй танилцаж, орчинд нь хэлээ сайжруулна гэдэг хамгийн том давуу тал. Зуны амралтаа хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлж биеэ дааж сурч, олон орны найз нөхөдтэй болох гээд маш олон давуу тал бий”.

Ирэх жил уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залууст зориулан "United World" компанийн сайтаас хөтөлбөрт оролцогчдод тавих шаардлага, материал бүрдүүлэлт болон бусад мэдээллийг цуглууллаа.

"Summer Work and Travel" хөтөлбөрийг 1961 онд АНУ-ын төрийн департментаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт хамрагддаг. Монголд энэхүү хөтөлбөр нь анх 2007 оноос эхлэн хэрэгжиж, жилд 500 гаруй оюутан хамрагддаг ажээ. Харин цалин болон ажиллах цагийг хайж үзэхэд “Цагийн 9-20 ам.долларын цалинтай ажиллана. Долоо хоногт 32-40 цаг ажилладаг. Мөн тухайн ажилтны ур чадвараас хамааран илүү цаг авч ажиллах боломжтой. Илүү цаг ажилласнаар нэмэгдэл цалин авдаг. Оюутны амьдрах байрыг ажил олгогчийн зүгээс бэлдэж өгдөг ба ажиллах газартай аль болох ойролцоо байна. Түрээсийг оюутнууд хувааж төлдөг бөгөөд нэг хүнд ноогдох байрны түрээсийн үнийг урьдчилан ажлын санал дээр заасан байдаг” гэсэн мэдээлэл байв. Мөн ажиллах орчин болон цалин АНУ-н хөдөлмөрийн хуулийн дагуу байх ба ажиллах хугацаандаа Нэгдсэн улсад орлогын татвар төлдөг байна.

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА:

  • Их, дээд сургууль, коллежийн оюутан
  • 18-аас 28 нас хүртэлх
  • Англи хэлний зохих түвшний ярианы чадвартай
  • Бие даасан, дасан зохицох чадвар сайтай

МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ:

  • Англи хэл дээрх сургуулийн тодорхойлолт
  • АНУ-н визний 5х5 хэмжээтэй зураг
  • Гадаад пасспорт

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ:

  • Уг хөтөлбөрийн талаар мэдээлэлтэй байх
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө, сайтар ярилцан санхүүгийн боломжоо тооцон гэрээ байгуулах
  • Ажил олгогчийн ярилцлагад орж амжилттай тэнцэх
  • Холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн өгөх
  • Визний урилга болон бусад бичиг баримтуудаа хүлээн авах
  • АНУ-ын элчин сайдын ярилцлагад орж амжилттай тэнцэх
  • АНУ-ыг зорих

Нэг оюутан дунджаар 4,000-4,500$ зарцуулж АНУ-ыг зорьдог байна.

  • Хөтөлбөрийн төлбөр 1850$
  • АНУ-ын элчингийн ярилцлагын төлбөр 160$
  • Онгоцны тийзний төлбөр 1300-1500$
  • Анхны цалин авах хүртэлх халаасны мөнгө 500-1000$

Хөтөлбөрт оролцогчид АНУ-н дийлэнх мужуудаар ихэвчлэн жуулчлалын бүс зонхилсон хотуудад очдог ба дараах газруудад ажиллана.

  • Зочид буудал
  • Зоогийн газар
  • Амралтын газар
  • Түргэн хоолны газар
  • Хүүхдийн тоглоомын парк
  • Дэлгүүр, худалдааны газрууд гэх мэт. Ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаж бусад тусламж үйлчилгээг авах боломжтой байдаг.

Хөтөлбөрт оролцогчдын зүгээс очоод ямар ажил хийх вэ гэдэг асуултыг их асуудаг. Ерөнхийдөө бол АНУ дахь үйлчилгээний бүхий л чиглэлийн ажил олгогч эздүүдтэй хамтран ажилладаг. Дараах ажлын байруудыг санал болгоно.

  • Угтагч, ресейпшн
  • Зөөгч, хоол бэлтгэгч
  • Худалдагч, бараа тоологч, хянагч
  • Туслах тогооч, аяга таваг угаагч
  • Амралтын газруудын хянагч
  • Буудлын өрөө цэвэрлэгч
  • Паркийн ажилтан
  • Пицца зөөгч
  • Кассчин гэх мэт. Бүх зүйл гэрээний дагуу явагддаг учир хориотой ажлын төрлүүд ч бас байдаг. Тухайлбал, хүүхэд асрагч, өвчтөн асаргаа, гэрийн ажил, зуслангийн багш, нислэгийн дагалдагч, мөн оюутны аюулгүй байдалд занал хийлсэн ажлуудыг хийхийг хориглодог.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж