Хятад, Япон, Өмнөд Солонгос хамтран ажиллахын төлөө дахин нэгдэж, "дарангуйлал, ноёрхлын дарамтыг эсэргүүцэх хэрэгтэй" гэж Хятадын топ дипломат Ван И өчигдөр мэдэгдлээ. Түүний мэдэгдэл илт АНУ-ын эсрэг чиглэсэн гэж ажиглагчид дүгнэсэн юм. АНУ нь бүс нутгийн өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг эсэргүүцэхийн тулд холбоотон Япон, Өмнөд Солонгостой илүү ойр дотно харилцаа тогтоохоор эрчимтэй ажиллаж байгаатай холбоотойгоор нөхцөл байдал хурцдаж эхэлсэн үед Ван И дээрх мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр Бээжин, Сөүл, Токиогийн тохиролцоогоор байгуулагдсан Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан форумын үеэр гурван хөршийн хамтын ажиллагааг сэргээх хүчин чармайлтын талаар хэлсэн байна. "Ван И сратегийн бие даасан байдлын мэдрэмжийг хөгжүүлж, бүс нутгийн эв нэгдэл, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хүйтэн дайны үеийн сэтгэлгээг эргүүлэн авчрахыг эсэргүүцэж, дээрэлхэх, ноёрхлын дарамтаас ангид байхыг уриаллаа" гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
Хятадын гадаад хэргийн сайд асан Ван И АНУ-ын тухай ярихаа больсон ч "бүс нутгийн гаднах зарим томоохон улс орнууд" газарзүйн ашиг хонжоо хайж, эв нэгдлийг хуваагдлаар солихыг оролдсон гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. "Хэрэв энэ чиг хандлагыг үргэлжлүүлсээр байвал гурван талт хамтын ажиллагааны жигд ахиц дэвшилд ноцтой саад учруулахаас гадна бүс нутгийн хурцадмал байдал, сөргөлдөөнийг нэмэгдүүлнэ" гэж Ван И хэлснийг онцолсон байна. Мөн тэрбээр маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх, бүс нутгийг дайнд оруулж болзошгүй үг, үйлдлийг эсэргүүцэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
Зүүн эргийн Чиндао хотод болсон арга хэмжээний үеэр Ван И Чөлөөт худалдааны бүс байгуулах яриа хэлэлцээг түргэтгэж, хөрш орнуудын худалдааг чөлөөтэй болгож, жигдрүүлэхийг уриалав.
Гэхдээ Ван И Фукушимагийн цөмийн станцын цэвэршүүлсэн усыг далайд гаргах Японы төлөвлөгөөг Бээжин эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлж, энэ нь далайн экосистем болон хүмүүсийн аюулгүй байдалд нөлөөлнө гэв. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар видео линкээр дамжуулан үг хэлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ