УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хадам аавынх нь тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, 1 сая 39 мянган төгрөг болсон нь зөв үү гэдгийг шалгуулахаар Нийгмийн даатгалын газарт хандахаас аргагүй болжээ.
Учир нь, 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэвэр итгэлцүүрээр 770 мянган төгрөг болж, нэмэгдэх ёстой байтал Ж.Чинбүрэн гишүүний хадам аавын тэтгэвэр ямар аргачлалаар бодсон болоод 550 мянгаас 1 сая 39 мянган төгрөг болж, хоёр дахин өсөв гэдэгт гишүүд ч анхаарал хандуулах болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийт тэтгэвэр авагчдын 85 хувь нь буюу 270 мянга орчим ахмадын тэтгэвэр 50 мянгаар нэмэгдэж, 550 мянга болсон. 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан ахмадынх итгэлцүүрээр 770 мянга орчим болохоор байгаа. Гэтэл Ж.Чинбүрэн гишүүний хадам аавынх 1 сая 39 мянган төгрөг болсон нь маш олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Нягтлах ёстой” гэдэг байр суурь ч илэрхийлээд авсан. Үүнээс болсон уу, эсвэл олон нийтийн шүүмжлэлтэй тулсанаас болов уу Ж.Чинбүрэн гишүүн “Тэтгэврийг зөв бодов уу, алдаа гарав уу гэдгийг шалгуулна. Эргээд албаны хүний томъёололтойгоор тайлбар гаргана” гэж мэдэгдээд буй юм.
Ахмад настнуудын тэтгэвэр долдугаар сарын 1-ээс эхлэн итгэлцүүрээр, мөн 10 хувиар нэмэгдэн, дансанд нь орсон. Энэ үед Ж.Чинбүрэн гишүүн “Сайхан бороотой зуны өглөөний мэнд. Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Өглөө босоод бөөн баяр хөөр сууж байна. Яав юу болоов гэтэл тэтгэвэр 1 сая 39 мян төгрөг болсон байна, ач зээ нартаа хишиг хүртээнэ гээд сууж байна.Улс эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулсан азай буурлууд Та бүхэн минь сэтгэл хангалуун, эрүүл саруул, #элэг_бүтэн урт удаан наслаарай!” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэсэн юм.
Эл жиргээг харсан ахмадууд "Хүргэнээ УИХ-ын сонгуульд сойж, гишүүн болгон тэтгэврээ нэмүүлэхээс" гэж ёжилж байсан юм. Гэвч жиргээ эсрэгээрээ асуудал үүсгэв бололтой.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ